• Эхлэл
  • Грекээс илгээсэн захидал дэлбэрчээ

Грекээс илгээсэн захидал дэлбэрчээ

2017/03/17

Олон улсын Валютын сангийн /ОУВС/ Парис дахь оффисийн хаягаар ирсэн нэгэн захидлыг задлах үед дэлбэрсэн хэрэг өчигдөр /2017.03.16/ гарлаа.

Оффисийн ажилтан захидлыг нээх үед дэлбэрч, уг ажилтны гар, нүүр гэмтсэн бөгөөд тэр даруй ажилтнуудыг байрнаас яаралтай гаргажээ.

Лхагва гаригт Германы Сангийн сайд Вольфанг Шауэбл-д илгээсэн захидал мөн дэлбэрэх бодистой байсныг илрүүлсэн юм. Энэ хоёр захиаг Грек улсаас илгээсэн байжээ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нэг өдрийн зайтай ижил хэрэг гарч байгаа нь тохиолдлын явдал биш гэдгийг онцолсон байна. “Бид энэ хэргийн учир шалтгааныг олохыг хичээж байна” хэмээн Олланд хэвлэлд ярьжээ.

ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард энэ үйлдлийг “хүчирхийллийн хулчгар хэлбэр” хэмээн нэрлээд Францын зохих албаныхантай хэргийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Грекийн хэт барууны Conspiracy of Fire Cells бүлэглэл энэ хэргийн хариуцлагыг өөртөө хүлээжээ. Грекийн Дотоодын хэв журмын дэд сайд Никос Тоскас өчигдөр телевизийн ярилцлагад орох үеэрээ уг захидал Грекийн сөрөг хүчний Шинэ Ардчилсан намын гишүүн Вассилис Кикилиасын нэртэйгээр илгээгдсэн болохыг хэлсэн байна. Харин буцах хаяг нь одоо ашиглагдахаа больсон хуучин хаяг байжээ.

Германы сайд Вольфанг Шауэбл-д илгээсэн захидлын эзэн нь мөн Шинэ Ардчилсан намын дэд тэргүүн Адонис Георгиадис байжээ. Энэ захидлыг шуудангийн салбар дээр илрүүлэн цагдаагийн тусламжтайгаар аюулгүй болгосон ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин