• Эхлэл
  • Бодлогын хүүг 14 хувь хэвээр байлгахаар шийдвэрлэлээ

Бодлогын хүүг 14 хувь хэвээр байлгахаар шийдвэрлэлээ

2017/03/20

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл гуравдугаар сарын 17-нд хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Монголбанк өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд 10,5 хувь байсан бодлогын хүүг түүхэндээ байгаагүй өндөр хувиар өсгөж 15 хувь болгосон. Энэ нь төгрөгийн ханшны огцом өөрчлөлтийн эсрэг авсан арга хэмжээ бөгөөд мөн оны арванхоёрдугаар сарын 19-нд валютын ханш харьцангуй тогтворжих шинжтэй байгаа учраас нэг пунктээр бууруулан 14 хувь болгосон билээ. /Мэдээллийг эндээс уншина уу. Бодлогын хүүг бууруулж, 14 хувь болголоо/

Тэгвэл энэ удаад буюу гуравдугаар сарын 17-ны Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдаанаар дээрх 14 хувийг хэвээр хадгалахаар болсон байна. Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг хүргэж байна.

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай

Дугаар: 2017/01

Мөрдөх огноо: 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа хэдий ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна.

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа.

Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байна. УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэж Монголбанкнаас мэдээлэв. 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Бодлогын хүүг бууруулж, 14 хувь болголоо


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин