• Эхлэл
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид: уяач, жудочин хийгээд фен шуй ноён

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид: уяач, жудочин хийгээд фен шуй ноён

2017/06/23

Улаанбаатар (AFP – Agence France Presse) – Уяач, жудочин хийгээд фен шуй ноёнтон ирэх даваа гаригт болох (6-р сарын 26) Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нүүр тулна.

Орос хийгээд Хятадын хооронд орших гурван сая хүн амтай ардчилсан энэ улсыг тэргүүлэхээр өрсөлдөж буй гурван эрийн тухайн товчхон өгүүлэх нь.

Миегомбын Энхболд

УИХ-д олонхи болсон Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн Энхболд 52 настай, Ерөнхий сайд асан, нийслэл Улаанбаатар хотын захирагч асан, улс төрийн тогтолцоонд хамгийн их нөлөө бүхий нэр дэвшигч.

Тэрээр өөрийгөө хөдөөгийн даруухан уяач гээд хэзээ ч бизнес эрхэлж байгаагүй гэдэг ч хэд саяар үнэлэгдэх түүний хөрөнгө бас өөрийн түүхтэй.

Энхболд 1999-2005 оны хооронд хотын захирагчаар ажиллаж байхдаа газрын наймаа хийж компаниудаас авилга авсан гэх хов живэнд ихээхэн өртдөг.

2014 онд Энхболд хийгээд МАН-ы хоёр албан тушаалтан хоорондоо төрийн албан тушаалуудыг зарж 60 тэрбум төгрөг олох төлөвлөгөөний талаар хэлэлцэж байгаа яриаг ил гаргасан гэх аудио бичлэг түүний сурталчилгааны ажилд гай болоод буй.

Энхболд тэрхүү яриаг мушгин гуйвуулж зассан гэж мэдэгдээд байгаа юм.

Олон нийтэд тэр бүр ил гараад байдаггүй Энхболд “Нэгдсэн Монгол” гэсэн уриатайгаар сурталчилгаагаа явуулж Монголын ахмад үеийнхний дунд хамгийн найдвартай итгэж болох хүн гэж нэрлэгдээд байна.

Халтмаагийн Баттулга

Сөрөг хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа 54 настай Баттулга нэгэнтээ бизнесмен, шоу зохион байгуулагч, тамирчин явсан төдийгүй одоо олон нийтээс ихээхэн дэмжлэг аваад буй.

Ердөө дунд сургуулийн боловсролтой тэрээр тус улсын шилдэг зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн эзэн болсноороо олон нийтийн дэмжлэг авч байгаа ч түүнийг шүүмжлэгчид далд наймаа ихээхэн хийсэн нь түүний амжилтыг үгүй болгосон гэж үздэг.

Нэгэн цагт зураач, Зөвлөлтийн тулааны урлаг болох самбо бөхийн дэлхийн аварга болсон тэрээр мафийн гэр бүлийн зөвлөхийн дүрд тоглодог “Загалмайлсан эцэг”-ийн нэрийг өөртөө өгч “Женко” гэж дуудагдах болсон.

Баттулга УИХ, Засгийн Газрын гишүүн байсан бөгөөд тус улс Олимпийн наадмаас анхны алтан медалийг авахад Үндэсний жудогийн холбоог тэргүүлж байснаараа алдаршсан.

Гэхдээ түүний бизнес маш хүнд цохилтонд орсон. Өнгөрсөн 4-р сард түүнтэй хамт ажиллаж байсан хэд хэдэн хүнийг тус улсын авилгатай тэмцэх байгууллага баривчилсан бөгөөд Баттулгын нэр хэд хэдэн офшор данстай холбогдон дурьдагдаж байв.

Шляпан малгай өмссөн популист эр Монголын өв уламжлалыг цэврээр нь хадгалах ёстой гэж үздэг төдийгүй өөрийнхөө итгэл үнэмшлийг санхүүжилт сайтай сенсаци дагуулсан телевизийн нэвтрүүлгээр дамжуулан залуу хүмүүсийг татаж чадсан юм.

Түүний эзэмшдэг компани 4,1 сая ам.долларын үнэтэй аварга том Чингисийн хөшөөг санхүүжүүлсэн.

Сайнхүүгийн Ганбаатар

Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшиж буй Ганбаатар ардчилсан улсын түүхэнд анх удаа сонгуульд нэр дэвшиж олныг гайхшруулсан.

Бие даасан хууль тогтоогч, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн асан 47 настай Ганбаатар гадаадын бүх төрлийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг.

Тэрээр Засгийн Газрыг Монголын томоохон зэс алтны уурхай болох Оюу Толгойг хэсэгчлэн эзэмшдэг Их Британи-Австралийн Рио Тинтотой түншилж буйг хатуухан шүүмжилж нэрд гарсан юм.

Ганбаатар Лондонд суралцаж байсан бөгөөд төлбөрөө төлөх гэж аяга таваг угааж явсан нэгэн.

Ганбаатар улс төрд орохоосоо өмнө фен шуйг сурталчилж байсан төдийгүй Монголын философийн дэвшлийг түүнтэй холбодог.

Тэрээр мөн л маргаантай тулгараад байгаа юм. Шүүмжлэгчдийн гаж урсгал гэж үздэг Өмнөд Солонгост төвтэй Христийн Эв нэгдлийн сүмийн гишүүнээс Ганбаатар 44 мянган ам доллар авч байгаа гэх бичлэг цацагдаад буй.

Өрсөлдөгчид нь түүнийг сонгуулийн сунгаанаас гаргах гэсэн мэх гэж нэр дэвшигч мэдэгдээ байгаа юм.

Улс төрийн нэр дэвшигч гадны байгууллага эсхүл хувь хүнээс мөнгө авах нь Монгол улсад хууль бус юм.

It is illegal in Mongolia for political candidates to take money from foreign organisations or individuals.

http://www.straitstimes.com/asia/east-asia/mongolia-presidential-candidates-horse-breeder-judoka-and-feng-shui-master?&utm_source=facebook&utm_medium=social-media&utm_campaign=addtoany

англи эхийг эндээс үзнэ үү 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин