• Эхлэл
  • Л.Болд:Бид нээлттэй, тогтвортой орчин бүрдүүлэх ёстой  

Л.Болд:Бид нээлттэй, тогтвортой орчин бүрдүүлэх ёстой  

2017/10/04

Өвөр Монголын Хөх хотод болсон Монгол-Хятадын хоёрдугаар эксогийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын Өвөр Монголын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыга хүргэж байна.

- Таныг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед ийм экспо зохион байгуулах яриа хэлэлцээр хийгдэж, өдгөө амжилттай хэрэгжиж байгааа. Одоо хоёр дахь удаагаа зохиогдож байгаа экспод оролцож байгаагийн хувьд өмнөх экспотой харьцуулахад ямар үр дүн гарч байгаа гэж та хэлэх вэ?

-Энэ экспог зохион байгуулснаас хойш олон аж ахуйн нэгжүүд энэ арга хэмжээнд оролцох, бараа бүтээгдэхүүнээ зарах, борлуулах идэвх, сонирхол улам нэмэгдэж байна. Мэдээж эхний экспо бол эхний гараа эхлэл байсан. Харин хоёр дахь удаагийн экспогоор бодитой том төслүүдэд хамтран, хамтын ажиллагаа урагшлуулах томоохон төсөл, алсыг харсан шийдэлд хүрэх яриа хэлэлцээрийг өрнүүлж, томоохон дэвшилттэй болж байгаа нь харагдаж байгаа.

 -Хоёр улсын бизнесийн хөгжлийг түргэтгэхэд чөлөөт бүс байгуулах нь чухал талаар экспогийн үеэр болсон форумын үеэр асуудал хөндөгдөж байсан. Монгол Улсын хувьд чөлөөт бус байгуулах тухай олон жил яригдаж байгаа. Одоо харин ямар шатанд ажил явагдаж байна вэ, чөлөөт бүсийн талаар та ямар бодолтой байдаг вэ?  

-Тийм ээ. Чөлөөт бүс байгуулах талаар олон жил яригдаж байна. Чөлөөт бүс байгуулахын тулд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох нь чухал. Өнөөдөр Монгол Улсын хувьд Сингапур, Гонконг гэх мэт өнөөдөр дэвшингүй хөгжилтэй байгаа чөлөөт бүсүүдийн жишгээр бүс байгуулах бололцоо бий. Энэ талаар бид олон жил судалгаа хийж, одоо хуулийн төслөө өргөн барихаар ажиллаж байгаа. Ингэснээрээ Монгол Улс зөвхөн байгалийн баялгаа олборлон бусдад нийлүүлэх бус санхүүгийн том татах хүч, санхүүгийн хөрөнгийг төвлөрүүлэгч болох бололцоотой. Энэ талаар бид цаашдаа ч ажиллах ёстой, хууль эрх зүйн тодорхой шийдлүүдийг гаргах ёстой.

-Монгол Улс байгалийн асар их баялагтай, газар зүйн хувьд онцгой нөхцөлтэй улс орон. Тийм учраас бид Зүүн хойд Ази, Төв Ази, Гонконгоор дамжуулан Зүүн өмнөд Азийн бүс нутагт асар том эдийн засгийн гарцыг бий болгон ажиллах ёстой. Бидэнд Хятадын нэг хэсэг болсон Өвөр Монгол болон Гонконгтой харилцан амжилттай ажиллах асар их нөөц бололцоо бий. Энэ чиглэлээр илүү нарийвчлан ярилцаж, үр ашгийг нь гаргах чиглэлээр өнөөдөр яриа хэлэлцээр амжилттай өрнөж байна.

-Ойрын үед хийгдэх хөрөнгө оруулалтын ямар ажлууд байгаа вэ?

БНХАУ-тай тодорхой яриа хэлэлцээрийн хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлсэн байгаа. Ялангуяа Монгол Улс Ази-Европ, Хятад-Оросыг холбосон хамгийн том  эдийн засгийн коридорын томоохон төслийг боловсруулж гаргаад байна. Үүнд Монгол Улстай холбоотой олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай  32 төсөл байгаа. Энэ бүхэн бол Монгол Улсын хөгжлийг өндөр төвшинд гаргах маш том боломж бүхий төслүүд юм гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор хэмээх томоохон хөтөлбөр яригдаж байна. Энэ төслүүд хэзээнээс хэрэгжиж эхлэх бол? Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юу шаардлагатай вэ?

-Бид өөрсдийнхөө хувьд хөрөнгө оруулалтын ээлтэй, тогтвортой, нээлттэй орчныг бүрдүүлэх даалгаврыг биелүүлэх ёстой. Мөн шаардлагатай байгаа эрх зүй, хөрөнгө оруулалтын нөхцлүүдийг Засгийн газар, УИХ-ын зүгээс бүрдүүлж өгөх ёстой. Ингэж чадвал ажил эхлэхэд ямар ч саад тотгор байхгүй. Энэ талаар өнөөдөр хөрөнгө оруулагчид бодитой, хариултыг өнөөдөр сонслоо. Тийм учраас ямар нэгэн саад тотгоргүйгээр ажлаа эхлэх боломжтой болсон гэдэгт итгэлтэй байгаа.

-Монгол-Хятад-Орос гурван орон мөнхийн хөршүүд. Худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа бол тасралтгүй явагдаж байгаа. Гэхдээ энэ гурван орны харилцаа, хамтын ажиллагааны хувьд хамгийн чухалчилж үзэх асуудал нь юу гэж та бодож байна вэ?

-Монгол-Хятад-Орос гурван орны хувьд эртний бизнес хамтын ажиллагааны түүхтэй. Гэхдээ Монгол-Хятадын юм уу, Монгол-Оросын, Орос-Хятадын гэх мэт хамтын ажиллагааны шууд чиглэлүүд голчилж байснаас бус Монгол-Орос-Хятадын гэх гурвалсан, эн тэнцүү хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх хөгжлийн асуудал дутмаг байсан. Харин одоо эн тэнцүү гурвалсан харилцааг бодитоор нь хэрэгжүүлэх боломжтой боллоо. Тийм учраас Монголын Засгийн газар, УИХ, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд маш онцгой анхаарч, энэ интеграцчиллыг үйл ажиллагааныхаа тэргүүн зорилго болгож ажиллах нь чухал.

Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы тусгай дугаар. 2017.09.29

 

 “МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ӨМӨЗО, ХОНКОНГИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН

ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ИЙГ НЭЭЖ

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

 

Эрхэм хүндэт Монгол, Хятад анд нөхөд өө,

Эрхэм хүндэт бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид аа,

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хонконгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг”-т хүрэлцэн ирсэн Та бүгдийн амар амгаланг айлтгаж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөдөр Хөххотноо эхэлж буй буй Экспо нь худалдаа, эдийн засгийн агуулга голлосон, аж ахуй эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцогчдын дийлэнхи хувийг бүрдүүлж буй хэдий ч уг цогц арга хэмжээний хүрээнд соёл урлаг, спорт, эрдэм шинжилгээний олон арга хэмжээ зохиогдож байгаа нь онцлог юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулахуйц томоохон арга хэмжээнд оролцож, үг хэлэх завшаан тохиосонд миний бие баяртай байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй хоёр талын зохион байгуулагчид, ялангуяа, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар,  Монгол Улсын Үндэсний хөгжлийн газарт баяр хүргэе.

Монгол, Хятадын харилцаа хоёр талын хамтын хүч чармайлтын дүнд бүх салбарт тогтвортой урагшлан хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрээд буйд монголын тал сэтгэл хангалуун байдаг. 

БНХАУ нь сүүлийн 10 гаруй жилийн туршид манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын томоохон түншүүдийн нэг байж ирсэн билээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар Монгол-Хятадын худалдааны эргэлт 4.4 тэрбум ам.долларт хүрч, манай улсын гадаад худалдааны 64.4 хувийг бүрдүүлсэн бол 1990-2017 оны хооронд БНХАУ-аас нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь  манай улсад орсон нийт хөрөнгө оруулалтын 27,2 хувийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 улсаас 2 дугаарт орсон,  БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд нийт бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн аж ахуйн нэгжүүд 1990-2016 оны хооронд  Монгол Улсад 190 компани байгуулж, 313 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд компаний тоогоороо 9 дүгээрт, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 11 дүгээрт орж байна.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр улсын худалдааны 70 орчим хувь нь тус ӨЗО-аар дамжин хийгддэг, Монгол-Хятадын хилийн 13 боомтын 9 нь тус ӨЗО-ны нутаг дэвсгэр дээр байдаг нь ч үүний тод жишээ юм. Манай улсын зүгээс ӨМӨЗО болон Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүстэй худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд энэ ч үүднээс өөрийн ЕКГ-уудыг байгуулан ажиллаж байна.

Хатагтай, ноёд оо,

Хүндэт хөрөнгө оруулагчид аа,

Энэ удаагийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, бодлого болон тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийг танилцуулах боломж олдож буйд баяртай  байна.

Манай улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, уул уурхайн салбарт томоохон төслүүд яригдаж, зарим нь хэрэгжиж эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. Монголын төр, засгаас эрдэс баялгийн нөөц, уул уурхайн түүхий эд дээр тулгуурласан аж үйлдвэрийн цогцолбор, тухайлбал, хар металлургийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, барилга, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг тавьж байна.

Уул уурхайн салбараас хараат байгаа нь Монгол Улсын эдийн засгийн  сул тал гэдгийг бид ойлгож эдийн засгийн хөгжилд хөшүүрэг болохуйц нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.  Тухайлбал, УИХ-аас батласан Аж үйлдвэрийн бодлогын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн манай улсад 70 орчим сая мал бүхий хөдөө аж ахуй, байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвшиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь ихэссэн эрүүл мэндийн салбар, үзэсгэлэнт, түүхт байгаль орчинд суурилсан адал явдалт аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг маш олон салбаруудад бизнесийн боломжууд бий.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаашид ч анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авна. Чингэхдээ уул уурхайгаас бусад салбарт оруулах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих болно. Мөн манай улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд нийслэл Улаанбаатараас алслагдсан аймаг, хотуудад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, тодорхой хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж буйг та бүхэн анхааралдаа авахыг хүсье. 

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төр, засгийн байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа чухлын зэрэгцээ хамгийн гол нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа шийдвэрлэх үүрэгтэй. Тус Экспо-гийн хүрээнд зохиогдох хурал форум, үзэсгэлэн яармагийн үр дүнд аж ахуйн нэгжүүд хоорондын хэлхээ холбоо бэхжиж, бизнесийн чухал хэлцлүүд хийгдэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.

Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу

Ж.Батзандан:Экспогийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай

Өвөр Монгол анд нөхөддөө баярлалаа

Гурван улсын нэг тэмүүлэл

Б.Лхагважав:Өвөр Монголын зах зээл-том гарц, том боломж

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин