• Эхлэл
  • Далайн шуурга далайдаа л шингэдэг

Далайн шуурга далайдаа л шингэдэг

2017/09/19

Атлантын далайд бас нэгэн хар шуурга дэгдэж байгаа талаар ОХУ-ын Цаг уурын албаны мэргэжилтэн Анатолий Цыганков РИА Новости агентлагийн харъяа Sputnik радиод ярьжээ. Энэ удаагийн хар шуурганы нэр нь “Мария” юм.

“Мария” өнгөрсөн амралтын өдрүүдээр улам идэвхжин одоо Атлантын далайн Бага Антилийн арлууд ойртож байна хэмээн АНУ-ын хар шуурганаас урьдчилан сэргийлэх төв анхааруулсаар байна. Тус төвийн мэдээгээр “Мария” цагт 24 км-ийн хурдтайгаар баруун хойд зүг рүү довтолж байгаа бөгөөд хурд нь 120 км/цаг хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа ажээ.

Есдүгээр сарын эхэнд Атлантын далайд дэгдсэн “Хосе” шуурга одоо хурд нь саарсан хэдий ч АНУ-ын зүүн эрэг хавиар одоо ч эргэлдсээр байгаа ажээ. “Хосе” хойд чиглэлд урагшилж байгаа бөгөөд ирэх амралтын өдрүүдээр идэвхжиж магадгүйг сануулж байна

Саяхан Алталын далайд үүсч Флоридагийн баруун өмнөд эргийг дайрсан “Ирма” хар салхийг мэргэжилтнүүд хамгийн хохиролтойд тооцож байна. “Ирма” нь аль хэдийнэ 20 хүний аминд хүрсэн. “Ирма”-тай харьцуулбал “Харви” хөнөөл багатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Анатолий Цыганковын тайлбарласнаар далайн хар шуурга нь тропикийн бүсэд, далайн усны хэм 26 градусаас дээш байгаа нөхцөлд үүсдэг байна. Жилдээ дунджаар 16-гаас 25 хүртэл тооны хар шуурга дэгддэг учраас энэ жилийн хувьд онцгой их гэсэн зүйлгүй хэмээн Анатолий Цыганков хэлжээ. “Далайд үүссэн хар шуурга далайдаа ч дуусдаг учраас хүмүүс нэг их анзаардаггүй. Харин далайд явж байгаа загасчид л үүнийг мэдэх байх” хэмээн тэр хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин