• Эхлэл
  • “Эрдэнэт”-д хийсэн шалгалт:Бүтцийг өөрчлөх шаардлагатай

“Эрдэнэт”-д хийсэн шалгалт:Бүтцийг өөрчлөх шаардлагатай

2017/03/16

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага” сэдэвт өдөрлөгийг  ирэх сарын 7-8-нд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өчигдөр тус газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнээс “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шалгалтын дүн болон бусад асуудлаар дараах асуултад хариулт авлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрт хийсэн хамтарсан шалгалтын дүн гарсан. Ажлын хэсэг хэчнээн хоногийн хугацаатай,  хэдэн чиглэлээр шалгалт явуулсан талаар мэдээлэл өгнө үү?
-Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  “Эрдэнэт” үйлдвэрт  22 хоногийн турш хамтарсан шалгалт хийгээд   өнгөрсөн сард дууссан. Энэ хугацаанд олон байцаагч, олон өдөр тал бүрээс нь шалгаж ажилласан дүнгээ нэгтгэж байна. Нөгөө талаар Сангийн яамнаас нэгдсэн дүнгээ ирүүлээгүй байна. Тэндээс үндсэндээ тоо, санхүү талын мэдээллийг ирүүлэх юм. Энэ удаагийн  шалгалтыг цэвэр үйл ажиллагааны хүрээнд хийсэн. Түүнээс 49 хувийн худалдан авалттай ямар нэг байдлаар холбоогүйг онцолъё. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа хэвийн байна уу, худалдан авалт нь ямар төвшинд байна, санхүү, мөнгөнд асуудал байна уу, цаашдаа хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ, төсөв төлөвлөгөө нь ямар байгаа  зэргийг шалгасан. Ингэхдээ  “Эрдэнэт” үйлдвэрийн сүүлийн нэг жилийн үйл ажиллагааг нарийвчилж  шалгасан гэж ойлгож болно. Сангийн яамнаас мэдээллээ ирүүлсний дараа Төрийн өмчийн хурлаар оруулж байж  Засгийн газарт танилцуулах юм. Ингэснээр олон нийтэд ил тод болно. 
-Та эхний ээлжид томоохон зөрчил дутагдлаас нь дурдаж болох уу?
-Нэгдүгээрт, тус үйлдвэрийн удирдлага, бүтцийг яаралтай өөрчлөх хэрэгтэй  байна. Өн­гөрсөн оны зургаадугаар сарын 27-нд 49 хувийг худалдсантай холбоотойгоор олон жил тогтсон удирдлага, бүтцийг болон ажил үүргийн хуваарийг эвдсэн  хүндрэл гарчээ. Тиймээс энэ байдлыг өөрчлөх шаардлагатай гэсэн урьдчилсан дүгнэлтийг бид хийгээд байна. Тодруулбал, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, худалдан авалт зэргийг нэг дор төвлөрүүлчихсэн байх жишээтэй. Ийм байж  болохгүй. Тиймээс  Орос, Монголын хооронд харилцан ойлголцоод олон жилийн турш тогтвортой  ажиллаж ирсэн  бүтцэд нь буцааж оруулах шаардлагатай. Хоёрдугаарт, ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, компанийн хуулиар  гүйцэтгэх удирдлага нэг төгрөгөөс хэдэн зуун тэрбум ч байсан хариуцах үүрэгтэй. Эрхээ шилжүүлж болно, гэхдээ 100-500 саяын дотор бол захирал гарын үсэг зурдаг, 500 саяас дээш бол ерөнхий захирал зурдаг зарчим гаргачихсан байна. Энэ бол байж боломгүй асуудал. Ялангуяа шинэ захирал  өмнө нь тогтоосон жишгээр ажиллах боломжгүй. Энэ тушаал  хуучин захирлын хийсэн зүйл учраас өөрчлөх хэрэгтэй. Ер нь санхүү, гарын үсэгтэй холбоотой ямар ч асуудлыг компанийн захирал л хариуцах учиртай. Гэтэл үүнд алдаатай  бодлого үйлчилж байгаа учраас засах шаардлага үүссэн байна. Гуравдугаарт, худалдан авалтын гэрээг ил тод болгохгүй бол нэлээд хэл амтай байна. Тухайлбал, худалдан авалтын тендер, ажиллагааг ил тод болгох талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай нь шалгалтаар илэрсэн. Энэ бол урьдчилсан дүгнэлт. Нарийвчилсан тоон мэдээлэл болон бусад  зөрчлийн талаар нэгдсэн дүн гарсны дараа тодорхой тайлбар авах боломжтой.  

-Нэгдсэн дүн энэ сардаа багтаж гарах уу?
-Сангийн яамнаас  хамаарч байна. Гэхдээ  энэ сардаа дүнгээ нэгтгэчих байх.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг хүчингүй болгох шийдвэрийг УИХ-аас гаргасан.  Харин шийдвэрийг нь яг хэрэгжүүлж байгаа юм уу.  49 хувь одоо аль талын мэдэлд байна вэ?
-Шийдвэрийг УИХ-аас гар­гасан. Гэхдээ үүнтэй холбоо­той­гоор Ерөнхий сайдын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдсан. Үүний дараа ажлын дэд хэсгээс салбарласан буюу ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Эдгээр ажлын хэсэг дээр мэдээллүүд яваа учраас УИХ-ын шийдвэрийг арай хэрэгжүүлж эхлээгүй гэж ойлгоход болно. Учир нь  нэгдүгээрт, Цагаан сар таарснаар арваад хоног алдсан, залгуулаад Мартын 8 таарсан. Цаашлаад Сангийн яаман дээр багагүй ачаалал бий. ОУВС, төсвийн тодотгол гэх мэтээр ажил нь их байгаа учраас ачаалалтай байх шиг байна. Цаашдаа  ажлын хэсгүүд  дүгнэлтээ гаргаад УИХ-ын шийдвэрийг  хэрэгжүүлж таарна. 

-Төрийн өмчит компанийн удирдлагуудыг сургалтад хамруулна гэж байна.  Ямар зорилгоор хамруулах вэ. Магадгүй төвшин тогтоох зорилготой гэж ойлголоо?
-Сургалтад зөвхөн захир­луудыг  хамруулахгүй. Бид ч гэсэн  хичээл заалгаж байгаа. Үүнийг захирал гэхээсээ илүү удирдлагын баг гэж ойлгох хэрэгтэй.  Шатлаад хичээл заая гэж байгаа юм. Удирдлагын академи, төрийн албаны зөвлөл  гэх тал бүрийн оролцоотойгоор удирдлагын багт хичээл заана. Ингээд ирэх арав, арваннэгдүгээр сард төрийн өмчит компаниудын удирдлагын багийнхнаас эргээд шалгалт авах юм.  Энэ нь мэдээж төрийн өмчит компанийн удирдлагуудыг чадавхжуулах үндсэн зорилготой. Цаашлаад  шалгалт авч бай­гаа нь эргээд тухайн  дарга нарт хариуцлага тооцох нэг үндэслэл болж магадгүй учраас сургалтдаа идэвхтэй хамрагдах шаардлагатай. 

-Энэ онд  төрийн өмчит хэчнээн аж ахуйн нэгжийг хувьчлахаар байна вэ.  Хувьчлалаас хэчнээн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бол?
-Хувьчлах аж ахуйн нэг­жүүдийн жагсаалтыг хуулиар баталсан. Тухайлбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, “Оргил” рашаан сувилал, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ, “Монгол шуудан”, Цахилгааны холбооны тодорхой хувь гэх мэтийг нэрлэе. Гэхдээ энд томоохноос нь дурдлаа. Бидний зүгээс 2017-2020 оны өмч хувьчлалын жагсаалтыг Засгийн газарт оруулсан ч буцаасан.  Ингэснээр нийгмийн уур амьсгал болон зайлшгүй шаардлагын үүднээс зарим өөрчлөлтийг хийсэн. Засгийн газарт удахгүй саналаа дахин оруулна. Гэхдээ хагас жил болтол  тус бүртээ ажлын хэсэг ажилладаг. Дээрээс нь  арваад жижиг аж ахуйн нэгж бий. Үүний дараагаар томоохон хувьчлал руу орно. Төрийн банк, Хөрөнгийн  биржийг хувьчлах ажлын  хэсгийг Сангийн яам ахална, манайх бол оролцогч тал. Дээр дурдсан бусад аж ахуйн нэгжийн тухайд манайх зохион байгуулагч тал байх юм. Эдгээр хувьчлалаас 160 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж төсөвт тусгасан. 

-Төрийн өмчит компанийн захирлууд төдийгүй ТУЗ-ийн гишүүд хэт өндөр цалинтай гэх шүүмжлэл тасардаггүй. Үүнтэй холбоотойгоор компанийн удирдлагуудын цалинд өөрчлөлт оруулсан гэсэн. Тухайлбал, ямар арга хэмжээ авсан бэ?
-Компанийн захирлуудтай хариуцлага тооцох, цалин хөлсийг, ТУЗ-ийн урамшууллыг бууруулах талаар Засгийн газраас наймдугаар сард тогтоол гаргасан. Энэ тогтоолын хүрээнд маш сайн арга хэмжээ авсан гэж ойлгож болно. Тухайлбал, төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувиар бууруулсан. Түүнчлэн захирлуудтай  дээд тал нь нэг жилийн хугацаанд үр дүнгийн гэрээ хийж байна. Өмнө нь 3-4 жил захирлаар ажиллачихдаг хүн олон байсан. Одоо бол зургаан сараас нэг жилийн хооронд гэрээ байгуулна. Ингэхдээ эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулах, өр авлагаа барагдуулах талаар ажил хий, ингэхгүй бол таны гэрээг сунгахгүй гэж байгаа юм. Олон жилээр гэрээ байгуулсан хүмүүстэй хариуцлага ярьж болдоггүй учраас гэрээгээр шахаж байгаа юм. ТУЗ-ийн цалингийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 480-аас дээш  мянган төгрөгийн цалинтай хүн гэж байхгүй болсон.  Өмнө нь дандаа үүнээс дээгүүр байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн ТУЗ-ийн гишүүдтэй  бид хариуцлага ярьж эхэлсэн. Тухайлбал, ТУЗ-ийн гишүүн болсон атлаа ажилдаа ирдэггүй, оролцохгүй байгаа 8-9 хүнийг чөлөөлчихөөд байна. Захирлуудад ч бас шаардлага тавьж  эхэлсэн. 

-Төрийн өмчит компаниудын өр 10 тэрбум давчихсан нь шалгалтаар ил болсон.  Энэ байдалд өөрчлөлт орсон  уу?
-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр нийлээд 10.8 тэрбумд хүрчихсэн байсан.  Үүнд нийгмийн даатгал, татвар, урт болон богино хугацааны зээл, арилжааны  банк, хувь хүн, байгууллага хоорондын зээл нийлүүлж тооцсон дүн л дээ. Өнөөдрийн байдлаар энэ байдал сайжирсан. 2015 онд 30 орчим компани л ашигтай ажиллаж байсан бол  2016 онд  70 орчим компанид ашигтай ажиллах үүрэг өгсөн.  Ингэхгүй бол удирдлагатай нь хариуцлага тооцох үүрэг өгчихсөн. Тухайлбал, 2015 онд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан “Монгол шуудан” компани  2016 онд тэрбум нэг зуун мянган төгрөгийн ашигтай ажилласан. ТОСК 350 тэрбумын өртэй байсан бол 110 орчим тэрбум төгрөгийг өнгөрсөн зургаан сард барагдуулсан. Энэ жилдээ багтаад дахин 100 тэрбумын өр барагдуулахын төлөө ажиллаж байгаагаа хэлсэн. Ер нь компани бүрт удирдлага, менежмент хийж байна. Ингэснээр жишээ нь МИАТ  таван тэрбумын ашигтай ажиллаж байсан бол 2016 онд 11 тэрбумын ашигтай ажилласан. Гэхдээ нэг зүйлийг уриалмаар байна. Иргэд, төрийн болон төсөвт байгууллагууд, улсын мөнгөөр гадагшаа зорчиж буй хэн бүхэн үндэсний МИАТ компаниараа  зорчооч гэж байгаа юм. Иргэд, төрийн байгууллагууд үндэсний компаниа нийтээрээ дэмжих хэрэгтэй байна.  Харин зардал хэмнэх тухайд 2017 оны зорилтот төвшин дээр төрийн өмчит компаниудаас оруулж ирсэн шинээр машин, ширээ сандал, компьютер худалдан авах зардлыг хасахад 8.5 тэрбумыг хэмнэчихэж байгаа юм. Тиймээс төрийн өмчит компаниудын хувьд шинээр худалдан авалт хийхгүй гэсэн үг. Харин авсан хүн байвал тухайн хүн мөнгийг нь өөрөө төлөх ёстой. 

-Орон нутгийн өмчит компаниудад хийсэн шалгалтаар 60 хувь нь алдагдалтай ажиллаж байна гэх дүгнэлт гарчээ. Юунаас шалтгаалаад ийм алдагдалтай гарав, цаашид эдгээр компанид ямар арга  хэмжээ авах вэ?
-Орон нутгийн 210  компани байна, манай харьяаных биш.  Гэхдээ УИХ-аас даалгавар өгснөөр орон нутгийн өмчийн компаниудад бид шалгалт хийж, нэгдсэн дүгнэлт гаргасан. Орон нутгийн компаниудын 60 орчим хувь нь алдагдалтай байна. Цаашлаад бидний тооцоолсноор 30 орчмыг нь татан буулгах шаардлагатай. Ямар ч  шаардлагагүйгээр орон нутгийн өмчит компани байгуулдаг, төсвөөс татаас ч хүртээдэг.  Гэтэл бодит байдалд хэдэн хүнийг ажилтай байлгахын тулд үйл ажиллагаа явуулж буй компани олон байна.  Бид энэ талаарх мэдээллийг Засгийн газарт энэ долоо хоногт танилцуулна. 

-ОХУ дахь манай улсын Элчин сайдын яамны  байрыг түрээслэдэг нь тодорхой  болсон. Гэтэл тэнд нь хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор асуухад Оросынх шиг өөр оронд  өмчлөлийн байраа түрээсэлсэн тохиолдол байгаа юу?
-ОХУ-ын Элчин сайдын яамны байранд асуудал байгаа. Нэгдүгээрт, 2007-2009 онд Элчин сайдын яаманд ажиллаж байсан хүмүүс алдаа хийчихсэн юм билээ.  Өөрөөр хэлбэл, гаднынхан хөрөнгө оруулсан, гэтэл хэдий хэмжээний хөрөнгийг хэдэн жилд оруулах, яаж суутган тооцох гэх мэтээр гэрээ хийгээгүйгээс болоод ийм асуудал үүссэн юм билээ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг төрийн өмчид оруулахдаа зөвшөөрөл авах ёстой ч аваагүй. Гуравдугаарт, дипломат статустай барилгад аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх олггосон нь буруу. Энэ байдалд бидэнд том сургамж болсон.  Цаашдаа томилогдож очсон хүмүүс хуулийн хүрээнд ажиллахыг хүссэн бичгийг  бид ГХЯ-нд хүргүүлсэн.  Хөрөнгө, мөнгөний бүртгэлийг манайх хийдэг. Өнөөдрийн байдлаар Элчин сайд, дипломат байгууллага, консулын 44 барилга байдгаас 22 нь өмчтэй. Гэхдээ доторх үйл ажиллагаанд нь оролцоогүй. Бээжин, Болгар дахь хөрөнгийн маргаантай барилгын асуудлыг ойрын үед цэгцэлнэ.  

ЭХ СУРВАЛЖ:http://www.abliga.mn/

М.ӨНӨРЖАРГАЛ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин