• Эхлэл
  • Алтны салбарын оргил үе

Алтны салбарын оргил үе

2017/09/18

Алтны салбарын оргил үе тохиож байна. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд тушаах алтны хэмжээ 500-800 кг болж нэмэгдлээ. Энэ эрчээрээ оны эцэс гэхэд урьдын амжилтуудаа тус салбар эвдэж, шинэ рекорд тогтоож мэдэх нь. Урьд нь иргэн, аж ахуйн нэгж өдөрт 100-200 кг алт тушаадаг байлаа. Харин энэ оны хоёрдугаар хагаст алтны тушаалт огцом сэргэсэн. Төв банкны алт худалдан авалт тэр хэрээр нэмэгдэж байгаа нь энэ. Он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алтыг иргэн болон аж ахуйн нэгж тушаажээ. Ийм өндөр үзүүлэлт өмнө нь гарч байсангүй. Хэдий сүүлийн хоёр жилийн хугацаанд алт тушаалт нэмэгдсэн ч өдөрт тушаах хэмжээ нь 200-гаас бараг л хэтэрдэггүй байлаа.

Он дуусахад таван сарын зай үлдэж байна. Ирэх саруудад алт тушаалт олон жилийн дундажтай харьцуулахад илүү нэмэгддэг. Ялангуяа, найм болон ес, аравдугаар сард алтны олборлолт, тушаалт аль аль нь өсөлтийн зүг заадаг. Иймээс энэ жилийн төлөвлөгөөний чухал үе одоо л ирж байна гэсэн үг. Манай улс 2017 онд нийт 18 тонн алт олборлохоор зорьж буй. Энэхүү тооцооллыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас оны эхэнд гаргасан. Тэгвэл уг төлөвлөгөөний 40 гаруй хувь нь одоо биеллээ олчихоод байна. дээрх эрчээрээ урагшилбал алт тушаалт төсөөллөөс давах нь.

Иргэд, аж ахуйн нэгж нийлээд өнгөрсөн жил 18.3 тонн алт Монголбанкинд тушааж, 732 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн. Харин энэ жил үүнээс илүү хэмжээний алт тушааж магадгүй нь. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байхад алтны тушаалт гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч ийм байх бололтой. Учир нь, гадаад валютын ханшийн дарамт, бондын өрийн төлбөр хүлээгдэж байгаа нь алтны үнэ цэнийг эхэнд тавихад хүргэж байна. Төв банкны валютын нөөцийг зузаатгах үүднээс гурван жилийн өмнө ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байв.

Хуульд зааснаар 2019 он хүртэл дотоодын иргэн, аж ахуйн нэгж Монголбанкинд алтаа тушаана. Тиймээс ч алт олборлогчид татварын хөнгөлөлт эдэлж буй. Монголбанкны алт худалдан авах үнэ нэг грамм нь 99.2 мянган төгрөгийг хэдхэн хоногийн өмнө давлаа. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн өндөр ханш болж байгаа юм. Лондоны үнэт металлын захын үнийг өнгөрсөн оноос манай төв банк мөрдөж эхэлсэн. Ийм зохицуулалт орсон нь алт тушаалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа нь гарцаагүй. Ийнхүү металлын дотоодын зах зээл сонирхол татсан хэвээр байна.

Өдгөө эдийн засгийг тэтгэх зорилго өвөртөлсөн “Алт-2” хөтөлбөрийн бэлтгэл ажил жигдэрчихсэн. Тиймээс алтны тушаалт цаашид ч улам нэмэгдэнэ гэсэн үг. Хоёр үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрийн оргил цаг ирэх жилүүдэд тохиох юм. Хөтөлбөрт зааснаар манай улс 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлохоор байгаа. Хэдий тийм ч хөтөлбөрийн зорилт 2020 оныг хүлээхгүй байж мэдэх талтай. Учир нь алтны үнэ өндөр байгаагаас гадна татварын хөнгөлөлт эдэлж буй учраас олборлолт улам эрчимжиж байна. Үүний цаана байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай асуултын тэмдэгтэй хоцорч болохгүй.

Алт тушаалт энэ жил өндөр байгааг доорх үзүүлэлтээс харж болно. Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монголбанкинд иргэн, аж ахуйн нэгж 6.8 тонн алт тушааж байжээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар төв банк нийт 7.2 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өссөн дүн юм.

Эхний хагас жилийн үзүүлэлтийг ийнхүү харьцуулахад зөрүү нь тохой өндөр байгаа биз. Энэ зөрүү цаашид улам нэмэгдэхээр байна. 8.94 тонн алтаар нөөцөө зузаалсан төв банк валютын дуудлага худалдааг яаран зохион байгуулахаас азнаж буй. 

Учир нь, төгрөгтэй харьцах ам.долларын ханшид огцом өөрчлөлт гараагүй бөгөөд ханшийн зах зээл тогтвортой байгаа. Энэ нь худалдан авсан алтаа хадгалах, улмаар үнэд хүргэж арилжаалах боломжийг төв банкинд олгож байна. Алттай байна гэдэг валюттай байна гэсэн үг. Тиймээс төгрөгийн ханш тогтвортой байхад алт чухал баталгаа болсоор байх нь. Алтны үйлдвэрлэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувийг эзэлж байгаа. Олборлолт тэлэх хэрээр эзлэх хэмжээ өсөх төлөвтэйг зарим судалгаанд дурджээ. Алт тушаалтын орлого ирэх жилүүдэд 35-46 хувиар өсөх нааштай хандлага давамгайлж буй. Энэ нь ам.долларын ханшийг тогтоон барихад “уурга” болох юм.

Сэтгүүлч Б.Баяртогтох 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин