• Эхлэл
  • Хилийн дээс дамнасан хайрын алтан аргамж

Хилийн дээс дамнасан хайрын алтан аргамж

2020/12/30

Хилийн дээс дамнасан хайрын алтан аргамж

“Элчин” хэмээх үгийг хүмүүс засаг төрөөс бусад улс оронд албан ёсоор илгээсэн элч, дипломатч ажилтанд олгодог дээд зэрэглэлийн цол хэргэм талаас нь илүү ойлгодог. Харин ард түмний дунд хоёр орны хооронд, нийгмийн олон салбарт, иргэдийн харилцаанд чамлахааргүй хувь нэмрээ оруулж яваа олон мянган хүн байдгийг төдийлэн анзаардаггүй. Ийнхүү соёл урлагийн салбар дахь хоёр орны харилцаанд олон жилийн турш үр өгөөжтэй ажиллаж ирсэн хөшигний арын “нуугдмал” хүмүүсийг эрэн сурвалжилж, тэдний үйл ажиллагааг олон нийтэд таницуулах зорилгоор Солонго мэдээллийн төвийн “Дөл” студи нь “Дэргэд бий Элч” хэмээх цоо шинэ цуврал нэвтрүүлгийг бэлтгэж эхэлсэн билээ. Нэвтрүүлгийнхээ эхний дугаарт хоёр орны боловсролын салбарт, тэр дундаа бидний ирээдүй болсон хүүхдийн хүмүүжилд хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэж яваа Өвөр Монголын “MGL baby” англи хэлний сургалтын төвийн багш Соёлын Намуунтай уулзаж ярилцсан юм.

Өвөр Монголын “MGL baby” англи хэлний сургалтын төвийн багш Соёлын Намуун

Хайр дурлалд хилийн дээс гэж үгүй

Үр хүүхэд гэдэг эцэг эхийнхээ хайрын талст, үр жимс хэмээгддэг. Намууны аав ээжийн танилцсан түүх яг л кино зохиолд гардаг мэт үлгэрийн хайр дурлал байжээ. БНХАУ-ын Шиньжян нутагтай монгол залуу Соёл 1990 онд анх Монгол Улсын хилийн дээсийг алхсан гэдэг.

- Өвөө маань аавыг Монгол Улсад хүргэж өгч байсан гэдэг. Аав маань эхэндээ хятад иргэдтэй хамт валютын арилжаа хийдэг байжээ. Ээж маань Монгол Улсын Архангай аймгийн уугуул. Тухайн үед оюутан байсан ээж маань нэг өдөр эгчтэйгээ хоёул явж байснаа урагдсан хуучин юань олсон юм байна. Тэгээд нөгөө юаниа солих гэж очиход аав маань анхны харцаар ээжид дурласан гэдэг. Тухайн үед мэдээлэл холбооны технологи өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан учраас дахиж уулзаад үерхсэн гэдэг нь угаас бурхнаас заяасан хувь төөрөг л байсан байх гэж Намуунаа аав ээжийнхээ хайрын түүхийг маш хөгжилтэй ярьсан юм.

Хятад, Монгол хоёр орон түүхнээсээ нөхөрсөг хөршийн харилцаа тогтоосон хэдий ч нийгмийн олон шалтгаанаас хэсэг хугацаанд хилээ хааж байсан удаатай. 1989 онд хоёр орон найрсаг харилцаагаа сэргээж байсантай холбогдуулан бодоход Намуун аав ээжийнхээ хайр дурлалын тамга төдийгүй, хоёр орны харилцан нээлттэй төрийн бодлого, нөхөрсөг харилцааны амьд тамга болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.

Намуун аав ээжийн хамт Өрөмч хотноо авуулсан анхны гэр бүлийн зураг 

- Ээж маань намайг төрүүлэхэд аавын паспортын хугацаа дууссаны улмаас улсдаа буцаж ээжийн дэргэд байгаагүй юм байна. Тэгээд л хэзээ ирэх нь мэдэгдэхгүй аавыг ээж маань чин үнэнчээр хүлээдэг байжээ. Нэгэн өдөр галт тэрэгний буудалд таамгаар хүлээж байсан ээж маань галт тэрэгнээс бууж ирэх аавыг тосож авсан гэдэг сонирхолтой түүхийг нь сонсоход яг л үлгэр домгийн юм шиг хэрнээ бие биедээ итгэсэн тэр итгэл нь үнэхээр гайхалтай санагддаг гэж Намуун ярьсан юм. Хайр гэдэг хил хязгаарт хүлээслэгддэггүй тийм л агуу хүчтэй.

Давтаж заяасан давхар холбоо

Хоёр хүн гэр бүл болж, амьдал зохионо гэдэг хоёр ураг төрлийг холбож буй хэрэг. Ялангуяа, хил дамнасан ураг төрлийг холбоно гэдэг тухайн хоёр орны ард түмний харилцаанд бие биеийнхээ угсаа гарал, үүх түүх, соёл иргэншилтэй танилцах орон зайг нээж байдаг гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй, Шиньжян, Монголын алтан аргамж болсон Намуун маань насан туршид түших ханиа Өвөр Монголын Ордос нутгаас сонгосон нь энэхүү хил дамнасан ураг төрлийн харилцаанд давхар гогцоо зангидсан гэлтэй.

- Нөхөр маань намайг их дэмждэг. Юу ч болж байсан миний ар талд бат хамгаалаад зогсож байдаг тийм л хүн. Байнга намайг урамшуулж, хамгаалж хайрлаж байдаг нь надад маш их өмөг түшигтэй санагддаг юм. Хүний нутагт ирсэн эмэгтэй хүнд тийм хань заяана гэдэг сайхан шүү дээ гэж Намуун нөхөр Мэргэнбилэгийнхээ тухай ярихад жаргалтай хосуудыг хараад сэтгүүлч миний бие чин сэтгэлээсээ баярлаж бахархаж байсан юм.

Аз жаргалтай гэр бүл

Түүний Өвөр Монголд ирсэн түүхийг дурдахад Хятад, Монгол хоорондын боловсролын салбар дахь тэтгэлгийн төрийн бодлогыг дурдахгүй өнгөрч үл болно.

Балчир багаасаа хоёр орны хооронд хэлхээтэй мэт явж сууж ирсэн Намуун хөрш орны иргэдийн харилцаа, нийгэм, соёлын солилцоог сайжруулахын чухал чанарыг сэтгэлээсээ мэдэрсэн нэгэн. Тиймээс ч тэрээр “том болоод дипломатч хүн болно, хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулна” гэж хатуу шийдсэн гэдэг. Мөн энэ л бага насны хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэрээр их сургуулийн хаалга татахдаа хайртай урлагаасаа татгалзан, олон улсын сургуульд сурах болжээ.

Балчир бага насандаа өвөө эмээгийнхээ дэргэд Шиньжян нутагт амьдарч байсан Намуун хятад хэлээр чамгүй сайн ярьдаг байсан хэдийн ч зургаахан насандаа Монголд буцаж сургууль соёлын мөр хөөсөн учраас хятал хэл нь эрхгүй мартагдсан байв. Олон улсын харилцааны чиглэлээр ажиллах, олон хэлтэй болох багын мөрөөдөлтэй тэрээр их сургуулийн гуравдугаар курсээсээ хятад хэлээ сэргээх зорилгоор Күнзийн сургуульд давхар сурдаг болсон гэж ярихыг нь сонсоод балчир багын хүсэл мөрөөдөлдөө үнэнч чанарыг нь эрхгүй бишрэх сэтгэл төрж байсан юм.

Төгсөлтийн баяраар

Их сургуульд бизнесийн чиглэлээр суралцсан Намууны хувьд Өвөр Монголын Худалдаа, аж үйлдвэрийн их сургуулийн Бизнес менежментийн мэргэжил түүний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан магистрт сурах боломж болжээ. Шалгалтад амжилттай тэнцсэн тэрээр ийнхүү Өвөр Монголд ирж боловсрол хүртэх аянаа Аж үйлдвэрийн их сургуулиас эхэлсэн байна.

Ирээдүйг бүтээх итгэлтэй аян

Хэлтэй бол хөлтэй гэдэг. Англи хэл сайн сурсан хүний хувьд Намуун хичээлийн зав чөлөөгөөрөө Хөххот дахь хувийн сургалтын төвүүдэд англи хэлний цагийн багшаар ажиллаж цалин авдаг байсан нь мөн түүний хожим хойшдын багш болох зам мөрийнх нь эхлэл болсон байна.

- Би өөрөө жирэмсэн байхдаа л сургалтын төв ажиллуулах тухай бодлоо нөхөртөө ярьдаг байсан юм. Энэ санаа маань дан ганц өөрийнхөө төлөө биш бидний ирээдүй, хүүхдүүдийнхээ төлөө гэж бодохоор маш их урам зориг, эрч хүч орж ирдэг байсан. Анх нэг найзынхаа санал болгосноор онлайнаар англи хэл зааж эхэлсэн. Төд удалгүй хамтран ажиллах санал, хөрөнгө оруулалт ирээд энэ сургалтын төвөө энэ оноос эхлүүлээд байна гэж тэрээр танилцууллаа.

“MGL baby” сургалтын төвийн хичээлийн цагаар

“MGL baby” сургалтын төв нь хямд төлбөртэй, “Oxford”-ын системд суурилсан сургалтын материал боловсруулан ашигладаг, хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг өөрөөр нь бий болгож, чөлөөт сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилгоор түлхүү ажилладгаараа бусад олон сургалтын төвөөс онцлогтой.

- Сургалтын төвийн хүүхдүүдээ зуны амралтаар нь Монгол Улс руу зусланд явуулдаг болгоно гэж бид хэд тохирсон байгаа. Энэ оны хувьд цар тахлын улмаас хил нээгдээгүй учраас төлөвлөгөө маань хэрэгжээгүй. Гэхдээ хил удахгүй нээгдэж, бидний төлөвлөсөн ажил биелнэ гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүдээ Монголын хөдөө орон нутгаар аялуулж, монгол аж ахуйтай танилцуулан, монгол хүүхдүүдтэй найзлуулж хүүхэд насны гэгээлэг сайхан дурсамжуудыг үлдээнэ. Хоёр орны хүүхдүүд найз нөхөд болсноор бие биеийнхээ түүх соёлтой танилцаж, бүр багаасаа хөрш орныхоо тухай зөв мэдээллийг авах боломж бий болно. Тиймээс энэ үйл ажиллагаа маань гоё болно гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийдөө хүүхдүүдийн ирээдүйд хаалга, гүүр болох ажлыг хийнэ гэж бодож байгаа гэж Намуун ярьлаа.

- Улс орны хөгжил гэдэг хүүхдийн боловсролоос эхэлдэг. Хүүхдийн ирээдүй улс орны хөгжлийг тодорхойлно. Хятад, Монгол хоёр орны харилцаа асар олон жилийн үүх түүхтэй. Би өөрөө хүүхдүүдийн боловсролыг дэмжиж байна гэдэг бол иргэн хүнийхээ хувьд гоё ирээдүйг бүтээж байна гэсэн үг. Хоёр орны хүүхдүүд нэгдэж, ямар нэгэн зүйлээр бие биеийнхээ соёлыг ойлгож өсөөд ирээдүйд дэлхийн тавцанд өрсөлдөхүйц чадварлаг нэгэн болох боломжийг олгож байна шүү дээ. Дэлхийн зургаан хүн тутмын нэг нь хятадаар ярьдаг гэж бодохоор монгол хүүхдүүд маань ч хятад хэл сурах, хятад улсыг ойлгож таних хэрэгтэй болж байна. Тийм ч учраас хоёр орны хүүхдүүд маань хамтран, найз болоод хоорондоо соёл иргэншил, мэдлэг боловсролоо солилцсоноор хоёр орны найрсаг харилцаанд түлхэц болж чадна гэж би өөрийнхөө хувьд ойлгож байна гэж ярих Намууны яриа бидний ярилцлагын сэдвийг маш сайхан дүгнэж, түүний ирээдүйн эрхэм зорилгыг бүрэн тодруулж байсан билээ.

Хүүхдийн ирээдүй гэгээн саруул байж, хоёр орны харилцаа улам найрсаг болтугай.

Аавын хайртай охид

Намууны аав ээж Бээжин хотноо

ЭХ СУРВАЛЖ:solongonews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин