• Эхлэл
  • Сайд нарын нэрсийг лхагва гаригт өргөн барина

Сайд нарын нэрсийг лхагва гаригт өргөн барина

2017/10/09

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх, яг үнэндээ хэн, хэн сайд болох вэ гэсэн таамаг маргаан дэгдээд байгаа. Өнөөдрийн хувьд УИХ дахь МАН болон АН-ын бүлэг тус тус хуралдаж байгаа бөгөөд лхагва гариг буюу нөгөөдөр сайд нэрийг танилцуулна гэсэн мэдээлэлтэй байна. УИХ дахь АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100 хувь дэмжинэ гэж мэдэгдсэн. Харин үнэмлэхүй олонх МАН Засгийн бүрэлдэхүүнийг тодруулах гэж гэдсэндээ хөлөө жийлцэж байна гэлцэж буй.

Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан талаас “эсрэг” санал өгсөн 32-ын бүлэгтээ гурван сайдын суудал өгөх боломжтой гэсэн байр суурьтай байна. Харин нөгөө талаас зургаан сайдын суудал авах санал тавиад байгаа юм.

Улмаар засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зураагүй талын нэр бүхий гишүүд бүлэг дотроо бүдүүн бүлэг байгуулах замаар У.Хүрэлсүхийн талыг дэмжиж, сайдын суудал санал ч тавьсан байна.

Бас УИХ дахь АН-ын бүлгээс ч ганц нэг сайдын суудал горилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Ямартаа ч шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг лхагва гаригт өргөн барьснаар энэ долоо хоногтоо  шинэ Засгийн газрын танхим бүрдэх юм.

Энэ зуур НИТХ-ын шинэ даргыг сонгох хурал өнөөдөр болж байна. НИТХ-ын дарга Ц.Сундуйг өнгөрсөн ёсдүгээр сарын 22-нд огцруулснаар өнөө хэр шинэ даргаа тодруулаагүй байгаа. Одоогоор НИТХ-ын гишүүн С.Амарсанаа, Д.Баярсайхан нарыг шинэ даргаар сонгохоор яригдаж байгаа юм. НИТХ-ын хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин