• Эхлэл
  • Дэлхий дахинд
  • Ким Чен Уны төрсөн дүү төрийн том албан тушаалд томилогдсон шалтгаан юу вэ?

Ким Чен Уны төрсөн дүү төрийн том албан тушаалд томилогдсон шалтгаан юу вэ?

2017.10.10

...Солонгосын Хөдөлмөрийн намын бүгд хурлаар Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ё Чон тус улсын төрийн дээд байгууллага болох Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүнд нэр дэвшихээр боллоо. Шинжээчид Ким Чен Уны залуу дүү өндөр албан тушаалд очиж буй шалтгааныг тайлахыг оролдож байна. Зарим нь БНАСАУ-ын тэргүүн гаднаас дарамт шахалт нэмэгдэж буй энэ нөхцөлд улсынхаа төрийн дээд байгууллагад тавих хяналтыг бэхжүүлэх оролдлого хийж байна гэж тэмдэглэж буй бол зарим нь бүтцээ залуужуулах шаардлага гарсан гэж үзжээ. Тэгвэл Ким Ё Чон эрх баригчдын эгнээнд орж, Хойд Солонгосын улс төрийн тавцанд гарч ирснээр юу өөрчлөгдөх бол? Энэ талаар RT-д ийнхүү бичжээ... 

Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны бүгд хурлаас улс төрийн товчооны гишүүнд Ким Ё Чоныг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Ким Ё Чон бол БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү юм. Түүнээс гадна намын хэдэн арван албан тушаалтныг шинээр томилжээ. 
Хойд Солонгос улс хэдийгээр бүгд найрамдах дэглэмтэй гэгддэг боловч 1950-иад оноос хойш Кимүүдийн засаглал ноёлж байгаа. Тус улсад 50 гаруй жилийн турш Кимүүдийн засаглал дор төрийн өндөр албан тушаалуудыг төрийн тэргүүнүүдийн төрөл төрөгсөд авдаг болсон билээ. Гэхдээ Пхеньяны улс төрийн тавцанд залуухан эмэгтэй орж ирнэ гэдэг нь тун ховор үзэгдэл. 
2011 онд Ким Чен Ирийг таалал төгссөний дараа БНАСАУ-ыг түүний хүү Ким Чен Ун удирдах болсон. 2009 онд одоогийн удирдагчийн төрсөн ах, 1981 онд төрсөн Ким Чен Чоль засгийн эрхийг авахаас татгалзсан билээ. Харин Ким Чен Ирийн өөр нэг “угсаа залгамжлагч”, Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам (1971 онд төрсөн) Куала-Лампурт энэ оны хоёрдугаар сарын 13-нд бусдын гарт хорлогдож амиа алдсан билээ.

                                                                                                              Битүү морь

Хэвлэл мэдээллүүдэд баталж буйгаар Ким Ё Чон хамгийн анх 2014 оны гуравдугаар сарын 22-нд нийслэл Пхеньянд болсон “Моранбон” чуулгын тоглолтын үеэр олны өмнө гарч иржээ. Үүнээс өмнөхөн Пхеньяны албан ёсны байр суурийг илэрхийлдэг Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагаас Ким Чен Уны дүүг Солонгосын Хөдөлмөрийн намын чухал ажилтнуудын нэг гэж танилцуулж байлаа. 
Ким Ё Чоны талаарх мэдээлэл БНАСАУ-ын удирдагчийн бусад төрөл төрөгсдийн адил тун бүрхэг. Энэ бүсгүй 28, эсвэл 30 настай (төрсөн он нь 1987, 1989 гэж зөрөөтэй явдаг). 2014 оны нэгдүгээр сард тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын 54 дүгээр хэлтсийн эрхлэгч болсон. Тус хэлтэс нь зэвсэгт хүчний материаллаг хангамжийн асуудлыг хариуцан ажилладаг. 
Ким Ё Чоноос өмнө тус хэлтсийн эрхлэгчийн албыг Ким Чен Уны хүргэн ах Чан Сон Тхэк хариуцан ажилладаг байв. Цагтаа БНАСАУ-ын хоёр дахь хүнд тооцогддог байсан тэрээр 2013 оны арванхоёрдугаар сард тагнуул, авлига, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан цаазлуулсан юм. Яг энэ үеэр Чон Сон Тхэкийн эхнэр, Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений охин Ким Гён Хи олны анхаарлыг төвөөс гэнэт алга болсон. 
Үүнээс өмнө Ким Чен Уны авга эгч нөлөө бүхий улстөрч байсан бөгөөд 2010 онд армийн генерал цол хүртэж, улс төрийн товчооны гишүүний статустай болсон билээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд Ким Гён Хиг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгээр хүртэл сонгож байв. 
Ерөнхийдөө Чан Сон Тхэк, Ким Гён Хи нар БНАСАУ-ын улс төрийн өмнөх үеийнхний ашиг сонирхлыг төлөөлөн ажиллаж байсан. Харин тэднийг зайлуулсан нь Хойд Солонгосын залуу удирдагч эцгийнхээ ойр дотны хүмүүсээс салж, өөрт нь үнэнч төрийн өндөр албан тушаалтнуудыг бүрдүүлж ажиллахыг эрмэлзсэн бололтой. 
Барууны хэвлэлүүдийн таамаглаж буйгаар чухамхүү энэ л зорилгоор Ким Чен Ун засгийн эрхэнд охин дүүгээ гаргаж буй гэнэ. 2014 оны Ким Ё Чон Ардын дээд хурлын гишүүнээр сонгогдсон юм. 
2016 онд тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороонд орж, хэлтсийн даргын орлогчийн албан тушаалд томилогдсон билээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын удирдагчийн охин дүү нь Солонгосын Хөдөлмөрийн намын суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга гэнэ. 

                                                                                                   “Зөөлөн хүч”

Оросын Алс Дорнодын хүрээлэн­гийн Солонгосын судалгааны төвийн ахлах ажилтан Евгений Кимийн хэлснээр Ким Ё Чоныг тушаал ахиулах ажиллагаа хэвлэлүүдэд мэдээлснээс ч эрт эхэлсэн гэнэ. Түүний үзэж буйгаар Ким Ё Чон ирээдүйд ахынхаа гол түшиг тулгуур болох юм байна. “Энэ бүсгүй улс төрд шинэлэг хүн бус, маш том туршлага хуримтлуулсан нэгэн. Тэрбээр эдийн засаг, төрийн удирдлагын систем яаж ажилладгийг сайн мэднэ. Бүр аав Ким Чен Ирийнхээ үед л тус улсын төрийн чухал байгууллага болох Үндэсний батлан хамгаалах хороонд ажиллаж байсан” хэмээн Евгений мэдэгдсэн байна. Шинжээчийн таамаглаж буйгаар Ким Ё Чон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны тэргүүлэгчдийн гишүүн, дэд маршал Чве Рён Хэд тусалж, улс орны дотоод асуудлыг “зөөлөн хүч”-ээр удирдах гэнэ. 
Харин “Bloomberg” агентлаг Ким Ё Чоныг үзэл суртлын ажлыг хариуцан ажиллахаар болсон гэж баталж байна. Тэрбээр Улс төрийн товчоонд орж ирснээр “дэглэмийн төлөөх гэр бүлийн хяналт” сайжирна гэж үзжээ. 
Тэгвэл “Reuters” агентлаг Жон Хопкинсын их сургуулийн шинжээч Майкл Мэддэний хэлсэн үгнээс дараах дүгнэлтийг хийсэн байна. Ким Чен Уны дүү ахынхаа бараг баруун гар нь болж, Ким Гён Хигийн дайтай нөлөө олж авах гэнэ. 
Түүнчлэн Өмнөд Солонгосын Нэгдэх яамныхан Пхеньянд бүтцийн өөрчлөлт хийж, Ким Ё Чоныг албан тушаал дэвшүүлсэн явдал нь Ким Чен Ун улс төрийн цоо шинэ, залуу анги давхаргыг бүрдүүлэх гэсэн хүсэлтэй холбоотой гэж дүгнэжээ. 
Гэхдээ л Хойд Солонгосын удирдагч одоо ч гэсэн ахмад үеийн төвийг сахисан төлөөлөгчдийг дэргэдээ байлгасаар байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “хуцдаг нохой” хэмээн доромжилсон Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нь удирдагчийнхаа баруун гар нь юм. 

                                                                                                        Нэгтгэх үр дүн

RT-ийн санал авсан шинжээчид барууны хэвлэлүүдийг Хойд Солонгосын дэглэмийг тогтворгүй, дураараа хэмээн харуулж, хэтэрхий харлуулах гэж оролдож байна гэж үзэж байна. Оросын солонгос судлаачдын үзсэнээр Ким Чен Уны төрсөн дүү албан тушаал ахисан нь улс төрийн ийм уламжлалтай улсад бол жирийн л үзэгдэл гэнэ. 
“Кимийн гэр бүлийн гишүүд улс орноо удирдах асуудалд үргэлж оролцсоор ирсэн. Тим болохоор одоогийн удирдагчийн эмэгтэй дүү улс төрд хүчээ үзэж буйд гайхах зүйл үгүй юм. Ким Чен Унд мэргэжлийн, шударга хүмүүс хэрэгтэй” хэмээн Санкт-Петербургийн улсын их сургуулийн Америк судлалын тэнхимийн доцент, солонгос судлаач Ирина Ланцова тэмдэглэжээ. 
RT-ийн үзсэнээр Ким Чен Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчоонд иргэд, засаглалын бусах байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан цэргийнхний нөлөөг тэнцвэржүүлэх бодлого баримталсан гэнэ. Энэхүү арга хэмжээ нь улс төрийн системийг тогтвортой байлгаж, улс орны хөгжлийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой юм. 
Үүнээс гадна Ким Ё Чон албан тушаал ахисан нь цэргийн дэд албан тушаалтан, эсвэл намын сурталтнуудад ямар нэгэн хөдөлгөөн үүсч болзошгүй гэж эмээсэнтэй ямар ч холбоогүй гэжээ.

Эх сурвалж:Өглөөний сонин 


Сэтгэгдэл: