• Эхлэл
  • Богд хан уулын өвөр суганд амьдрагчдаас өндөр татвар авъя

Богд хан уулын өвөр суганд амьдрагчдаас өндөр татвар авъя

2019/04/30

Яагаад болохгүй гэж.  Байгалийн үзэсгэлэнт  Богд хан уулын энгэр бэл, өвөр суганд тоонотоо дугуйлсан иргэдийн дийлэнх нь тэрбумтнууд буй. Түүнээс цалингаас цалингийн хооронд аж төрдөг, орон сууцны зээлэнд арайхийж хамрагдсан дундаж давхрагынханд хүсэл байвч аль ч талаараа сачий нь хүрэхгүй юм чинь. Эгэл ард 07 га газраа Богд ханы 33 амны аль нэг хэсэгт авъя хэмээх аваас “явж хол хуц” гэх үгийг сонсох биз.  Харин халаасандаа мөнгөтэй бол дуртай газраа га, га-аар нь эзэмших эрх нээлттэй. Тэр утгаараа  боссон, босгосон барилгууд нь  хэдэн зуун саяар үнэлэгддэг байж таарна.  Тиймээс агаарын сайхныг, усны тунгалагыг нь хүртэн жаргах  баячуудаас  татвар авч яагаад болохгүй гэж.

Богд хан  бус Богд хаан уул юм билээ.  Бидний өвөг дээдэс энэхүү хайрханыг хаан адил шүтэж, ариун дагшин байлгах гэсэндээ дархалж үлдээсэн хэрэг. Гэвч бид өндөр дээдсийнхээ замаар явж чадсангүй. Хаврын хавар, намрын намарт л галдан шатааж, ан амьтдыг нь устгаж үгүй хийн  орон зайг нь  шавар тоосгоор дүүргэж байна.  Саяхныг хүртэл тодруулбал, 2000 –аад оны эхэн үе хүртэл ХААИС  өнгөрөөд л тааваараа бэлчих янзагаа дагуулсан буга,согоотой  тааралддаг байлаа. Үнэг, чонын тухайд хэдэн зуугаараа. Гэтэл одоо ганц нэг сүрэг байгаа ч юм билүү, үгүй ч юм уу, хэн мэдлээ.  Ан амьтан гэхээс илүүтэй хүн сүрэг Богд ханы 33 амыг эзэгнэх болсон. Дандаа олны танил эрхмүүд.  Төрийн өндөр дээд албан тушаалтнууд хийгээд үр садууд нь Тэдний араас хотын эрх мэдэлтнүүд, хуулийнхан, бөхчууд, урлагийн одууд гээд явж өгнө.  УИХ гишүүн А.Сүхбат гэхэд л бүхэл бүтэн амыг хашин, ах дүүгээрээ эзэгнэдэг.  Статистик тоон мэдээнд дурдсанаар, Богд ханы энгэр бэл, өвөр суганд эдүгээ  арван таван мянга гаруй өрх тоонотоо дугуйлжээ. Өчигдрийн  байдлаар  хорь гаруй хотхон маягийн барилгын суурь шил даран онгойж харлаад хэвтэж байна лээ.  Тэдгээр нүх маргааш өглөөний нартай зэрэгцэн эзэн нь тодорч  ирэх намар гэхэд шинэ  баячуудын цуваа хөвөрч эхэлнэ.  Тэдний хэнд нь ч хаан уулын асуудал хамаагүй. Түймэр орд харшийг нь хамж аваад хуйхлахчихгүй л бол  хашааныхаа  үүдэнд үүрэглэх хамгаалалтын албаны ажилтанд  найдан ажин түжин  суух.  Харин албан ёсны хамгаалагч  нь гэвэл Богд хан уулын захиргаа гэх хийж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого нь түмэнд мэдэгдэггүй, улс төрийн албан тушаалтнуудын түр орогнодог газрыг нэрлэж болох.  Хөөрхий хэдэн ой хамгаалагч,байцаагч нар нь хэрэн хэсэвч зоргоороо тэнэх аялагчидтай зууралдахаас хэтэрдэггүй байх. Дэлхийн дулаарал нэмэгдэж, агаар бохирдохын хэрээр улаанбаатарчууд ганц байгаа Хаан уулаа  ноолон өглөө,  үдэшгүй цувна.    Харамсалтай нь хүн “бэлчихийн” хэрээр хангайгаа сүйтгэн оо цаас, ариун цэврийн хэрэгсэл, ундаа усны саваа хөглөрүүлж хаячихаад бараа сураггүй  одно. Иймэрхүү дүр зургийг амралтын хоёр өдөр  Цэцээ гүний ар өвөр хормойгоос харж болохоор.  Н.Алтанхуяг  Засгийн газрыг тэргүүлж байхдаа Богд хан уулын хэд хэдэн газарт нийтийн бие засах газар, хогийн цэг байгуулсан. Гэвч цаг өнгөрөхийн хэрээр бие засах газрынх нь нүх дүүрч, хогийн сав нь эхнээсээ эвдэрч хэмхрээд дуусч   байна лээ. Өөд татах эзэнгүй юм чинь, арга ч үгүй биз. Байлаа гээд санаа оноо хэлэхээр өөдөөс төсвийн мөнгө хүрдэггүй гэх тайлбарыг Богд хан уулын захиргааны амтай болгон нь  хэлэх, гомдоллох. Тиймээс мөнгөө үрж барахаа больсон баячуудаас  татвар авъя, түүгээр нь Богд хан уулаа хамгаалъя гээд байгаа хэрэг. Тэр бүү  хэл амралтын өдрүүдээр бэлчигсэдээс ч мянган төгрөгийн татвар хураая.

Энэ насандаа хан уулыг  газрын судал бүрийг нь өтгөн шингэнээрээ бузарлаж яваа улс үр хойч, хойд насны буянаа бодон  сар бүр өрх бүр 200 мянган төгрөгийн татвар төлдөг болгочихвол яасан юм бэ. Маньтай адил өрхийн төсөвт  нөлөөллөө барьлаа гээд гоншигнох хүн байхгүй л болов уу. Тансаг байгальд тааваараа тарвалзаж байгаа баячуудаас татвар авч хаан уулаа хамгаалъя.

ЭХ СУРВАЛЖ:24BARIMT.MN 

Ч.Чулуунцэцэг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин