• Эхлэл
  • Урагшилж буй АН, ухарч буй МАН

Урагшилж буй АН, ухарч буй МАН

2017/10/05

Увс аймгийн нутаг Хархираа уулын бэлд Ардчилсан намын гишүүд, дэмжигчид асар, майхнаа босгон “Бэсрэг наадам” зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд АН-ын дарга С.Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Үүрийнтуяа, Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Тэгшбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Ирсэн зочдоо Увс аймгийн АН-ын хорооны дарга Ч.Чимид тэргүүтэй албаны хүмүүс тосч авлаа. Ч.Чимэд даргын тухайд намд хэрэгжиж байгаа “Шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд нийт гишүүдээс сонгогдоод удаагүй байгаа ч ажил үйлсээрээ гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хүлээж чаджээ. Энэ удаа “Гишүүдийн оролцоо, манлайлал” бүтэн жилийн аян хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тус аяны хүрээнд Увс аймгийн Ардчилсан намын хорооны удирдлагууд бүх сум, багаараа явж гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсч, гишүүдээ чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн гэнэ. АН-ын дарга С.Эрдэнэ ч ижил төстэй зорилгоор 21 аймгаа тойрч ажилласан.

Сүүлийн нэг жилийн хугацаанд тэрбээр Увс аймагт дөрөв дэх удаагаа ирж байгаа нь энэ юм. Ер нь 21 аймгаараа 3-4 удаа тойрчээ. Улаангомд ирэх замдаа Ховд аймагт зохион байгуулсан “АН-ын гишүүд, дэмжигчдийн урлаг, спортын их наадам” болон Баян-Өлгий аймгийн намын байрны шав тавих ёслолд оролцож, баруун аймгуудад томилолтоор ажиллав. Гишүүдээ ойр ойрхон тойлж, эргэж яваа нь ч учиртай. Тухайлбал, энэ удаа АН-ын Үзэл баримтлалын онолоо нийт гишүүддээ биечлэн танилцуулж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ намын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа Олон улсын чанарын удирдлагын тогтолцооныхоо талаар мэдээлэл, сургалт өгөх давхар зорилготой явсан. Бидний мэддэгээр “ISO-2000, 2001” гэхчилэн шатлалтай энэхүү стандартыг улс төрийн намын бүтцэд хэрэгжүүлж байгаа нь хэний хүний анхаарлыг татаж байв.

Зөвхөн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд л энэхүү стандартыг мөрддөг гэх явцуу ойлголттой нэгэнтэй ч таарсан юм. Төрийн албанд ч ховорхон нэвтрүүлсэн стандартын мөн чанар нь “Чанарт суурилсан тогтолцоо” юм. Ажилтны ёс зүйн кодоос эхлээд үйл ажиллагааны стандарт, үйлчилгээний чанарыг зөвхөн энэ стандартад нийцсэн хэмжүүрээр л хэмжинэ. Өөрөөр хэлбэл, АН-ын үйл ажиллагааг олон улсын чанарын стандартад нийцүүлэхээр хичээж байгаа аж. С.Эрдэнэ дарга “Энэхүү арга хэмжээ нь зөвхөн төв намын Хэрэг эрхлэх газарт хэрэгжээд зогсохгүй. Цаашдаа бүх аймаг, дүүрэг, нийслэл, сум, багийн намын хороо, үүрүүдэд нэвтрэх учиртай”-г хэллээ. Тиймээс бэлтгэл ажлаа эртнээс хангаж, аймгийн намын Хэрэг эрхлэх газрын ажилтан, албан хаагчид болон гишүүдээ чадавхижуулахад анхаарлаа хандуулахыг захисан юм. Үүнээс гадна улс төрийн намын амин сүнс болсон Үзэл баримтлалын онолоо боловсруулахад нам хүч хаяж, ач холбогдол өгч байгаа аж.

Тус намын урдаа барьдаг лидерүүдээс гадна эрдэмтэн, мэргэдийн саналыг ч авчээ. Энэ сэдвээр онол практикийн бага хурал зохион байгуулж, орон даяар гишүүдээрээ хэлэлцүүлж байгаа юм байна. Намын ҮБХ-ны гишүүн Н.Тэгшбаяр Увс нутгаас төрөн гарсан АН-ын залуу лидерүүдийн нэг. Тэрбээр намын удирдлагуудын бүрэлдэхүүнд багтан Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажилласан тухайгаа “2016 оны УИХ-ын сонгуулийн дараа дан ганц Увс аймаг гэлтгүй нийт гишүүд, дэмжигчдийн маань урам зориг хугарч, итгэл алдарсан. Зөвхөн сонгуулийн дараа ч биш сонгуулийн өмнөөс л итгэл алдарч эхэлсэн. Энэ байдал одоо ор мөргүй алга болжээ. Нам маш богино хугацаанд хөл дээрээ босч, шинэчлэл хийсний ачаар гишүүдийн идэвхи илт сэргэжээ. Жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлснээр үнэ цэнэ нь өсч, урам зориг нь ч сэргэсэн байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан нам нэг бодлого, нэг сэтгэлтэйгээр оролцож, ялалт байгуулсан нь үүний нэг нотолгоо. Бид цаашдаа энэ эрчээ алдалгүйгээр шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлэх нь чухал байна” хэмээн ярилаа. Ийнхүү албаны уулзалтууд өндөрлөж, С.Эрдэнэ дарга тэргүүтэй АН-ын удирдлагууд гишүүдтэйгээ энгийн яриа хөөрөөнд шилжив. “Зангиагүй уулзалт” ч гэж тодорхойлж болохоор тэрхүү уулзалтын сонин хачнаас өгүүлье. Ардчиллын ахмад зүтгэлтэн буурай “Урьдын цагт намын даргаа зурагтаар л хардаг байлаа. “Тийм дарга сонгогдож гэнэ, ийм дарга боллоо” л гэнэ. Барааг нь харуулдаг ганц эд телевизор. Аймгийн намын дарга нэг нөхөр боллоо гэнэ. Эрхбиш нутгийн юм болохоор нэр, зүсийг нь мэднэ. Хот, хөдөөгүй гүйгээд гишүүддээ барагтай бол олдохгүй. Харин С.Эрдэнэ дарга таны эхлүүлсэн шинэчлэлийн ачаар бид бүх гишүүдийнхээ оролцоотойгоор даргаа сонгосон. Та ч бас бидний сонголтын үр дүн. Ийм хүмүүс намын удирдлагад гарч ирснээр гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа илүү ухамсарладаг юм байна. Жишээ нь, та манай аймагт сонгогдох гэж ирснээсээ хойш дөрөв, сонгогдсоноосоо хойш гурав дахь удаагаа ирлээ. Ирэх болгондоо зөв зүйтэй юм ярьж ирж байгаад жирийн гишүүд бид талархалтай хандаж байна” гэсэн юм.

Харин С.Эрдэнэ дарга, “Гишүүдийн оролцоог хангана гэдэг бүгд ажиллана гэсэн үг. Бид нэг хүн шиг, нэг зорилготой, эв нэгдэлтэй ажиллаж байж амжилтад хүрнэ. Маргааш гэж хойш тавилгүй өнөөдрөөс хичээж ажиллах юм бол бид амжилтад хүрнэ. Түүнээс сонгуулийн өмнө гэнэт гарч ирээд “Би ийм дарга болно, тийм дарга болно” гэж явдаг цаг өнгөрсөн. Эсвэл хүнд хэцүү үед нь намын нөхдөө орхиж гадаадад амарч байгаад гэнэтхэн хүрч ирээд сайд, дарга болдог гаж тогтолцоо үгүй болсон. Тухайн салбараа мэддэг, зовлон жаргалыг нь ойлгодог, мэргэжил, мэдлэг боловсролоороо тэргүүлдэг байж “Энэ салбарт ажиллахад бэлтгэгдсэн боловсон хүчин” гэдгээ хүлээн зөвшөөрүүлнэ. Түүнээс “Би намдаа тийм хандив өгсөн, ийм мөнгө өгсөн, тийм дарга болно” гэж явдаг цаг үеэ өнгөрөөсөн. “60 тэрбумын” гэх тодотголтой энэхүү авлигалын системийг манай нам хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Энэ нь намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс “Жинхэнэ нүдээ олсон бодлого” гэх талархлыг хүлээлээ.

Ийнхүү АН-ын даргын баруун аймгуудын томилолт өндөрлөсөн юм. Монголын Ардчиллын нүүр царай болж яваа АН-ын шинэчлэл хот, хөдөөгүй үргэлжилсээр, үр дүнд хүрсээр байгаа нь баруун аймгуудаар хийсэн томилолтоос харагдлаа. Ардчилсан нам түүхэндээ хэдэнтээ хуваагдаж, мөн тоогоор эвлэлдэн нэгдсэн түүхтэй. Тэр болгонд амжилт, ялалтад хүрдгийг түүх гэрчилнэ. Харин нийслэл хотноо биднийг ирэхэд МАН-ынхан засгаа унагаж орхиод эвлэлдэх бус хоёр хуваагдчихсан дүр зураг угтсан. Намын түүхэндээ тодоор бичигдэх үнэмлэхүй амжилт гаргаж 65 суудал авсан атлаа тэд түмний итгэлийг хүлээж чадахгүй сайдын суудлын төлөө хоёр хуваагдан уралцаж байх аж. Эндээс харахад, 27 жилийн түүхтэй АН-ын шинэчлэл алхам алхмаар урагшилж, харин 90 жилийн түүхтэй МАН-ынхан улам л ухарч байна даа гэх бодол төрж байлаа.

ЭХ СУРВАЛЖ:AMJILTCOM .Ганчимэг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин