• Эхлэл
  • Халдлагад Монгол хүн өртөөгүй гэв

Халдлагад Монгол хүн өртөөгүй гэв

2017/10/03

АНУ-ын Лас Вегас хотноо болсон аллага дэлхий нийтийг цочирдуулж байна. Өчигдөр буюу 2017.10.02-нд Лас Вегас хотод нэгэн хөгжмийн фестивалийн үеэр Стефан Паддок гэгч гал нээж 58 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулсан. 

Ийн олон хүн амь насаа алдсанд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп эмгэнэл илэрхийлж, АНУ-ын даяар гашуудал зарлаж, төрийн далбааг баасан гаригийн нар жаргах хүртэл бөхийлгөөд байна гэж BBC болон CNN мэдээлжээ

Гэмт этгээд хөгжмийн фестиваль болж буй задгай талбайн дэргэдэх өндөр барилгын 30 давхраас гэнэт гал нээж, хүмүүсийг олноор шүршиж эхэлсэн байна. Цагдаа нар нэн даруй гал нээсэн этгээдийг баривчлахаар дайрсан ч тэрээр аль хэдийнэ амиа хөнөөсөн байжээ.

Стефан Паддок 64 настай тэтгэвэртээ гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байжээ. Түүнийг ямар учраас ийм үйлдэл гаргасан талаар эргэн тойрныхон нь хэлж мэдэхгүй байгаа төдийгүй түүнийг ийм гэмт хэрэг хийсэнд гэр бүлийнхэн нь цочирдож хүлээж авсан байна. Пэддокийн эцэг Бенжамин Хоскинс нь сэтгэцийн өвчтэй, Холбооны мөрдөх товчооны хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний нэгд тооцдог, банк дээрэмдэгч байсан аж.

Тус халдлагын дараа Исламын улс бүлэглэл түүнийг өөрсдийн бүлгийн гишүүн байсан төдийгүй хэдхэн хоногийн өмнө исламын шашинд орсон гэж мэдэгдсэн ч Холбооны мөрдөх товчооноос уг мэдэгдлийг няцаасан байна.

Мөн энэ талаар Монгол Улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргасан байна. Үүнд:

АНУ-ын Лас Вегас хотод 10 дугаар сарын 1-ний өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд сэжигтний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд тэрээр амиа хорлосон байдалтай олджээ.

Халдлагад Монгол Улсын иргэн өртсөн гэсэн мэдээлэл байхгүй байна гэжээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин