• Эхлэл
  • Еэвэн сарын сорил уу, “ухамсрын шанаа” юу!

Еэвэн сарын сорил уу, “ухамсрын шанаа” юу!

2017/10/03

 

 

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

Урьдчилан таамаглаж байсанчлан Хятадууд “Еэвэн баяр” нэрийдлээр хилээ хаалаа. Тэд угаасаа ийм л шалтгаанаар хаадаг. Гэхдээ нэг хоног, цаашлаад хоёр, гурав хоногт Монголд юу болох нь вэ гэдгийг ажиглаж байгаа юм. Мэдээж олон улсын галт тэрэг болон нисэх онгоцуудыг хуваарийн дагуу зорчуулахад болон “зорчуулахгүй бол” гэсэн хувилбараар тооцооллоо хийж буй. 

Жишээ нь, 2003 онд тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр Далай ламыг урьж, хятадууд өнөөх л “Далай ламыг урьж болохгүй” гэдгээ тулгасан. Гэвч Н.Энхбаярын Засгийн газар “Сүсэгтэн олны хүсэлтээр...” гэдэг ээлжит тайлбараа тавьж, хятадууд “Тэгвэл танай УИХ, Засгийн газрын гишүүд Далай ламтай уулзаж болохгүй шүү” гэсэн нөхцлөөр зөвшөөрчээ.  Манайхан тэдний нүднээс нуух санаатай Их Тэнгэрт, эдүгээгийн Ерөнхий сайдын амьдарч байгаа байр сул байсан тул бэлдэж байгаад Далай ламыгаа авчирч залчихаад уулзаад байж. Шөнөжин Их Тэнгэр рүүгээ бүгдээрээ цувж шаваад байхаар яаж гэж урд ах нарын хурц хараанаас гарах вэ, дургүйцлийг төрүүлсэн хэрэг. Тэмээ элсэнд толгойгоо булчихаад өөрийгөө нуугдчихлаа гэж боддог гэдэг шиг л юм болж. Ингээд Далай лам ч буцаж, хятадууд 21 хоногоор хилийн хориг тавьчихав. Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд “техникийн шалтгаан” гэсэн хариу өгч. 

Монголчууд дээр доргүй сандралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр сайд бүр “10 хоногоор, 20 хоногоор хил хаахад нь салбарт нь ямар хэмжээний хохирол амсах тооцоо”-г хийж ир гэж үүрэгджээ. Яам бүр шөнөжин хуралдаж тооцоогоо танилцуулсан. Тэр үед Сангийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарын мэдээллээс харахад л манайд учрах хохирол түгшээж эхэлсэн байна. “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалт, ачаа тээвэрлэлт бүгд таг зогсож, Оросууд “Манайхаас улаанбуудай, нефтийн бүтээгдэхүүн зэргийг авахад урьдчилж тохиролцох, мэдэгдэх ёстой байсан. Төлөвлөөгүй туслалцаа үзүүлэх боломжгүй” гэсэн хариу өгч байв. Тухайн үеийн сайд нарын тооцооллоор манай улс Хятадын хилийн боомтууд хаагдахад 3.5 хоног буюу 90 цаг ч тэсэхээргүй байсан гэнэ. Өнөөдөр харин ямар тооцоолол гарах бол. Сайнаар ч, саараар ч нэлээд өөрчлөлттэй гарах биз. Гэхдээ тэд 21 хоног хилээ хаана гэчихээд манайхны хэрхэн бужигнаж сандрахыг харчихаад 2 хоноод л хилээ нээсэн ч хангалттай нарийн судалгаа авсан байдаг. Тиймээс ч 3.5 хоног л тэснэ гэсэн мэдээллийг авмагц “техникийн саатлыг арилгалаа” гээд хилээ нээсэн. Энэ бол улс төр, гадаад харилцааны хүрээнд өгсөн “ухамсрын шанаа” байв.

Дараахан нь Ван И тэр үеийн манай Засгийн газрын төлөөлөлтэй Бээжинд уулзаж оройн зоог барихдаа төгсгөлд нь “Мартсанаас саяхан танай хилийг хаахад танайхан гайгүй байв уу” гэж асуугаад байсан нь эгдүүцэл төрүүлснийг тэр үед Н.Энхбаярын Засгийн газарт ажиллаж байсан сайдууд өгүүлдэг юм. Ван И тэр үед толгой сэгсрэн “Ай, хэцүү юм болох шахаж. Хоёр хоног байсан нь яамай даа. Хорь хоног байсан бол яана аа, сайд аа” гээд хоржоонтой гаслаж даапаалсан гэдэг. Мөн “Монгол, Хятад хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэхэд бид их зүтгэсэн шүү. Цаашид хоёр талаасаа хичээн чармайх ёстой” гэхдээ “Одоо бол ганцхан манай талаас хичээн чармайгаад байна. Хоёр талаасаа анхаарах ёстой шүү” гэж маш ойлгомжтойгоор анхааруулсан байдаг. Өөрөөс нь хамааралтай өчүүхэн Монголыг хоригоор зэвсэглэн ялах мэхийг төгс хийсэн байгаа биз. Энэ ч яахав, 14 жилийн өмнөх явдал юм аа гэхэд өнгөрсөн хавар ирснээс нь хойш юу болж өнгөрөв, шинэ Ерөнхийлөгчийн байр суурь, үг яриаг хэрхэн анхаарч байна вэ гэдгийг харьцуулахгүй өнгөрөх аргагүй. 

Гурав хоногийн өмнө Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан “БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойн баярыг тохиолдуулан орон орны удирдагчдын баярын цахилгаан ирсээр байна. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Ши Жиньпин даргад баярын цахилгаан ирүүлсэн юм. Үүнд бид баяртай байна. Ерөнхийлөгч Х.Баттулга баярын цахилгаандаа харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол, Хятад хоёр орны ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ. Тэрбээр Хятадын талын Монголын талд туслалцаа үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгож Монгол улсын хөгжилд үзүүлж байгаа үйлдлийг өндрөөр үнэлсэн байна”  гэж мэдээлсэн байна. 

Байдаг л нэг мэдээлэл мэт боловч хэр онцолсон, үг бүрийг нь хэрхэн дүгнэсэн, яаж хүлээж авахыг хүсч байгаа нь арай л өөр байгаа биз. 

Одоо бид ОУВС гэдэг “хатуухан бэрийн шанага”-ыг царайчлах болсон. Бидэнд болзол тавих эрх тун хомс байна. Урд хөршөөс удаа дараа төрийн гэхээсээ улс төрийн шугамаар гуйж байж нэлээд зээл тусламж авлаа. Тэд манай нүүрсийг ч, бусад бараа бүтээгдэхүүнийг ч яаж ийж өөнтөглөөд худалдаж авах дургүй байгаагаа харуулахыг хүсч байна. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй, мөн Япон, БНСУ-ын удирдагчидтай хэрхэн сүжирч буйг хараад хилээ нэлээд урт хугацаагаар хаачихаж мэдэхээр байсан ч удаа дараагийн яриа хэлцэл байгааг бодолцон Еэвэн сарын баяраараа далимдуулж яг одоо хил нэг хоног хаахад Монгол яаж бачимдахыг харахыг хүсч байна. Ийм мэдээлэл хэзээ ч гарахгүй боловч энэ таамаглал 100 хувь няцаагдах аргагүй юм. 

Хятадууд “Биднээс эрт, одоогоос хавьгүй хэцүү үед нь “Өвсний үндэс” хөтөлбөрөөрөө тусалсаар ирсэн Япон улстай хэл, соёл, бизнесийн талаасаа манайхыг гүйцэж дотносоогүй одоо цагийн Монгол улстөрчид чанаргүй болжээ” гэж ярих болсон гэдэг. Тэдний сорилго дуусаагүй. Дөнгөж эхэлж байна. Одоо л манай улстөрчид, үг хэл, үйл хөдлөлөө анхаарч хянах, геополитик ярьж ихэрхэхээсээ өмнө харилцаагаа найрсаг байлгаж гэмээнэ зангилаа тайлагдана, хорсол тээж гэмээнэ хоосон хононо гэдгээ бодолцох цаг иржээ. Зөвхөн өмнөдөд ч биш дэлхийн бүх оронд найрсаг таатай уур амьсгалыг бий болгож эдийн засгийн элдэв хоригийг давж гэтлэхээс аргагүй болов. Өнөөдөр ч гэсэн бид дангаарших, хятадаас хамааралгүй байх бядтай болж дотоодын үйлдвэрлэлээ сэргэж өрнөөсөө салтал төгс мэхэнд нь унахгүй байх ёстой. Тэгэхэд Элчин сайд байж Монголыг даапаалж байсан Ван И эдүгээ Гадаад хэргийн сайд болж, өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монголын байр суурь, гадаад харилцааны өнгө төрх тэс өөр болсон. Гэвч байршлаа хэрхэвч өөрчилж чадахгүй, Хятадаас хамааралгүй болох хүртэл дэндүү хол зайтай байгаа нь харамсалтай.  

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин