• Эхлэл
  • Нидерландад шар чичрэг өвчин илэрчээ

Нидерландад шар чичрэг өвчин илэрчээ

2017/03/23

Нидерланд улсын Орчин болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс шар чичрэгийн тохиолдол бүртгэгдсэн талаар 2017 оны гуравдугаар сарын 9-нд мэдээлжээ. Үүнд 2017 оны хоёрдугаар сарын дундаас гуравдугаар сарын эхэн хүртэл Суринам улсад зорчоод ирсэн Герман улсын иргэн халдвар авсан юм байна. Тэрээр Суринам улсад зорчихдоо шар чичрэгийн вакцинд хамрагдаагүй байжээ.

Түүний биенд Суринам улсаас буцахаас 2 хоногийн өмнө өндөр халуурч, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байсан бөгөөд Нидерланд улсад буцаж ирснийхээ дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 9-нд лабораториор шар чичрэгийн тохиолдол болох нь батлагдсан байна.

Суринам улс нь шар чичрэгийн эрсдэлтэй бүс нутаг бөгөөд тус улс руу зорчиж байгаа хүмүүс шар чичрэгийн вакцинд заавал хамрагдсан байх шаардлагатай байдаг. ДЭМБ-аас 9 сараас дээш насны хүмүүс шар чичрэгийн вакцинд хамрагдсан байх шаардлагатай гэж зөвлөдөг.

Энэ тохиолдол нь 1972 оноос хойш Суринам улсаас мэдээлэгдсэн шар чичрэгийн анхны тохиолдол аж.

Шар чичрэг өвчин нь шумуулнаас хүнд дамждаг халдварт өвчин бөгөөд үхэлд хүргэх аюултай юм.  

Шар чичрэг өвчин нь

-Шумуулнаас хүнд дамждаг вирусээр үүсгэгддэг

-Оношлоход төвөгтэй ба өөр бусад өвчин эмгэгтэй андуурах тохиолдол элбэг байдаг

-Халуурах, бүх биеийн булчин, нуруу өвдөх, толгой өвдөх, дагжин чичрэх, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илрэх өвчний эхний үе шатныхаа дараа ихэнх хүмүүс бүрэн эдгэдэг

-Шар чичрэг өвчин туссан иргэдийн 15 хувь орчим нь өвчний хоёр дахь үе шат болох өндөр халуурах, шарлах, цус алдах, бөөрний үйл ажиллагаа доголдох зэрэг хүнд үе шат руу шилжиж, өвчин нь хүндэрдэг

-Өвчин нь дээрх хүнд, “хортой” үе шатанд шилжсэн иргэдийн тал хувь нь 10-14 хоногийн дотор нас  бардаг аж

Энэ оны эхээр Бразил улсад шар чичрэг өвчний дэгдэж, өвчний 70 тохиолдол бүртгэгдсэнээс 40 хүн нас барсан байна. 

Шар чичрэг өвчний тохиолдол бүртгэгдсэн газар луу аялах гэж буй иргэдийг тус өвчний эсрэг вакциныг багадаа 10 хоногийн өмнө тариулсан байх хэрэгтэй хэмээн зөвлөж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин