• Эхлэл
  • Япон Улсын Элчин сайд Дархан-Уул аймагт айлчилж байна

Япон Улсын Элчин сайд Дархан-Уул аймагт айлчилж байна

2017/09/27

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өчигдөр /2017.09.26/ Дархан хотод айлчилж байна. Айлчилалын эхэнд аймгийн Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улмаар Нутгийн Удирдлагын ордонд “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд зааснаар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 185 сая төгрөгийн өртөгтэйгээр МСҮТ-ийн сантехникийн засварыг иж бүрэн  шинэчлэн, сарын хугацаан хүлээлгэж өгөх ажээ.  Харин гүйцэтгэгч байгууллагаар “Дархан Хясаат” ХХК ажиллахаар гэрээг үзэглэлээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока хэлэхдээ:- “МСҮТ-иас ирээдүйд Дарханыг болон Монгол Улсаа хөгжүүлэх боловсон хүчин ихээр төрөн гарна гэдэг итгэлтэй байна. Дархан-Уул аймгийг Монголын Эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг  Аж үйлдвэрийн хот гэж бодож байна. Тиймээс цаашид хамтийн ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллана.” гэв.  

Тэрээр айлчлалынхаа хүрээнд Япон Улсын тусламжтайгаар манай  аймагт хийгдсэн төслүүдийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед орон нутгийн удирдлагууд гадны хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт цөөнгүй ажлуудыг хийсэн. Тиймээс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх  боломж, нөхцлийн талаар ярилцсан байна.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт өнгөрсөн хугацаанд 20 гаруй төслийг хэрэгжүүлснээс боловсролын салбарт ихэнхи төслийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Дархан сумын 5 дугаар цэцэрлэг, Жигүүр цогцолбор сургуулийн их засвар болон Шарын гол сумын 2 дугаар сургууль, 14 дүгээр цэцэрлэгт өргөтгөл, засвар, энэ онд хийгдсэн Хонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны их засварын ажил зэргийг нэрлэж болно.

Энэ өдөр Япон Улсын Элчин сайд Энэрэл цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус сургуулийн биеийн тамирын танхим болон дотуур байрыг засварлах саналыг тавьсан юм.

Үргэлжлүүлэн “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай мөн танилцлаа. 24 жилийн тэртээ тус үйлдвэр Япон Улсын туслалцаатайгаар байгуулагдсан бөгөөд Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайкагаас мэргэжилтнүүд ирж, 10 гаруй жилийн хугацаанд  үйлдвэрийн ажилчдад заавар зөвлөгөө өгч байжээ. Өнөөдрийн уулзалтаар 2 тал боловсон хүчин бэлтгэх, ажилчдыг нарийн мэргэжилд сургах , хуучирсан тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Маргааш Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шарын гол, Хонгор сумдад ажиллана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин