Сонголтгүй сонголт

2017/02/22

Сэтгүүлч Б.Баяртогтохын эдийн засгийн нийтлэлийг хүргэж байна

Төсвийн шинэ дэг журам тогтоно

Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үндсэн хэрэгсэл нь мөнгө, төсвийн бодлого гэж үздэг. Мөнгөний бодлогын “автор” нь төв банк бол төсвийн бодлого Засгийн газраар овоглодог. Эдгээр бодлогыг эцсийн хувилбараар тодорхойлогч нь УИХ. Өөрөөр хэлбэл, мөнгө, төсвийн бодлогыг төсөл байхад нь өлгийдөн авч, төрийн хууль болгодог газар нь парламент. УИХ- ын ээлжит бус чуулганаар ирэх сард төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Олон улсын валютын сантай Засгийн газар хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр хоёр талын Ажлын хэсэг нэгдсэн тохиролцоонд хүрээд байгаа. Энэхүү хэлэлцээрийг албажуулах эцсийн шийдвэр ирэх сард гарах юм.

Тодруулбал, 2017 оны төсөвт УИХ тодотгол хийж, зардлаа танах зарчмаар өндөр алдагдлаа бууруулах ёстой. Ингэснээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэлэлцээрийн урьдач нөхцөлийг дүгнэж, хөтөлбөр хэрэгжүүлэх,эсэхээ шийднэ. Манай улсын хувьд зарлага нь орлогоосоо сүүлийн жилүүдэд үргэлж илүү гарч ирсэн төсвөө ОУВС-гийн Захирлуудын сангийн хурлаас өмнө тодотгох үүрэг авсан. Энэ дагуу Сангийн яам төсвийн тодотголыг боловсруулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, сонголтгүй сонголтын өмнө төсөв ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг сайжруулахаас гадна орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгохоор зурагласан. Тэрчлэн төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулахаар төлөвлөж буй. Ингэснээр төсвийн тогтвортой байдлыг хангана гэж ОУВС-гийн Ажлын хэсэг үзэж байна. Эдийн засгийн хүндрэлийг үүсгэж буй “хорт хавдар”-ын нэг нь төсвийн алдагдал. Эрсдэлийн хэмжээнд тулчихсан байгаа алдагдлыг богино хугацаанд нэн даруй шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа нь энэ.

Сүүлийн хэдэн жилийн турш мөчлөг дагасан, төсвийн тэлсэн бодлого явуулснаас улсын төсөв хүндэрч, байнгын алдагдалтай явж ирсэн. Энэ нь төсөв сахилга батгүй болж, их хэмжээний өр үйлдвэрлэсэн гэсэн үг. Ялангуяа, сонгуулийн жилийн төсвийн алдагдал огцом нэмэгдсэж ирсэн. Өрх айлаар аваад үзвэл, манай улс өрөө төлж дийлэхгүй, хоосон хоноход хүрээд байна. Дэлхийн банкны тодорхойлолтоор, Хөгжлийн банкны санхүүжилтийг оруулж тооцсон нэгдсэн төсвийн алдагдал 2015 онд найман хувь байсан бол өнгөрсөн онд 19 хувьд хүрч, огцом өссөн. Төсвийн алдагдал энэ онд 14.2 хувьтай байна гэсэн тооцооллыг ОУВС хийжээ. Энэ нь төсвийн тодотголын үр дүнд хүрэх цэг.

Сонгуулийн амлалтын уршиг нэг талаар төсвийн өрийг зузаалж, хөгжлийн олон боломжийг үгүйсгэсэн нь бий. Намар болгон эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хаа сайгүй ховордсон. Үүнийг хангах хэмжээний мөнгөөр оновчгүй, гал унтраах төдий амлалтыг тэтгэсэн нь цөөнгүй. Төсвийн алдагдал өнгөрсөн хугацаанд огцом нэмэгдсэн нь олон улсын эрх бүхий байгууллагаас манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад багагүй нөлөө үзүүлсэн. Тиймээс гадаад өр, зээлийн эргэн төлөлтийн хугацаа ойртсон нь төсвийн алдагдлаа хумих буюу санхүүгийн сахилга батаа чангатгах шаардлагатай болгож байна.

Төсвийн алдагдлыг хазаарлахгүй бол хүндрэл цаашид улам гүнзгийрэх бодит эрсдэл бий. Үүнийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зүгээс өмнө нь анхааруулж байсан удаатай. ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд ам.долларын ханш тогтворжиж, ханшийн үүсч болзошгүй эрсдэл агших юм. Гол нь төсөв санхүүгийн дэг журам тогтоно. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөн дүнгээс илүү чухал болохыг зарим эдийн засагч онцолж байна. Хямралаас сургамж авах нь чухал. Тэр тусмаа алдаагаа давтах учиргүй. Харамсалтай нь төсвийн орлого өсөх хэрээр зардал тэлж, хөрөнгө оруулалтын чанартай ажлууд саатсан нь их.

Төсвийн сахилга батгүй улс оронд мөнгө тогтохгүй. Хөрөнгө оруулалтын үр ашиг ч дорвитой гарахгүй. Үүнийг гэрчлэх бодит жишээ нь Монгол Улс болж байгаа нь үнэн. Төсвийн өндөр алдагдал нь өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд улсын өрийг огцом нэмэгдүүлж, урьдын нөхцөл яг хэвээрээ үргэлжилсэн. Үр дүнд нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өр 66 хувьд хүрч, сүүлийн таван жилд дунджаар гурав дахин өссөн. Үрэлгэн төсвийн балаг өнөөдрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

ОУВС-гийн санал болгож буй нөхцөл хатуу ч ашиг тус нь их

Манай улс хөрөнгө оруулалт, уул уурхайн нөөц баялагтаа тулгуурлан хөгжих нь үнэн юм бол гадаад зах зээлээс ам.доллар татахын тулд дэлхийн стандартад нийцсэн төсөв, санхүүгийн дүрэм журамтай байх ёстой. Үүнийг нутагшуулахад ОУВС-гийн санал болгож буй нөхцөл хатуу ч ашиг тус нь их. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эм хэдий уухад гашуун ч өвчин эдгээхэд тустай. Үүнтэй адил ОУВС- гийн хөтөлбөрийн зарим нөхцөл хатуу ч эдийн засаг сэргэх, улмаар өсөхөд хөрс суурь болно” хэмээн тэмдэглэсэн юм. Санхүүгийн сахилга батгүй, дэг журамгүй улсад ямар ч хөрөнгө оруулагч, хандвилагч орон, донор байгууллага зээл, тусламж олгохыг хүсэхгүй. Зэс, нүүрсний экспортын зах зээлийн үнэ сэргэж эхэлсэн ч бид одоогийнх шиг хэнэггүй загнавал улсаараа дампуурахад ойрхон байна. Тиймээс зөвхөн өнөөдрөө бус маргаашаа бодох цаг иржээ.

Төсөвт тодотгол хийснээр ОУВС-гийн хөтөлбөр урагшилна. Хэвтэрт орсон эдийн засгаа эмчлэх “эрх”-ийг УИХ Засгийн газарт өгч байж 440 сая ам.долларын тов тодорно. Гэхдээ тодотголын үр дүнд төсвийн алдагдал буурах учиртай. Ингэснээр 2019 он гэхэд алдагдлын хэмжээ 10 хувь руу ойртох ОУВС-гийн суурь тооцоолол биелэлээ олох юм. Эдийн засаг дунд хугацаанд сэргэх, эсэх нь УИХ-аас хамаарна. Тэдний олонх нь төсвийн тодотголыг дэмжихгүй бол өрийн дарамт манай улсыг нөмөрч авахад ойрхон байна. Хэрэв Засгийн газар УИХ-аасаа дэмжлэг авч чадахгүй бол одоогийн нөхцөл байдал улам доройтох эрсдэл бий.

Сэтгүүлч Б.Баяртогтох 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин