• Эхлэл
  • Шинэ засгийн газраа “хашир бурхи”-нуудаар бүрдүүлбэл зүгээр дээ...

Шинэ засгийн газраа “хашир бурхи”-нуудаар бүрдүүлбэл зүгээр дээ...

2017/10/05

Өөрийн засгийн газраа тогооноосоо хагалсан “ах” намынхан ямартаа ч шинэ засгийн тэргүүнээрээ шадар сайд асан У.Хүрэлсүхийг сонголоо. Харин “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар жилийн хугацаанд хэр сайн ажилласан бэ гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа биз ээ. Гэвч сүржин нэртэй хуучин засаг мэргэжлийн гэх нэрээ хамгаалан ажиллаж чадаагүй гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу.

Ер нь ч яам толгойлож ажиллана гэдэг ямба ихтэй, захын нэгэн улстөрч нэр зүүсэн хүний хийчихдэг ажил ч биш л дээ. Тиймээс аль ч яаманд ёстой нөгөө хуучин бууны хугархай гэдэг шиг өмнө нь ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг тавих нь зүй ёсны асуудал юм. Шинэхэн Засгийн газрын тэргүүн маань ч бас нэгийг бодож, хоёрыг тунгаан алсыг харж, кабинетаа бүрдүүлэх хэрэгтэй болов уу.

МАН АН-ыг бодвол боловсон хүчин сайтай, сайдын ажлыг өлхөн хийчихээр хүмүүс цөөнгүй бий. Гэвч улс орны эдийн засаг хүндхэн, ард иргэдийн амьдрал ядмагхан байгаа энэ цаг үед заавал намаасаа гэхгүйгээр хашир туршлагатай хүмүүсийг сонгох улс орны амьдрал, цаашилаад намынх нь нэр хүндэд ч тустай даа уг нь. Тухайлбал Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны дэд сайд асан Ч.Куланда, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэл,  Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Хууль зүйн дэд сайд асан В.Удвал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Д.Тэрбишдагва гэх мэтийн туршлагатай хүмүүсийг нэрлэж болох юм.

Б.Баяр

Эх сурвалж:ulsturch.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин