Манай зам ба хүний зам

2017.10.06

Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор хэмээх маш том хөтөлбөрийн сураг айсуй. Айсуй ч гэж дээ, бас л чамгүй олон жил яригдаж байгаа. Гэхдээ олон нийтийн дунд мэдээлэл бага байх шиг. Уг нь Монгол, Орос Хятад гэлтгүй Европ Азийг холбосон том ажил. Хятадын зүгээс бол “Бид хамтдаа дэлхийн тавцанд тоглоно. Энэ бол гурван улсын төдий бус дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэх том ажил” гэж аархаж байна. Энд зөвхөн хурдны зам бус түүнийг дагасан дэд бүтэц, ложистик, цахилгаан станц, цахилгааны шугам сүлжээ, манайхны урагш ер хөдөлдөггүй төмөр замын асуудал цөм багтсан. Товчхондоо дэлхийн хамгийн том зах зээл болоод байгаа Хятад Оросыг, нарийндаа бол Ази Европыг холбосон хамгийн том гүүр. 

Энэ том гүүрийн хамгийн эгц, шулуун бөгөөд урт, магадгүй хамгийн адармаатай зам нь Монгол. 

Газрын зураг дээр бол нэгэн эгц шугам татаад л Ази Европийг холбочих атал Монгол Улс ”зам”-нд дургүй юм уу, нэг л гэдийлттэй. Уг нь бол асар том газар нутагтай, дэд бүтэц муу гэдэг Монгол Улсад зам шиг хэрэгтэй зүйл үгүй. Тэр тусмаа төмөр зам. Дээр нь эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх нь үеэс үед л Монголын бас нэг том асуудал. Санаагаар болдог сон бол Хятад, Оростойгоо хэл амаа ололцоо л нэг цогц төсөл болсон зам тээвэр, эрчим хүчний коридор байгуулчихвал урагшаа хөдөлж чадахгүй байгаа монголчуудад бүр олз болмоор. Мэдээж геополитек, улс төр, олон улсын харилцааны нарийн ёс жаяг гээд олон зүйл байгаа л байх даа. Гэхдээ л хоёр мөнхийн хөрш маань санал тавиад байхад Монгол яагаад аажуухан “яст мэлхий” царайлаад байгаа юм бол? Арай энэ дунд арал шиг хаягдчих гээд байгаа юм биш биз? Хийн хоолойг нутгаараа тойруулчихсан туршлага уг нь байгаа л баймаар. 

Нэгэн яриа:

Замын-Үүдээр дөнгөж гараад л Эрээн дээр зогсч байтал замд танилцсан залуу цагаан, цагаан савтай зүйл ачсан уртын урт вагонуудыг заагаад 

-Хамгийн их явдаг, хамгийн ашигтай ачаа. Орос шууд гаргадаг, химийн бодис гэсэн гэхүй дор “Юун химийн бодис юм бол? Хортой юм биш биз. Орос руу ачиж байна гээд Монголын маань хөрс шороог бузарлаж байдаг юм биш биз? Нөгөө аюултай нууц, химийн бодисууд? Арай ураны булш” гэхчилэн харын бодол шууд зурсхийв. 

Харин зам тээврийн бизнес эрхэлдэг бас л шинэ танил өвөрлөгч нөхөр “Орос руу шууд транзитаар ачигддаг, уурхайд хэрэглэдэг бодис. Уг нь Монголоор тээвэрлэвэл хамгийн тод, тээврийн зардал нь бага гардаг юм. Даанч Монголын дарга нартай хэл амаа олоход хэцүү шүү. Ер нь л ачаа байнга саатдаг” гэх. Химийн бодис нь дүүрч гэхэд жирийн л нэг ачааг яаж ийгээд саатуулдаг, байнга л будилаан үүсдэг гэсэн яриаг энд сонсов. Хэлээгүй  л болохоос “асуудал”-ыг шийддэг “ганц” арга зам нь бараг тодорхой юм шиг байна лээ.   

Удаахь яриа:

Монголын Засаг төр нь байж байгаад л солигддог нь “үнээр яршиг төвөгтэй” байдаг талаар зарим нэг нь сэм ам алдана. Өвөр Монголын Хөх хотод болсон экспо-д л гэхэд Монголд Ерөнхий сайдаа огцруулчихсан, удахгүй албаа өгөх нь бараг тодорхой болсон үүрэг гүйцэтгэгч хоёр сайд, алба нь бас л тодорхойгүйтэж магадгүй төрийн нарийн бичгийн дарга нь оролцох жишээний.  Энэ ч одоо яая гэхэв. Гол нь хүн нь солигдсон ч төрийн бодлого, ажил нь залгамж холбоотой, саадгүй үргэлжилж л байхад асуудалгүй. Гэвч ... гэсэн эргэлзээ Хятад, Оросын талд бас төрж л байгаа байх.    

Засаг төр нь байг гэхэд яам, тамга, эсвэл төсөл хөтөлбөр тэр бүү хэл хүний нэр хүртэл солигдчих гээд төвөгтэй байдаг гэсэн үгийг тэд цагаан хошигнол маягаар дайх. Жишээлбэл, өмнө нь “Талын зам” нэртэй байсан төслийг шинэ засаг гарч ирээд “Хөгжлийн зам” болгож өөрчилчихөж. Гэтэл үүнтэй холбоотой бүх бүчиг баримт, ном хэвлэл, төсөл хөтөлбөрүүдийн нэрийг өөрчилж, дахин засах, цаашилбал гарын үсэг зурсан бичиг баримтуудыг ч дахиж гарын үсэг зурах хэрэг гарч. Эцэст нь “Манайх эндээ эхний нэрээр үлд ваа, Монголчууд нэрээ соливол солиг ээ” гээд өнгөрсөн гэсэн. Магад Монголын бүх бичиг баримтыг нэрийг нь солихын тулд дахиж зассан биз. 

Эдийн засгийн коридор нэрний тухайтад ч Хятадынх “Нэг бүс нэг зам”. Монголчууд англи руу хөрвүүлэхдээ “Бүс ба зам” гэдэг. Одоо ингээд Эдийн засгийн коридор нэртэй болж байгаа байх. Магадгүй “Нэг бүс нэг зам” гэдэг нь Хятадын амбицийг илэрхийлж байгаа хэрэг гэж хэн нэг ухаантан нь үзсэн байх. Гэхдээ яах вэ, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор гэдэг нэр нь илүү тохиромжтой, цараатай байх. Эндээс бас зөвхөн зам, бүтэц төдийгүй, татвар, санхүү, эдийн засгийн орчин нь ч илүү уян хатан, тусгай байх утга санааг агуулж байгаа болов уу. 

Өвөр Монголд жишээлбэл, “Нэг зам нэг бүс” хөтөлбөрийн төсөл, ажлууд, энд оролцож байгаа компаниудад маш хөнгөлөлттэй нөхцлөөр, маш шуурхай зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байгаа гэсэн. “Хүний хүүхдүүд” ийм айхавтар. Харин “Манай хүүхдүүд” яах бол?

Манайд харин яг энэ чиглэлээр ямархуу ажил хийгдэж байгаа талаар одоохондоо мэдээлэл алга. Басхүү хөнгөлөлттэй зээл олгож байна гээд Хөгжлийн банкны  хэргийн араас орчих вий гэсэн болгоомжлол төрөх. Аль юманд муу амлах вэ? Нэгэнт хоёр хөршийн онцгой ач холбогдол өгч байгаа энэ том ажилд монголчууд ч бас улдаж, чангаахгүй оролцож, Монгол Улсад үр өгөөжөө өгвөл, Монгол дэлхийн хэмжээний тоглогч болохыг үгүйсгэх аргагүй. Ямар ч гэсэн газар нутгийн байрлал, геополитикийн хувьд ч давуу талаа ашиглан бүс нутгийн хувьд гол төв, гол нөлөө үзүүлэгч нь байх боломжийг олгоно гэсэн үгс Монгол-Хятадын хоёрдугаар экспогийн үеэр сонсогдож байна лээ. Мөн энэ үеэр сонсогдсон маш сайн мэдээ нь Эдийн засгийн коридорын хүрээнд одоогийн байдлаар 32 том төсөл бүр, маш том төсөл төлөвлөөд байгаа. Эхний гурван төслийн хэлэлцээрт саяхан Москвад гарын үсэг зурсан гэсэн.  Гурван улсын хэмжээний том төсөл шүү дээ. Тэгэхээр ажил урагшилна гэсэн найдвар төрж болохоор байгаа биз. 

А.Алтантуяа 


Сэтгэгдэл: