• Эхлэл
  • МАН-ын хуваагдал дунд АН хожив уу?!

МАН-ын хуваагдал дунд АН хожив уу?!

2017/09/11

-Ямартай ч 2021 он хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газрын “цэнхэр дээвэр” дор цөөнгүй хүн ажлын байртай, цалинтай байна. Тэгвэл АН дараагийн ээлжийнхнээ төрд ажилтай болгох, удаах сонгуулиар бас ч гэж бэлтэй байх алхмыг энэ удаагийн МАН-ын зодоон дунд хийгээд амжлаа. АН-ын удирдлагыг дараагийн сонгууль, гудманд гарсан олон залуусынх нь тухай бодол тайван унтуулж чадахгүй байсан биз- 

 

Хөшигний ард АН, МАН-ын эсэргүү гишүүдтэй Засгийн газрыг унагалцсаныхаа шанд сайд байг гэхэд агентлагуудыг авахаар тохироо хийсэн гэсэн бор шувуу хэдийнэ нисээд эхэлжээ. Хэрвээ үнэн бол АН-ын гудманд гарсан нэг хэсэг гишүүд хоёр идэхгүй хоосон хонохооргүй болно гэсэн үг. Ийн засаг унагахад үүрэг гүйцэтгэсэн АН-ын найман гишүүн намдаа “хоолны талон” авчирснаараа баатрын хэмжээнд үнэлэгдэх гавьяа байгуулж чадлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн таван жилийн өмнө Төрийн сэнтийдээ залсан АН-даа есхөн суудал өгсөн. 
АН ахиад л шүдгүй чоно адил болж, МАН-ын эсрэг арай чүү гэж бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн ч ходоод нь хоосорч, хонхолзох хэмжээнд очоод байв. Гэтэл өнөөгийн АН-ыг 2000 оныхтой харьцуулахад тэмээ, ямаа шиг ялгаатай. Нэг бус удаа Засгийн эрхийг авч, төрийн тамгыг атгасан уг намын гишүүдийн тоо тухайн үеэс нэмэгдсэн. Тэр хэрээр төрийн ажлыг цалгардуулахгүй хийх чамгүй олон боловсон хүчинтэй болсон. Гэлээ ч байдаг бүхнээ сонгууль зарсан АН 2016-2020 оны сонгуулийн циклд хоосон өнжихдөө тулсан. АН-ын батлахтай залуус амбици дүүрэн ч ажилгүй гудамж хэмжиж яваа. Тэднийг 2020 он хүртэл хий дэмий лааз өшиглүүлэх үү. Цэнхэр батлахаа хаяад, улааныг авахаас нь өмнө “хооллох” ёстой болжээ. Мөн Монголын хоёр том намын нэг АН энэ хугацаанд 2020 оны сонгуулийн зардлаа босгох хэрэгтэй. Харин яаж гэсэн асуулт хэдийн уг намын удирдлагуудыг толгойн өвчин болоод байв. 
Ардчилсан нам 2016 оны сонгуулиар парламентад бүлэгтэй үлдсэнийхээ хүчинд төрд хуулийн дагуу ердөө ганц буюу УИХ-ын дэд даргын албан тушаал аваад байсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар зорьсон ганц суудлаа авсныхаа ачаар намынхаа экс хоёр даргыг ажилтай болгосон гэхэд болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг, улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуягийг томилж, удаад нь албан болон албан бус зөвлөхүүд, бие төлөөлөгч нарыг томилсноор Ардчилсан намынхнаас нэлээд нь өдгөө албан тушаалд хүрээд байгаа юм. Ямартай ч 2021 он хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газрын “цэнхэр дээвэр” дор цөөнгүй хүн ажлын байртай, цалинтай байна. Тэгвэл АН дараагийн ээлжийнхнээ төрд ажилтай болгох, удаах сонгуулиар бас ч гэж бэлтэй байх алхмыг энэ удаагийн МАН-ын зодоон дунд хийгээд амжлаа. АН-ын удирдлагыг дараагийн сонгууль, гудманд гарсан олон залуусынх нь тухай бодол тайван унтуулж чадахгүй байсан биз.

Яг ийм үе дээр нь эрх баригч МАН хоёр хуваагдлаа. Ийн “Invest”, “Coal”, “Discover Mongolia-2017” гэсэн эдийн засгийн гурван ч том уулзалт шил дараалан Монголд болж, гадны хөрөнгө оруулагчид чуулж байх энэ торгон мөчид Шекспирийн гол дүрээ үгүй хийдэг эмгэнэлт жүжиг аятай МАН Засгийн газраа унагав. Гэхдээ Засгийн газрыг огцруулах МАН-ын 31 гишүүний гарын үсэгтэй бичиг АН-ын есөн кнопгүй биеллээ олохгүй, найдваргүй шахам байсан.

Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах асуудлаар “Монгол Улсын нийгэм эдийн засагт бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хямралын уг үндсийг зөв тодорхойлох нь чухал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна” хэмээсэн. Гэвч Төрийн ордонд тоглосон улс төрийн эмгэнэлт жүжигт Ардчилсан нам арслангийн эрх ямбыг эдэлсэн 65-ын бүлэг өөрөө өөртэйгөө тулалдах хооронд шархыг нь долоож байгаад эцсийн үзэгдэлд гол дүрийг өөрийн гараар ялан дийлдэг “дүр” бүтээв.
АН бол яахын аргагүй дээд тэнгэрээс заяат чоно лугаа адил хийморьтой нам гэлтэй. Туг нь мөнх тэнгэрийн хөх өнгөтэй. Тиймдээ ч сонгуулиар “Хоёр сая 600 мянган Чингис сэрж байна”, “Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье, “Олуулаа ялна шүү”, “Монгол ялна” гэх мэт уриагаар омогшдог биз. 1992 оноос хойших Монголын улс төрийн түүхийг харахад АН ижил заяат намтай эвсэж, илүү заяат намын сөрөг хүчин болсон байна. 
Тэд ямар ч хүнд ялагдал амссан нам жим байх хугацаандаа бүх шархаа долоож эдгээгээд, хөх тугаа мандуулсаар дараа дараагийн тулаанд илүү ид хавтай орж ирдэг. Тэр хэрээрээ ялалт ч байгуулдаг. Энэ удаад МАН-ын түшээд яах аргагүй АН-ын гишүүдэд ялагдчихлаа.
 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин