• Эхлэл
  • Ерөнхий сайд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс нэг ч иш татсангүй

Ерөнхий сайд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс нэг ч иш татсангүй

2017/10/05

-Засгийн газар бүхэн өөрийн мөрийн хөтөлбөртэй. Тэрхүү мөрийн хөтөлбөр нь УИХ-д олонх болсон намынх нь сонгуулийн амлалтад суурилсан байдаг жишигтэй. Тийм учраас түүний шинэ ажил юун түрүүнд УИХ дахь намын бүлэгтэйгээ учраа олохоос эхлэх ёстой байв- 
 

УИХ-ын гаднаас Ерөнхий сайдад томилогдож буй “дан дээлтэй” Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр албан үүргээ тамгын хамт хүлээн авлаа. Өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан ч Ерөнхий сайдаа огцруулах асуудлыг санаачлан зохион байгуулж, санасандаа ч хүрсэн юм. Өмнө нь цөөнгүй Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч байсан боловч танхимын гишүүд дотроосоо санал гарган онхолдуулж байсан түүх үүнээс өөр үгүй. Хажууд явсан нөхөр минь хаяагаа хадрахыг харлаа гэх утгатай үгийг өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд зориулан чуулганы индэр дээрээс хэлээд бууж байв.

Шууд утгаар бол “урвасан” гэж хэлж буй хэрэг. Энэ нь олны мэдэж байгаагаар У.Хүрэлсүхийн хоёр дахь “урвалт” байсныг сануулах нь илүүц байж мэднэ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгч намын нэр дэвшигчийг далдуур дэмжиж ажилласан, ингэхдээ Шадар сайдын албан тушаалаа ашигласан гэж ойлгогдохоор баримт олон нийтийн сүлжээнд тавигдсан. Нэгэнтээ би “нам, эхнэр хоёроо хэзээ ч солихгүй” хэмээн ам гарч явсан залуу улстөрч У.Хүрэлсүх намаа солиогүй ч намынхнаасаа хоёронтаа урвасны эцэст өөрийгөө Монгол Улсын Ерөнхий сайдын суудалд аваачиж тавьлаа. 

Тэгэхээр түүний хувьд өчигдөр бол улс төрчийн шинэ намтраа эхлүүлж буй анхны өдөр байсан ч намтар эхлэхийн өмнөх оршил хэсэг тийм ч цэвэр тунгалаг байж чадсангүй. Тийм ч учраас УИХ дахь намын бүлгийн гишүүдийн тал хувь нь түүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсонгүй. Үүнээс шалтгаалаад Ерөнхий сайдыг томилох, батлах асуудлыг парламент түүхэндээ анх удаа тун бага буюу 47 гишүүний ирцтэйгээр хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүчтэй улстөрчийг тодотгох хамгийн чухал үзүүлэлт нь хүлээн зөвшөөрөгдөх явдал. Хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд хүрээлэл, дэмжлэгийг өөртөө татна. Өчигдрийн байдлаар түүнд энэ бүхэн дутуу харагдлаа. Яагаад ийм нөхцөл байдалд төрийн тамга гардаж авснаа, тэгээд цаашид яах ёстойгоо тэрбээр бодож хоносон болов уу.

Засгийн газар бүхэн өөрийн мөрийн хөтөлбөртэй. Тэрхүү мөрийн хөтөлбөр нь УИХ-д олонх болсон намынх нь сонгуулийн амлалтад суурилсан байдаг жишигтэй. Тийм учраас түүний шинэ ажил юун түрүүнд УИХ дахь намын бүлэгтэйгээ учраа олохоос эхлэх ёстой байв. Намрын чуулганы нээлт даваа гарагт болсон бол мягмар гарагт нь У.Хүрэлсүх АН-ын бүлгийнхэнтэй ам хэл нийлж, амлалт аваад гарч ирснийг Д.Эрдэнэбат даргын гарын үсэг бүхий албан бичиг нийтэд зарлав. Ерөнхий сайдад томилогдоод хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ардчилсан намын бүлгээс санал болгон захисан асуудлуудаар амлалт өгөөд буув. Хүний урманд “МАН-ын мөрийн хөтөлбөр”-өөс иш татсангүй. Эрх баригч намын мөрийн хөтөлбөр Гүйцэтгэх Засаглалын тэргүүнд нь чухал биш юм бол шинээр бүрдэх Засгийн газар аль намынх болж таарах вэ?

Ирэх сард болох МАН-ын Их хурлаас намын даргаар сонгогдох горь түүнд байгаа бол энэ нь бараг найдваргүй болж ч мэдэхээр. Ерөнхий сайдын ажлаа авсан анхны өдөр нь тийм таатай зөгнөлийг авчирсангүй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГЭЭС:

...Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ноогдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой. Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ? 
...Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ. 
...Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.
...Хүнс болон хүнсний ногооны хувьд ч төрөөс байгаа боломжоороо дэмжиж, худалдан авалт хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цайны газартаа Монголдоо үйлдвэрлэсэн хүнсний түүхий эдийг худалдан авдаг болох ёстой. Ингэж байж бид гарал үүсэл нь тодорхой, аюулгүй хүнс үйлдвэрлэл, хүнсний кластераа дэмжинэ. Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ХЭЛСЭН ҮГЭЭС:

...Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ. "Иргэн баян бол Улс баян" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.
...Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгдхүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ. Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана.
...Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна. Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.
...Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй.Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.
...Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон. Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана.

ЭХ СУРВАЛЖ:ӨГЛӨӨНИЙ СОНИН 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин