• Эхлэл
  • Оросууд биднийг бодоо гэж үү...

Оросууд биднийг бодоо гэж үү...

2017/09/21

 

Нийтлэлч Д.Батбаярын нийтлэлийг хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

“Тавантолгойн нүүрсийг 5 000 км зөөж Находка хүргээд дэлхийн зах зээлийн үнээр Япон, Солонгос цаашилбал Энэтхэгт зарна”. Ерөнхийлөгч Х.Баттулгын багаас түгээсэн сайхан мэдээ. Бурханд ч газар хялайлгахгүй эртний тангарагтай монголчуудад ОХУ “Восточный” боомтдоо газар гаргаж өгөх гэнэ. Монголчууд нижигнүүлэн алга ташсаар... 2011 онд Тавантолгойн тендер дээр бид ОХУ-ын “РЖД” компани толгойлсон консерциумд ямар хариу өгснөө таг мартжээ. Харин оросууд ерөнхийлөгч Х.Баттулгыг 267 км төмөр зам тавьж Тавантолгойн нүүрс экспортлох ажлыг улдан чангааж зогсоогоод Л.Эрдэнэчимэгээр “Гацаасандаа баяртай байна” гэж хэлүүлснийг нь мэдэхгүй. 

 

Алга ташуулах хийрхэл


Крымыг “энх тайвнаар эзэлж авсан”-ыхаа хариуд олон улсын эдийн засгийн хоригт орсон В.Путин “Дорнын эдийн засгийн чуулган”-ыг санааачилсан. Барууны ертөнцийн ”боолт”-ыг суллаж эдийн засгаа амьсгаа авахуулах гэсэн энэ чуулганы оролцогчид хэн, хэндээ харилцан ашигтай наймаа ярьдаг. Харин Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойн нүүрсийг 5 000 км зөөж Находка боомтоор заръя гэжээ. Түүний санаа оросуудад огт ашиггүй, тэр бүү хэл лай болох нь тодорхой авч цаадуул нь дипломат ёсыг бодоод толгой сэгсрээгүй бололтой. Находкын боомтыг нүдээр үзсэн манай ерөнхийлөгч “8 000 км тээвэрлэсэн Хакасын нүүрсийг ашигтай борлуулж байхад 5 000 км юу юм” гэдэг энгийн зөвтгөл бодож олжээ. Бас “ОХУ төмөр замын тээвэрлэлтэд хөнгөлөлт үзүүлнэ” гэдэг таатай үгээр хачирлалаа. Гэхдээ аль 2011 онд “Энержи ресурс” компани Владивостокоор дамжуулан Японд 100 мянган тонн нүүрс гаргаж туршсан байдаг. Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “нэг тонн нүүрсний зөвхөн тээвэр, логистикийн зардал нь 171.5 ам.доллар болсон” гэв. Үүнд олборлолт, баяжуулалт, рояльти, элдэв татвар ер багтаагүй. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр баяжуулсан коксжих нүүрс тонн нь 180-200 ам.доллар байна. Ялсан ерөнхийлөгч маань бүрийн шинийг сэдээгүйн дээр амьдрал дээр туршаад ашиггүй нь нэгэнт тодорхой болчихсон үлгэр хэлэн алга ташуулж явна.
 

Багтаж ядсан баялаг         


“Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” гэж бид аархдаг боловч ОХУ-д дэлхийн байгалийн баялгийн 20 хувь булаатай бий. Үүнээс Сибирьт хар тугалга, цагаан алтны 85; никелийн 71, нефтийн 89, байгалийн хийн 95, зэсийн 69, мөнгөний 44, алтны 40, молибден болон нүүрсний нөөцийнх нь 80 хувь байдаг. Худалдан авагчаа хүлээсэн шавхагдамгүй баялагийн хэрэглэгч нь Хятад, Япон, Өмнөд Солонгос. Түүнчлэн ирэх 10 жилд ДНБ-ийнх нь өсөлт таван хувийг давна гэж мэргэжилтнүүд тооцоолсон Филиппин, Индонез, Вьетнам, Малайз, Сингапур, Тайланд. Товчхондоо Зүүн өмнөд Ази.

В.Путин овоо хараандаа Зүүн өмнөд Азийг авснаас Тавантолгойн нүүрсийг хамтраад Хятадад заръя гэхэд нь салаавч үзүүлсэн монголчуудыг тоож харах нь юу л бол!? Ерөнхийлөгч Х.Баттулгын жишээ татсан Хакасаас гадна өчнөөн нүүрсний уурхай Сибирьт бий. Тэдний нэг нь Өмнөд Якутын Нерюнгригийн орд газар ил, далд уурхайгаас коксжих нүүрс олборлож буй “Колмар” ХХК. Экспортын асар их ирээдүйтэй учир засгийн газар нь төсвөөс 0.5 тэрбум рубль зарцуулан төмөр замын магистральтай холбож, өндөр хүчдэл татаж өгчээ. Одоо “Колмар”-ын нүүрс 2 433 км туулан Находка боомтод хүрэн өөрийнхөө талбайгаас зарагдаж байна. Олох ашгаа улам нэмэгдүүлэхийн тулд “Колмар” ХХК нүүрсээ өөрөө тээвэрлэж, борлуулдаг. Өнгөрсөн гуравдугаар сард тус компани “Программа развития 12+ и 20 +” төслөө танилцуулсан. “Колмар” ХХК 2020 он гэхэд ОХУ-д хамгийн их буюу жилдээ 20 сая тонн нүүрс олборлон баяжуулах аварга зорилт дэвшүүлжээ. Олборлосныхоо 80 хувийг Зүүн өмнөд Ази руу экспортлох гэнэ. Энэ 8 дугаар сараас Япон руу ачуулаад эхэлчихсэн. Сибирьт Нерюнгри шиг коксжих нүүрсний хэдэн арван ордыг олборлож байгаа. Тэгэхээр Монголд ганц УЦС бариулахгүй нээнтэглэж суудаг В.Путин “ах”-д манай нүүрсийг хямдхан зөөж өгөөд үнэтэй заруулах сэтгэл бий эсэхийг нь алга ташингаа бодох л хэрэгтэй дээ, хэдүүлээ.
 

Бидэнд зориулсан санал


Ялснаасаа хойш тасралтгүй алга ташуулж байгаа ерөнхийлөгч Х.Баттулга Будапештаас уухай цуурайтуулсаар Владивостокт буусан. Түүний анхны гадаад аялал-айлчлал хийсэн хоёр улсад нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байж таарлаа. Эхний “уулзалтад” зориулан манай ерөнхийлөгч Жүдогийн улсын шигшээ багтай бэлтгэл хийснийг бид хожим ойлгосон. Харин удаах уулзалтандаа хэрхэн бэлтгэснийг нь хараахан мэдээгүй байна. Ямартай ч тус чуулганд оролцсон эдийн засагч-нийтлэлч Д.Жаргалсайханы бичснийг харвал үр дүнгүй айлчлал болж. Нийт 2.4 ихнаяд рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай 148 иж бүрэн төсөл танилцуулсан чуулганы үеэр цухалзсан Тавантолгойн нүүрсийг 5 000 км зөөж зарах санаа ОХУ-ын төмөр замын мэргэжилтнүүдийн эгдүүг хөдөлгөжээ. “Коммерсантъ” сонинд арилжааны чансаа тодорхойлогч АКРА компаний захирал Максим Худалов “Находкынхон гомдмоор үнэлгээтэй хүний нүүрс хараад баярлахгүй л болов уу” хэмээн ярьжээ. Тэгээд ч манай ерөнхийлөгч өөрөө болоод А.Гансүх нэр холбогддог зүүн чиглэлийн төмөр зам нь хаа ч байгаа юм, хэзээ ч юм?! Ирэх хэдэн жилд барьчихдаг юмаа гэхэд өөрийгөө яая гэж яваа оросууд биднийг бодоо гэж үү?!?

Харин Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрыг өөрийн алдарт жүдоч Ясухиро Ямашитатай Токиод халз барилдахыг уриалав. Тус чуулганы үеэр манай талд тавьсан хамгийн бодитой санал энэ. Байнгын бэлтгэлтэй байдаг манай ерөнхийлөгч хоёр өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө “савна” гэдэгт монголчууд эргэлзэх хэрэггүй. Монгол бөхийн босоо цагаан хийморь Х.Баттулга ерөнхийлөгчийг ивээж, бид алга нижигнүүлэн ташиж таарна. Монгол ялна!!!

Нийтлэлч Д.Батбаяр 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин