• Эхлэл
  • У.Хүрэлсүх: Эмх замбараагүй байдлыг бий болгосон хүмүүстэй заамдалцаж, нэгийгээ үзэлцэнэ

У.Хүрэлсүх: Эмх замбараагүй байдлыг бий болгосон хүмүүстэй заамдалцаж, нэгийгээ үзэлцэнэ

2017/10/04

УИХ-ын хуралдаанаас Ерөнхий сайдаар томилохыг нь дэмжин батламжилснаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2017.10.04/ морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн байна.

Мөн энэ өдөр Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд тус тус хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ.

Ингээд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийг хүргэж байна.

 

 

 

У.Хүрэлсүх: Эмх замбараагүй байдлыг бий болгосон хүмүүстэй заамдалцаж, нэгийгээ үзэлцэнэ.  

-Надад итгэл үзүүлж Ерөнхий сайдаар томилсон, миний нэрийг дэвшүүлсэн МАН-ын хамт олондоо талархаж байна. Би та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би авлигатай тэмцэж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана. Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байна. Ард түмэн ууртай байна. Баян хоосны ялгаа туйлдаа хүрч, эрх мэдэл өнгө мөнгөний хүчинд мөхөсдөж байна. Манай нийгэмд хууль дээдлэх ёс зарчим бүхэлдээ алдагдлаа. Би төр засаг байдаг, ард түмэн гэж байдгийг мэдрүүлэх болно.

Эмх замбараагүй байдлыг бий болгосон хүмүүстэй заамдалцаж, нэгийгээ үзэлцэнэ. Гэхдээ хуулийн хүрээнд ажиллана. Төрийн ажил хувийн өрөөнд, хундаганы ард явдаг болоод удсан. Төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, Монгол төрийн дархлаа суларсан. Шударга ёс гэсэн цэвэр агаар дутагдаж өнөөдрийн Улаанбатарын өвлийн агаар шиг болоод байна. Тиймээс одоо л бид зоригтой шийдвэр гаргахгүй бол болохгүй. Манай Засгийн газар нийгмийн шударга ёсыг сэргээж, мэргэшсэн засгийн газар, сахилга хариуцлагыг тогтооно. Энэ цаг мөчөөс хойш төрийн алба бол өндөр ёс зүй, хуулийг чандлан ажиллана гэдгийг би хэлмээр байна.

Би хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлээр ажиллана. Баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ. Байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч. Энэ бол миний амьдралын зарчим. Баялгаа зөв хуваарилж ажиллана. Бид уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. Манай улсад хоёр сайн хөрш, хоёр сайн зах зээл байна. Энэ зах зээл рүү бид хүнс, мах экспортлож, хөрөнгө оруулалт татах боломж байна. Хийж бүтээж байгаа хэнийг ч төрийн дарамтаас өмгөөлөх болно. Харин та бүхнээс улсдаа төлж байгаа татвараа үнэнчээр төлөхийг хүснэ. Бидний бодлого үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт би гүнээ итгэж байна. Хүнд хэцүү цагт дэмжиж ажилласан ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн доор хууль бус зүйлийг далдлан хаахгүй. Надаас хууль бус зүйл битгий хүсээрэй. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйл дээр л айж байна. Ард түмний итгэлийг алдахаас айж байна.

Монгол Улс үеийн үед мандан бадраг.

Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн товч намтар

Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

· 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

· 1989 онд Батлан хамгаалахын их сургууль

· 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

· 2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал

· 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

· 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

· 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

· 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал

· 1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

· 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

· 2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

· 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

· 2000-2004 онд УИХ-ын гишүүн

· 2004-2008 онд УИХ-ын гишүүн

· 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд

· 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

· 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

· 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

· 2012-2013 онд УИХ-ын гишүүн

· 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

· 2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин