• Эхлэл
  • Монголчууд дайсны эрэлд

Монголчууд дайсны эрэлд

2020/03/09

Нийтлэлч Д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна. 

 

 

“Байсгээд л монголчуудаа гөвдөг, энэ ер нь сэжигтэй, эрлийз, луухаан, данжаад байж таарна” гэсэн гүтгэлэг, хардлага, доромжлолыг сөрсөн ээлжит нийтлэлээ толилуулъя. Монголын улс төр өрнөх тусам, улс төрчид нь хэдэн биенээ хэмлэх тусам, улс төр нь популизмдэх тусам, зовлонгоо тоочих тусам өлгөж аваад няцаагаад байх хүсэл бадарна. 

“Хүний мөр” хэмээх алтан үеийнхний уран сайхны кино бий. Тэр кинонд “Яасан энэрэлгүй ертөнц вэ? Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг үнэн юм. Үнэн юм. Ингэхээр яадаг хэрэг вэ? Ганцхан хар толгойгоо боддог хэрэг” гэсэн үглээ бүхий дүрс гардаг даа. Японы тагнуулч Гүрсэд (Батсайхан) тэгж үглэж байдагсан. 

Тэр үглээ л өнөөгийн Монголд ирээд наалдчихсан мэт. “Гэр хорооллын 50 мянган өрх түлш худалдан авах чадваргүй” гэх албан ёсны мэдээ явж байсан. Ганц үүгээр жишээлэхэд л бултаараа зовж тарчилж амьдарч буй мэт. Сайн сайхан, гэгээтэй үйлс байгааг хий магтаад яахав. Надаас бусад нь магтаг. 

Монгол хэлний их тайлбар тольд бичсэнээр “Хонх нь дуугарвал дамар нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг” гэдэг шиг л нэг л болж бүтэхгүй, үхээнц, арчаагүй, нэгэн хэвийн амьдрал нүдний өмнүүр жирэлзэнэ. ТВ-ийн мэдээнүүд нь нуль зовлон гуниг, бүтэлгүйтэл, ядуурал, гуйлагчлал, байгаль орчин, агаар нь сөнөж буй тухай хар мэдээ, өрөвдүүлэх сэтгэхгүй, болж бүтэхгүйн эсрэг төр-засаг нь тэмцэж буй баатарлаг үйлс... 

“Хонх нь дуугарвал дамар нь таг” гэдгийг юу гэж тайлбарласан гээч. Ажил хэргээ зохицуулж, нийлүүлж чаддаггүй, ажил хэрэг бүтэлгүйтэх гэсэн санаа гэжээ. Ерөөсөө монголын нийгмийг л хэлээд тавьчихаж. 

Бас тэрхүү их тайлбар тольд “Чихнээс хонх уях - а. Хэрэг тарьж нэр гаргах; б. Ямар нэгэн юмны тухай үргэлжлэн үглэж цөхрөөх” гэсэн мөр явж байна. Бас л монголын нийгмийн толины тусгалыг хэлээд тавьчихаж. 

Би өмнөх нэг өгүүлэлдээ “Өнөө цагийн монголчуудыг яг тухайлан очоод зовоочихсон өстөн дайсан, хорлогч, ад зэтгэр, чөтгөр шулам, харийн түрэмгийлэгч ганц ч байхгүй, ганцхан өөрсдөө өөрсдийгөө, өөрөө өөрийгөө зовоож тарчилгаж аж төрж, тэр тарчлаан дундаа жаргал зовлон хоёроо ээлжлэн эдэлж яваа” гээд биччихсэн байгаа. Ямар үнэн үг вэ гээд таашаал авсан хүн цөөнгүй. Над руу ярьж утастаж баяр хүргэж байна гээч.

Гарчгаа яагаад дайсны эрэлд гэчихсэн юм бэ? Яг үүнд л би хариулт олох гээд мучийж байна. Хэн ч дарлан зовоогоогүй байтал өөрсдөө зовчихсон, тэр зовлон нь уур хилэн, атаа жөтөө, хорсол бухимдал, гэмт хэргийг нь өөгшүүлчихсэн нийгмийн бүхэл бүтэн давхарга Монголд байна гэдэг дарьтай торхон дээр монголчууд сандайлан суугаатай адил хэмээн би ярьдаг, бүр цагдаагийн байгууллагад очиж тэгж лекцэлсэн гээ. Лекцлээч гэж дахин урьж байна лээ. 

Facebook-ээр надад ийм захиа иржээ: Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан хаагчдад хоёр цагийн хичээл орж өгөх боломж байна уу. Манай төвийн дарга нар Таны хичээлд сууж, Таниас асар үнэтэй мэдээлэл авч байсан тул нийт албан хаагчдиддаа оруулах хүсэлт гаргаад би таньтай холбогдож байна Та манай хамт олны хүсэлтийг хүлээн авч сонирхолтой сэдвээр хичээл орж өгөхийг хүсч байна, цагдаагийн хошууч тэр гэжээ.

Урилга авсан би одоо шинэ шинэ аргумент гаргаж ирээд ярина даа. “Монголын нийгмийн хамгийн том аюул хэн бэ?” гэж асуулт тавиад лекцээ босгоод ирнэ. Өмнө нь мөн ч олон газар уригдан лекцэлсэн дээ. Лекцэн дээр босч тэмцэн, намайг хөөж гаргасан, орилж хашгиралдсан ганц ч тохиолдол байхгүй, бүгд чив чимээгүй, бага зэрэг гайхсан, айдастай ч юм шиг, жихүүцэн сонсож байгааг нь би харж, бас мэдэрч байсан л даа.

“Яалт ч үгүй үнэн юм яриад байна. Одоо яах вэ?” гэсэн эргэлзээ, тээнэгэлзээ танхимыг нам гүм болгочихсон. Энэ нийгэм чинь тэсэрлээ гэж ярих тусам нээрээ тэгэх нь үү гэсэн балмагдал л байх шиг.

Монголчууд ядуурч, гуйлгачилж, өвчин тахалд нэрвэгдэж, биеэ сүйтгэж, хэдэн биенээ хэмлэж, архин далайд живж байгаадаа өөрийгөө бус өөр хэн нэгнийг буруутгах донтой. Тэгж ч хүмүүжсэн, аав ээж, ахан дүүс нь заагаад өгчихсөн, бултаараа тийм тул тэднийг шууд онилон буруутгах гээгүй. 

Таны амьдралыг сүйтгээд, Таны өмч хөрөнгө мөнгийг булаагаад, Таны ам руу чинь архи хүчээр цутгаад, Таныг албадан гэмт хэрэг хийлгүүлээд, Таны зууханд албан хүчээр хог чихэж шатаалгаад, Таны эрүүл мэндийг хор өгч алаад байгаа тэр эзнийг олоод заачих даа гэхэд л хариулт нь мөн хөгийн. Улс төрд адлагдаж яваа, хэрэг нь шүүх дээр яваа баахан нөхдийг заачихна. Тэднийг үхүүлж байж, цусыг нь үзэж байж өөрсдөө босч өндийх ухааны юм ярианы өнгөнөөс нь мэдрэгдэнэ. Үнэхээр авилгачин улс төрчид улс төрөөс тонилж, ялаа үүрэх ёстой л доо. Харин улс төрд, төрд зүтгэж байгаа бүгд 100 хувь тийм гэж хардах нь арай хэтэрнэ.

Гадаадын хөрөнгө оруулалтай, гадаад эзэдтэй баахан компаниудыг дайснаараа зарлах нь түгээмэл. Цаадуул нь ч уул уурхайн хурал болмогц гонгинож гомдсон аятай тийм ч юм хийж өгсөн, ийм ч барилга барьсан, төдөн ч доллар зарцуулсан гэх уянгын тайлангаа урсгаж өгнө. Зүрхээ зүсүүлтэл айчихсан, цөхрөл нь барагдахад тун ойртсон гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдыг би хэлж байна. Эднийг алж дээрэмд гэсэн дохио хаа нэгтэйгээс өгөхөд л нийгмийн хар масс тэмцэлд босоод ирэхэд тун ойртсон доо. 

Цөхрөл барагддаг, нэг л өдөр энэ америк, европ, канад, австрали эзэд чинь босгосон уурхай, хөрөнгө оруулалтаа зарна. Оруулсан хөрөнгөө буцааж олж авахын тулд дэлхий даяар зар тараана. Авах худалдан авагч ганц л тодорно. Цорын ганц гээд нэрлэчихье. Ёстой цөхөртлөө ухуулаад Хятадаас өөр худалдан авагчийг бид олж долоохгүй. Ингээд барууны хөрөнгө оруулагчид маань өмнөд хөршид (хойд хөрш авах санхүүгийн тэнхээгүй байна) зарчихаад нэг сайхан өглөө Монголоор дүүрэн хятад эзэдтэй уурхайнууд ярайж байх нь тэр. Уурхайн дэргэд өмчөө хамгаалуулахын тулд хамгаалалтын тусгай хүчний хятад алба ажиллана. Хилийн чанад дахь хятадын өмчийг хамгаалах тухай тусгай хуультай айл гэдгийг мартаж болохгүй. Өмч бүтээн байгуулалтаа хамгаална гээд цэрэг цагдаа хөдөлгөхөд бид буруутгах аргагүй. Авилгачин улс төрчид нь амаа үдүүлээд, мөнгөнд автаад таг болно. Эхнэр хүүхдээ хятадын зардлаар Америк руу гаргачихна. Өөрөө мөнгө өвөртлөөд таг гөлийнө.

Дээр хоёр том дайсны тухай өгүүллээ. 1) Эхнийх нь нэр муутай, шүүхийн хаалга татсан буюу татахад бэлэн болсон дотоодын улс төрчид. Тэднийг тасар татан хаяхад нийгмийн сэтгэхүй бэлтгэгдсэн. 2) Хоёр дахийг ч мөн тасар татан хаяхад тун ойртсон. Монголын саарал нийгэм энэ хоёр “дайсан”-аа саарал нийгэмдээ шингээчихээ мэднэ.

Гурав дахь (3) дайсны эрэлд гаръя. Бас л шууд бишээрмонголчуудын дайсан болчихсон. Атаархал хорсол нь тэднийг дайсанд тооцуулчихсан. Ухаантай, гэгээтэй, овсгоотой, ажилсаг, гэхдээ бизнесээ босгоод аваад явдаг дотоодын бизнес эрхлэгчдийг үзэн ядах, дайсагнах, хараах зүхэх, хардах явдал хэрээс хэтэрсэн дээ. Тэднийг тал бүрээс нь дарамтлана. Төр нь авилга нэхэж дарамтлана, өвөр хоорондоо хэдэн биенээ хэмлэж дарамтлана, доодос үзэн ядаж дарамтлана. Сайн сайхан амьдралд нь нийгмээрээ атаархана. Атаархал нь өс хонзон дээр тогтоно. Монголын саарал нийгэм эднийг саарал нийгэмдээ шингээчихээ мэднэ. Шингээд алга болчихсон хүн, гэр бүл олон байна даа.

Дөрөв дэх (4) дайсан нь хуучнаар бол хөдөлмөрийн сэхээтнүүд нэрлэгдэх бололтой. Мань мэт. Оюуны хөдөлмөрөөр сэхээрээд авсан нь нөгөө эхний бүлэг рүү орчиход тун амархан. Өмч хөрөнгө, бүтээл, хадгаламж нь бүхэлдээ ядуусын хяналтад байх ёстой гэсэн гаж сэтгэхгүй буй. Эднийг өөрсдийнхөө өрөөсөөн дугуй болгох сонирхолтой. Саарал нийгэм рүү татан оруулахын хүслэн. Ийм дөрвөн төрлийн дайсанг жагсаалаа. Өөрсдөө сэтгэ дээ! 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин