• Эхлэл
  • Байгаль эхийн сануулгууд

Байгаль эхийн сануулгууд

2017/09/15

Харви, Ирма, Мексик, үер... Эдгээр нэрс бол давтамж нь нэмэгдэх болсон байгалийн гамшигт үзэгдлүүдийг сануулна. Олон улсын цаг уурын хүрээлэнгийн тайланд дурдсанаар энэ жил байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол сүүлийн арван жилийн хамгийн өндөр төвшинд хүрсэн нь энэ. Өнгөрөгч хоногуудад АНУ-д сүүлийн 10 жил тохиолдож байгаагүй их хэмжээний шуурга болж, Техас муж 130 гаруй тэрбум долларын хохирол амсаад байна. Одоо ч АНУ-д шуурга дэгдсээр байгаа. Харин Мексикт сүүлийн 100 жилд тохиолдож байгаагүй газар хөдөлж хөрш орнуудаа оруулаад 90 хүн амиа алдав. Харин Ази тивийн Энэтхэг, Балба, Пакистан, Бангладешт ихээхэн хэмжээний үер бууж 1,300 хүн хорвоог орхилоо.

 

Харвигийн хашхираан

 

Өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Атлантын далайд их хэмжээний үүл хуримтлагдаж салхин хуй үүсгэсэн нь цаг уурчдын цоллоод байгаа “Харви” гэх хар салхи байлаа. Цагт 215 км-ын хурдтай байсан энэ хар салхи Карибын тэнгис болон Хойд Америкийн зүүн эрэгт ихээхэн хэмжээний гамшиг дагуулж 200 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулаад амжлаа. Үүнээс хамгийн их хохирол амссан нь АНУ-ын Техас болон Луйзана мужууд.

Зөвхөн Техас мужид л гэхэд 70 хүн хорвоог орхиж, Техас муж тэр аяараа гэрэл цахилгаангүй болсон төдийгүй цэвэр, бохир усны систем нь бүрэн ажиллагаагүй болжээ. Техас мужийн захиргааны мэдээллээс харвал эдийн засгийн хохирол нь 130 тэрбум ам.доллараар хэмжигдсэн. Үүнээс АНУ-ын засгийн газар 15 тэрбум долларыг гамшгийн бүсэд илгээхээр болсон билээ. Харийн АНУ-ын Луйзана мужид хар салхины улмаас хөрсний нуралт үүссэн. Үүнээс шалтгаалан 19,000 хүн гэрэл цахилгаангүй болж, сургууль, цэцэрлэг үзвэр үйлчилгээний газрууд түр хугацаагаар хаалгаа барихад хүргэсэн.

Хохирол арай багатай нь Карибын тэнгис болон Хойд Америкийн орнууд байлаа. Тухайлбал, Суринам, Гайана, НикарагуАа, Гондурас, Белиз улсуудад цахилгаан эрчим хүч түр хугацаанд тасалдаж, 100 гаруй хүн ямар нэгэн хэмжээгээр бэртэж, гэмтжээ. Харви хар салхи ийнхүү шуурч, олон нийтийг цочроосоор өнгөрөгч 3-ны өдөр албан ёсоор намжсан байна. Атлантын далайд үүссэн энэхүү хар салхи АНУ-д 12 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй хар салхи байсан юм.

 

Ирмагийн нударга

Атлантын далайн хар салхины улиралд үүссэн хар салхины нэг нь Ирма байлаа. Өмнө нь Харвид шанаадуулаад байсан АНУ энэ удаад ч байсан хохирсон. Хохирлын бай нь Флорида байлаа.

Флорида мужид болсон хар салхины улмаас 36 хүн амь насаа алдаж, 4.4 сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хар салхи цахилгааны шугамуудыг гэмтээсний улмаас Жиоржиа, Умард Каролина мужуудын зарим хэсэг ч гэрэл цахилгаангүй болсон юм.

АНУ-д дэгдсэн энэ хар салхи 300 тэрбум долларын хохирол дагуулсан гэж санхүүгийн байгууллагууд дүгнэсэн бол олон улсын мэдээллүүдээр цацагдаж байгаа албан ёсны тоо нь бусад улс орнуудыг оролцуулаад 60 тэрбум доллар хүрээд байгаа ажээ. Карибын тэнгист орших Их Британийн мэдлийн арлууд болон Багамын арлуудад нийтдээ 43 хүн амь насаа алджээ. Антигуа Бардуда арал улсын Антигуа арал бүхэлдээ сүйдэж барилга байгууламжийн 95 гаруй хувь нь нурж сүйдсэн байна. Багамын арлууд улсын холбоо харилцааны системийн 15 хувь нь сүйдэж, үндэсний хэмжээнд цахилгаан холбооны сүлжээ одоо ч тасалдсан хэвээр байгаа аж.

“АНУ-д дараалан тохиолдсон байгалийн гамшгууд бидэнд хүнд цаг үед хамтдаа нэгэн цул байхыг сануулсан үйл явдал боллоо. Бид байгалийн сүр хүчний өмнө хүчин мөхөс ч өөрсдийнхөө чадах хэмжээнд урьдчилан сэргийлж, шаардлагатай зүйлсийг хийх ёстой” гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ярьжээ.

 

Мексикийн шок

2017 оны есдүгээр сарын 7. Орон нутгийн цагаар 23:49 цаг. Энэ цаг мөчид Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогын тодорхойлсноор “Зууны газар хөдлөлт” тохиосон юм. Мексик улсын зүүн эрэгт орших Чиапас хотод 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Шөнийн цагаар болсон энэ газар хөдлөлт 98 хүний амь насыг авч одсон байна. Газар хөдлөлт хэтэрхий хүчтэй байснаас шалтгаалан Гватемал улсад ч чичирхийлэл мэдрэгдэж, цүнами ч үүсчээ. Чиапас хотын 1.5 сая хүн газар хөдлөлтөд өртөж, 41,000 айл өрх орох оронгүй болсон байна. Газар хөдлөлтөөс шалтгаалан сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд хааж, шаардлагагүй тохиодолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Нийслэл хотын барилга байшингууд ноцтой хохирол амссанаас гадна, олон улсын нисэх буудлын шилэн бүтээмжүүд юу ч үгүй нуран унасан байна.

“Энэ бол байгалийн гамшгийн өмнө хүн төрөлхтөн бид хүчин мөхөс гэдгийг харуулсан үйл явдал боллоо. Бид энэ цаг үед хүн хүндээ, бурхан тэнгэртээ итгэж, залбирахаас өөр аргагүй. Хүнд цаг үед бид ямагт та нартай цуг байх болно” гэж Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето ярьжээ.

Мексик улсад бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 1787 онд тохиолдож байсан бөгөөд тухайн үед 8.6 магнитудын хүчтэй байжээ. Тухайн үед чухам хэдэн хүн хохирсон талаарх мэдээлэл тодорхойгүй байдаг юм.

 

Өмнөд Азийн нулимс

Өмнөд Азийн дөрвөн улс Бангладеш, Энэтхэг, Балба, Пакистан улсад өнгөрөгч долоодугаар сараас хойш олон хоног аадар бороо асгаж, улмаар ихээхэн хэмжээний үерийн гамшгийг араасаа дагуулсан. Одоогоор дээрх дөрвөн улсад үерийн улмаас 1,300 гаруй хүн амь насаа алдаад байна. Энэ сарын эхээр Бангладешд үер буусан бөгөөд тус улсын газар нутгийн гуравны нэг буюу 4.6 сая га газрыг хамарсан юм. Үерийн улмаас зөвхөн Бангладешд л гэхэд 140 хүн амь насаа алджээ. Үүнээс гадна алс бөглүү хот, тосгодын эргэд үерт боогдож, хүнс, ундны усны дутагдалд ороод байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Бангладешийн хөгжил харьцангуй тааруу тул олон улсын улаан загалмайн нийгэмлэг болон бусад хамтын ажиллагааны байгууллагууд туслахаа мэдэгдээд байгаа билээ.
            Энэтхэгийн тухайд өнгөрөгч наймдугаар сарын дунд үеэс ихлэн аадар бороо үргэлжлэн орсоны улмаас үер буугаад байгаа бөгөөд одоо ч үерийн гамшиг дуусаагүй байна. Үерийн гамшигт тус улсын Уттар Прадеш, Бихар, Баруун Бенгал, Ассам мужууд ихээр өртжээ. Мөн Мумбай хотын барилга байгууламжууд ихээр сүйдсэний дотор 250 жилийн түүхтэй гурван давхар байгууламж бүрэн нуржээ. Одоогоор тус улсад 450 хүн үерийн гамшгийн улмаас хорвоог орхиод байна. Энэтхэгтэй холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл байгаа нь зүүн хойд мужид бороо ороогүйн улмаас ган гачиг болж олон улсын байгууллагаас тусламж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд оржээ.

Балба улсын тухайд өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр үер бууж 143 хүний амь насанд хүрсэн байна. Гамшигт нийтдээ 1.7 сая хүн өртөж, 461,000 айл өрх орох оронгүй болжээ. Үерийн гамшиг тус улсын хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалд их хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд нийслэл хотыг бусад хотуудтай холбосон хурдны зам бүрэн сүйдээд байна. Балба улс дангаараа энэ бүх зүйлийг сэргээн босгож чадахгүй учир БНХАУ болон Малайз улсаас тусламж гуйжээ. Хамгийн гол нь тус улсын хамгийн ядуу буурай бүс нутгууд ихэвчлэн үерийн гамшигт өртсөн учир сэргээн босгоход олон жилийн хугацаа шаардагдана гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Пакистан улсын тухайд тус улсын хамгийн том хот болон Карачи хотын төв бүхэлдээ үерт автсан. Мөн л наймдугаар сарын 31-ний өдөр болсон үерийн гамшгийн улмаас 200 гаруй хүн амиа алдсаны долоо нь бага насны хүүхэд байжээ. Амиа алдагсдын дийлэнх нь үерийн гамшгийн улмаас нурсан барилгын нурангид даруулж амиа алдсан байна. Карачи хотын захиргааны мэдээлснээр байгалийн гамшгийн хохирол 2.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа ажээ. Гэвч санхүүгийн шинжилгээний байгууллагуудын тооцооллоор хохиролын хэмжээ 100 гаруй тэрбум ам.доллар юм байна.

Жич: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Атлантын далайд 10 гаруй удаагийн хар салхи бүртгэгдэж, нийт хохиролын хэмжээ 1,5 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа бол байгалийн гамшгийн үеэр 15,000 гаруй хүн амь насаа алджээ.

Б.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин