• Эхлэл
  • Таван удаа зүрхээ солиулсан Девид Рокфеллер 101 насандаа таалал төгслөө

Таван удаа зүрхээ солиулсан Девид Рокфеллер 101 насандаа таалал төгслөө

2017/03/22

Америкийн тэрбумтан, сайн үйлстэн Девид Рокфеллер 101 насандаа таалал төгссөн тухай Рокфеллерийн гэр бүлийн төлөөлөгч  2017.03.21-нд мэдэгдлээ.

"Стандарт Ойл"-ыг үүсгэн байгуулагчдын нэг Жонн Рокфеллерийн ач нараас цорын ганц амьд үлдсэн залгамжлагч тэрээр гэр бүлийн бизнес болон буяны үйл ажиллагааг удирдан явуулдаг байжээ.

Стандарт Ойл компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн анхны долларын тэрбумтан Жонн Рокфеллерийн удмынхан Америкийн хамгийн баян төдийгүй хамгийн хүчирхэг хүмүүс болжээ.

Рокфеллерийн гэр бүл Америкийн иргэний дайнаас хойш хөрөнгө хуримтлуулж байгаа бөгөөд тэднийг тухайн үед зарим нь хүний үнэргүй, ичгүүр сонжуургүй гэж харааж байхад зарим нь Америк мөрөөдлийг жинхэнэ утгаар нь биелүүлсэн гэж биширдэг.

Девид Рокфеллерийн хувьд улс төрд биечлэн оролцож байгаагүй ч хоёр ах нь Засгийн газарт ажиллаж байсан. Тэрээр 1936 онд Харвардын их сургууль төгсөж, 1940 онд Чикагогийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэргээ хамгаалжээ.

Сувдан эргийг Япончууд бөмбөгдсөнөөс таван сарын дараа Девид Рокфеллер Нэгдсэн улсын Армид бүртгүүлж Хойд Африк болон Францад алба хаагаад 1945 он хүртэл ахмад цолтойгоор алба хаасан.
 
Дэлхийн хоёрдугаар дайнд биеэрээ оролцсон Рокфеллер 1946 онд буюу эх орондоо эргэж ирээд нэг жилийн дараа Chase National Bank-д мэргэжлийн дагуу ажиллаж эхэлжээ. Харин зургаан жилийн дараа гэхэд банкныхаа дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг болж 1955 онд Chase National банкыг Манхеттений банктай нэгтгэх ажлыг гардан зохион байгуулж 1969 онд банкны гүйцэтгэх захирал болсон юм.
 
Удмынхныхаа, ялангуяа өвөг эцэг Жонн Девидсон Рокфеллерийн адилаар тэрээр анагаах ухаан, шинжлэх ухаан, боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулж байсан. Тухайлбал, тэрээр Харвардын их сургуульд 2008 онд 100 сая ам. долларын хандив өргөж байсан юм.
 
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хамгийн олон зүрхний мэс засалд орсон хүн магадгүй Девид Рокфеллер байх. Зүрх солих хагалгаа тус бүр дунджаар нэг сая ам. доллартой тэнцдэг төдийгүй донор олдох магадлал багатай. Мөн хагалгаа хийлгэсэн эрчүүдийн 73,2 хувь нь л таван жил хүртэл амьдрах магадлалтай байдаг. Иймээс жилд ердөө 5000 хүрэхгүй хүн ийм хагалгаанд ордог. Дэвид 1976 онд автомашины осолд орж зүрхний шигдээстэй болсноор анх зүрхээ солиулж, түүнээс хойш таван удаа, тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард зүрхээ солиулсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин