• Эхлэл
  • Уналт таталтын үеийн анхны тусламж

Уналт таталтын үеийн анхны тусламж

2017/08/25

Таталт нь ихэнх эцэг эхчүүд ойр тойрныхныг нь сандралд оруулдаг. Татах үеийн бодит аюул нь ухаан алдах, унаж бэртэх юм. Иймээс эцэг эхчүүд анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Анхны тусламжыг дараах байдлаар үзүүлнэ.

• Хүүхдэд таталт илэрсэн даруйд өргөн ор эсвэл шалан дээр байрлуулж, аль болох хурц ирмэгтэй зүйлээс холдуулна.

• Хажуугаар нь хэвтүүлнэ. Энэ нь хэл болон шүлс амьсгалын замд орж бөглөрөхөөс сэргийлнэ.

• Аманд юм хийх, хуруугаараа хэлэн дээр дарахыг хориглоно.

• Ихэнхдээ таталт нь хэдэн секундээс 2-3 минут үргэлжилдэг.

Таталт намжсаны дараа:

• Хүүхэд амьсгалж буйг шалга. Хэрэв амьсгалахгүй бол зохиомол амьсгал /ам амаар/ хийнэ. Харин таталтын үед зохиомол амьсгал хийж болохгүй.

• Хүүхдийг бүрэн сэргэтэл орхиж явахгүй байх, яагаад гэвэл таталт нь дахин давтагдаж болно.

 •Таталт бүрэн намжаагүй тохиолдолд хүүхдэд уух эм болон шингэнийг өгөхгүй байх, яагаад гэвэл хүүхэд залгиж чадахгүй

• Хэрэв хүүхэд халуунтай байвал шулуун гэдсээр парацетамол лаагаар хийнэ.

Түргэн хэзээ дуудах вэ?

•Таталт нь хүүхдэд анх удаа илэрч байвал

•Таталт 5-с дээш минут үргэлжилвэл

•Татах үедээ хүүхэд гэмтвэл /юм мөргөх, түлэгдэх гэх мэт/

•Таталтын дараа хүүхэд хүнд байдалтай, амьсгал нь жигд бус байвал

•  Таталт олон удаа давтагдвал.

Таталтын эсрэг эмчилгээний талаар эцэг эхчүүд юу мэдэх шаардлагатай вэ?

• Эмчийн заасан эмчилгээний төлөвлөгөөг дагах хэрэгтэй.

• Татсан хүүхэд бүр таталтын эсрэг эмчилгээ шаарддаггүй.

• Таталтын эсрэг эмийг хүүхэд бүрт тусад нь таталтын хэлбэрээс нь хамаарч сонгодог.

• Таталтын эсрэг эм нь таталтын зарим хэлбэрт үр дүнтэй байхад заримд нь үр дүнгүй байдаг.

• Ихэнхдээ нэг эм сонгоход хангалттай байдаг.

• Эмийн 80% нь таталтыг намжаадаг.

• Таталтын эсрэг эмийн ихэнх нь унтамхай болох, анхаарал, идэвх сулрах, дотор муухайрах, хоолонд дургүй болох зэрэг гаж нөлөө үзүүлдгийг мэдэх хэрэгтэй.

• Ямар ч тохиолдолд эмийг гэнэт зогсоох, таслах эсвэл тунг өөрчлөх /эмчийн зөвшөөрөлгүй/ нь гаж нөлөөг ихэсгэж, таталтыг сэдрээж болдогийг анхаарна.

• Хүүхдийг эмээ өөрөө бие даан уухад нь сургах ба хэзээ ч хүүхдэд бүрэн хариуцлагыг хүлээлгэхгүй байх.

• Таталтын эсрэг эмийг нэг ч өдөр таслахгүй тогтмол, удаан жилээр эмчийн хяналтанд ууж хэрэглэснээр үр дүнд хүрдэг.

• Эмийг эмчийн хяналтанд 2-5 жил ууж тархины цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй болсон үед эмийн тунг аажим буулгаж хасна.

 

Эх сурвалж-ЭХЭМҮТ-МЭСТ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин