• Эхлэл
  • Хөгжлийн банкны 200 сая ам.долларын асуудлыг шүүхэд шилжүүлжээ

Хөгжлийн банкны 200 сая ам.долларын асуудлыг шүүхэд шилжүүлжээ

2017/09/12

                        -Төр өнөөдөр өөрийн банктай байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна-  

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Хөгжлийн банкинд шалгалт хийх Засгийн газрын ажлын хэсгийг ахалж ажилласан билээ. Тэрбээр тус банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг зарласнаас хойш бүтэн нэг жил гаруй хугацаа өнгөрсөн ч энэ сэдвийг тойрсон албан ёсны дүгнэлт олон нийтэд төдийгүй төрийн байгууллагуудад ч тодорхой бус байсан юм.

Тэгвэл тус банкинд хэрэгжсэн зарим төсөл, хөтөлбөр шүүхийн байгууллагад шилжсэн тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр мэдэгдлээ.

 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд зарцуулсан. Харамсалтай нь, хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна. Заримыг нь хууль хяналтын байгууллагаар шалгаж байна. Мөн шүүхийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай хэд хэдэн төсөл байгаа. Эхний ээлжид 200 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр болсон. Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банк өгсөн зээлүүдээ эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэл хийж байгаа.
Манай банк 300 орчим сая ам.долларын зээлийн төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ирэх сарын эхэнд бага хэмжээний төлбөр төлнө. Гадаад зах зээлд санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол нь мөнгөө авахаас өмнө ямар төслийг хэрэгжүүлэх вэ гэсэн ТЭЗҮ-ээ хийж дуусгах, хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжилтээ хамтран хийх, хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлох хэрэгтэй байна” гэв. 
Ямартай ч түүний хэлснээр эхний ээлжинд 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төслүүд шүүхийн байгууллага руу шилжиж, шийдвэр гаргасан гэм буруутай этгээдийг тогтоохоор болж. Эдгээр төсөл хөтөлбөрөөс хамгийн их анхааралт татаж буй нь Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа тус банкуудын хадгаламжийн хүүнээс 2.5-3 хувиар бага хүүгээр байршуулсан нь тогтоогдсон явдал.

Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад байршуулсан хүүгийн зөрүү дөрөв хүртэлх хувь байсан учраас үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж тухайн үед ажлын хэсгийнхэн үзсэн. Эдгээр арилжааны банкууд бүгд төрд өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн банк.

Үүнээс гадна Чингис бонд болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая .ам.долларын санхүүжилт олгосон. Энэхүү санхүүжилт хэрхэн хийгдсэн нь тодорхой бус байгаа тухай мөн л ажлын хэсгийнхэн онцолж байв. Одоо уг төслийг авч хэрэгжүүлсэн эрхмүүд бүгд төрийн өндөр албан тушаал хашиж буй билээ. Томоохон хэргүүд хэдий нотолгоо баримттайгаар хууль хяналтын байгууллага руу шилждэг ч ямар нэгэн аргаар хэрэгсэхгүй болдог дүр зураг хэдийнэ бий болсон. Тиймээс энэ хэрэг хэрхэх нь анхаарал татаж байна. 
Энэ бүх үйл явдлаас болж өнгөрсөн хугацаанд хууль бус гэрээнүүд олныг хийж, төсөвт ирэх дарамтыг нэмэгдүүлсэн нь төр өнөөдөр өөрийн банктай байх уу, үгүй юу гэх асуудал үүсэхэд хүргэж байна.

Товчхондоо Хөгжлийн банк яамдад зээл олгох ямар ч эрх мэдэлгүй хэрнээ их хэмжээний зээлийг удаа дараа олгосон нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн нэг гол шалтгаан болсон гэж үздэг. Тухайлбал, тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д л гэхэд хуульд заасан шаардлага зөрчиж, нийт гурван удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон байна. Үүнээс 50 сая ам.долларын зээлийг Засгийн газрын үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар төлж барагдуулсан ч 200 сая ам.долларын зээлийн үлдэгдэл байгаа аж.

Гэхдээ энэ зээлийн хөрөнгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн баримт байгааг учир мэдэх хүмүүс ярьж байсан удаатай. Энэ бүх зүйлийг олон нийтэд ил болгохын тулд одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа авсан даруйдаа Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийг байгуулж хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгө дутсаныг олон нийтэд ил болгосон. Түүнчлэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хууль хяналтын байгууллагууд дотооддоо Ажлын хэсэг байгуулж тус банкны үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг шалгаж, эхний удаад 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн билээ. 
Ийнхүү хууль хяналтын байгууллагын ажиллагаа ерөнхийдөө дуусаж, Хөгжлийн банкнаас хууль бусаар их хэмжээний зээл авсан хувь хүн болон компаниудаар хохирлыг нь төлүүлэхээр болсон ч зарим их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц төсөл, хөтөлбөр болон бондуудыг шүүх рүү шилжүүлжээ.

Олон нийтийн мэдэж буйгаар тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлээд байгаа ч үүнээс ч илүү тоо гарч, гарсан тоог нь нууцалж байгаа талаар албаны хүн ам алдаж байв. Ямартай ч АН-ын Засгийн газрын үед байгуулсан Хөгжлийн банкны удирдлагуудын хэн нь хэнтэй нийлж хэдэн төгрөг зувчуулсан бэ гэдэг нь тун удахгүй ил болно гэж найдах л үлдлээ.


ЭХ СУРВАЛЖ:Өглөөний сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин