• Эхлэл
  • Өөрийн толгой дээрх өвсөө хараач, монголчууд аа

Өөрийн толгой дээрх өвсөө хараач, монголчууд аа

2017/09/14

Улс төрийн хүрээнд нэлээд өндөр албан тушаал хашдаг нэгэн эрхэм “заан, баавгай хоёр барилдахад дунд нь байгаа шороо заавал хөдөлдөг. Тэр хоёр эвлэрээд тэврэлдсэн ч тэр шороонд боломж байхгүй. Тиймээс ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд байгаа манай улс тэднийг өсөрхсөн ч, тэврэлдсэн ч адилхан л үр дүнг хүртэнэ. Хоёр том гүрний дундаас холдож чадахгүйгээс хойш хөрш орнуудаа хүндэтгэж, ёс заншил, хууль журамд нь нийцүүлж, улмаар найрсаг харилцаагаа мартах учиргүй” хэмээн  ярьж билээ. Энэ бол гашуун боловч үнэн үг аж.

Дэлхий дахинд өөрсдийн сүр хүч, эрх мэдлийг харуулж буй хоёр том гүрний дунд оршиж буй хөгжингүй улсын иргэд бидэнд дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж тэр болгон олдох нь юу л бол. Хөршийн найрсаг харилцаагаа юу юунаас эрхэмлэж, ёстой л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гаргасанчлан төвийг сахисан бодлогоор төрөө удирдахаас өөр аргагүй билээ. Гэтэл сүүлийн үед өмнөд хөрштэй холбоотой саар мэдээлэл хэтэрхий ихэсчээ.

Бидний яс маханд манжуудад дарлуулж байсан гашуун түүх байдаг ч тусгаар тогтносон Монгол Улсын ард түмэнд одоогоор тийм дарамт алга. Бид өргөн уудам газар нутагт дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Хаа хүссэн газраа нүүдэллэж, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүйгээр хэлж буй.

Төр засгийн тэргүүнээ өнгө үзэмжээр нь доромжилж, өөрийн хүслээр томилж байгааг эрх чөлөө гэж нэрлэх л байлгүй. Парламентын танхимд байгаа улстөрчдийнхөө буруу үйлдлийг шүүмжлэх боломж, бүр цаашлаад доромжлох, гүтгэх эрх нь ч бидэнд бий. Гэтэл хэсэг бүлэг санаатай, санамсаргүй байдлаар Хятадын ард түмнийг бидний дайсан мэтээр ойлгуулах гэж гүтгэдэг, гүжирддэг болжээ. Ингэж бичлээ гээд би дайсан биш.

Урвагч, хулгайч ч биш. Туйлширдаг хэсэг бүлгийн оноодог хятад ч биш. Ерөөсөө монголчууд бид өөрийн толгой дээрх бухлыг хараагүй атлаа өрөөлийн толгой дээрх өвсийг хардаг муухай зантай болчихож. Өөрсдөө алдаа дутагдал гаргаж түүнд нь хариуцлага ярих гэхээр энэ шийдвэр нь монголчуудыг гадуурхсан, доромжилсон шийдвэр гэж үздэг ялихгүй атлаа ямаан омогтой үндэстэн болчихоод байгаа юм.

Үүнийг батлах жишээ хангалттай олон бий. Гадны оронд хулгай хийж, архидан согтуурчихаад барьж хорихоор бараг л гадуурхаж дээрэлхсэн учраас хорилоо гэх. Мөрөөрөө ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй баригдаад ирснээ мөн л бусдын буруу гэж тооцно. Улс орны минь нэр хүнд гарна шүү гэж боддог хүн тэдний дунд ховорхон. Өнөөдөр БНСУ-д маш олон хүн ажиллаж амьдарч байна. Бүр 30 гаруй мянган иргэний ажил амьдрал энэ улстай холбоотой байгаа.

Эдүгээгээс 10 жилийн өмнө солонгосчуудын бидэнд хандах хандлага шал өөр байлаа. “Чингисийн Монгол” хэмээн биднийг хүндэлдэг, ажилд авах сонирхол ч их байлаа. Гэтэл өнөөдөр монгол хүнд үйлчлэхгүй гэдэг газар хэтэрхий олон болжээ. Дотуур хувцасны дэлгүүр хүртэл үүдэндээ монголчуудад үйлчлэхгүй гэсэн зар хадчихаад байна, цаана чинь. Энэ нь биднийг гадуурхснаас болоогүй юм. Зөвхөн тэнд үйлчлүүлсэн монголчууд хулгай хийж, худал хэлдэг учраас аргагүйн эрхэнд ийм бичиг тавьж буй хэрэг.

Гар утас, дугуй алга болохоор Монголд л жи пи эс нь дуугардаг хэмээн нэгэн солонгос ярьж байсныг өөрийн чихээр ч дуулж, өмнөөс нь чих улайж явлаа. Гадны улс оронд очоод монголчууд хамгийн түрүүнд нэгнээ матдаг. Өс санасан сэтгэлээр эх орон нэгтнээ золионд гаргадаг нь худлаа биш. Амьдарч буй улсынхаа хууль дүрмийг үл ойшоодог, согтуугаар машин жолооддог, хулгай хийдэг, бүр хүн хөнөөсөн тохиолдол ч бий.

Нэг хэсэг нь хуульд захирагдаж амьдардаг ч хуулиас гадуур, худал хэлж, хулгай хийдэг нь олон учраас бидний нэр хүнд олон ч улс оронд өдрөөс өдөрт унасаар байгаа юм. Тун саяхан БНХАУ-д ял эдэлж байсан нэгэн эрхэм Монголдоо ирсэн тухай хэвлэлээр мэдээлэл гарч байлаа. Гэтэл тэр нөхөр өөрийгөө ямар ч гэмгүй хэмээн зарлаж, бараг л өмнөд хөршид хилсээр ял эдэлж байгаад ирсэн хэмээн ярьж, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацсан юм.

Нөгөөхийг нь дэвэргэх хүмүүс ч бишгүй олон. Бүр хятадууд биднийг дарамталж, бараг л эх оронч андыг маань алах шахлаа хэмээн хийрхэв. Гэвч начир дээрээ өнөөх “эх оронч” маань тус улсад хулгай хийсэн гэмт хэрэгтэн болж таарсан. Шалгуулах хугацаандаа хүндээр өвдсөн учраас Хуульзүйн сайд, Гадаад хэргийн сайд хоёр бүх талаар гуйж явсаар эх оронд нь авчирсан нь тодорхой болсон юм.

Гэтэл өнөөх эр эх орондоо ирчихээд ардын баатар болохоор санаархаж, хөршийнхөө талаар худал гүтгэлэг тараасан нь олонд ил болж байлаа. Тун саяхнаас Эрээн хотын хилээр нэвтэрч буй Монгол Улсын эзэмшилтэй машинуудад хяналт шалгалтаа эрчимжүүлэх болсноо урд хөршөөс зарлав. Мөн нүүрс тээвэрлэж Гашуун сухайтын боомтоор гарч буй машинуудад ч хяналт шалгалт хийхээ мэдэгдсэн. Гэтэл үүнийг нь мөн л эх оронч иргэд маань өлгөж аваад Х.Баттулга гэж хүн Ерөнхийлөгч болсноос үүдэж, урд хөрш бидэнд дургүйцлээ.

Муу сайн хятадууд даварч байна гэх мэтээр дуулиан дэгдээсэн. Хамгийн инээдэмтэй нь энэ бүх шалтгаан биднээс л болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас онцолсон юм. Өнөөх л монголчуудын болохгүй бүтэхгүй зан хэрээс хэтэрсэн учраас хяналт шалгалтаа эрчимжүүлсэн хэрэг аж. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотын хилээр нэвтэрсэн монгол жолооч нар энэ оны эхний долоон сарын байдлаар 20 гаруй мянган зөрчил гаргажээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бүс тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, осол гаргах гэх мэтээр асуудлыг улам бүр хүндрүүлсэн учраас аргагүйн эрхэнд тэд хяналт шалгалтаа эрчимжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Цаашлаад, Гашуун сухайтын боомтоор нүүрс тээвэрлэж буй жолооч нар биеэ үнэлэгч тээвэрлэдэг, мөн нүүрс дотроо “мими” гэх хар тамхи тээвэрлэж хилээр гаргадаг зэрэг зөрчил дутагдал гаргах болсон учраас шалгалтаа чангаруулсан хэрэг юм билээ.

Урд хөршид очиж биеэ үнэлэх хүсэлтэй бүсгүйчүүдийг хар уутанд боочихоод хилээр гаргаж байсан асуудлыг нэг биш удаа танил маань дуулгаж, зургийг нь хүртэл илгээж байв. Ядарсан жолооч нарын сэргээш болдог “мими” буюу хар тамхины наймаа ч тэнд хэрээс хэтэрсэн тухай олон ч хэвлэл хөндөж буй.

Энэ мэтээр бидэнд болохгүй зүйл хэтэрхий их байна. Эх орондоо дураар дургиж байдаг хэнэггүй монгол зангаа бид хилийн дээс алхсан ч гаргадаг учраас тэд дургүйцлээ илэрхийлж буй юм. Энэ нь биднийг үзэн ядсандаа, эс бөгөөс эрхшээлдээ оруулах гэсэндээ хийж буй үйлдэл биш гэдгийг эрхэм эх орончид минь тунгааж үзээрэй. Дахин хэлье, ингэж бичлээ гээд би хятад биш юм шүү.

ЭХ СУРВАЛЖ:mminfo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин