• Эхлэл
  • Морь унасан толгойгүй хүн-2

Морь унасан толгойгүй хүн-2

2017/10/10

 

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

 

 

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байгаад замын дундаас морио юүлсэн У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш тав хоног өнгөрөв. Өмнөх Засгийн газар нь огцорсноос хойш тоолбол 32 хоног өнгөрчихөөд байхад У.Хүрэлсүхийн танхимын гишүүдээс бараа сураг ч алга. Хэвлэлийнхэн голдуу нэр дэвшүүлэлтээ хийж байх шиг.

Өнгөрөгч Лхагва гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг томилоход УИХ-ын 76 гишүүнээс 47 нь л оролцжээ. МАН-ын бүлгийн 37 гишүүн дээр АН-ын найм, МАХН-ын нэг, бие даагч нэг. Ядаж АН энэ тохиолдолд “Намын бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй Ерөнхий сайдыг бид дэмжиж чадахгүй ээ” гээд унагаах ёстой байсан юм. Тэгсэн бол “зовлонгийн түргэн” гэдэг болох байлаа. Гэвч АН-д “муу байх тусмаа сайн“ гэдэг ганцхан зарчим үйлчилж байна. Яаж л МАН-аас өш хонзонгоо авч, дахин дахин муужруулах вэ гэсэн шиг. Өрсөлдөөн чинь сонгуультайгаа хамт дууссан, одооноос маргаашаа бодох цаг гэдгийг хэн тэдэнд хэлж өгөх ёстойг бүү мэд.

Харин одоо У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болохдоо чуулганы индэр дээрээс хэлсэн “гал цогтой” үгс унтарч, танхимаа яаж бүрдүүлэх вэ, яавал ядаж нэг жилийг тэсч өнгөрүүлэх вэ гэдэг л толгойны өвчин болж байна. Бантах муухай л даа. Бантсан хүн юу эсийг хийх билээ.

Уг нь өчигдөр УИХ ирэх оныхоо төсвийг хэлэлцэж эхлэх ёстой. Гэсэн ч төрийн ордонд АН-ын бүлэг дангаараа хуралдаж, МАН-ын бүлэг цугласангүй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт хэн хэн орохыг бүлгийн гишүүд нь шийдээгүй байна. Ерөнхий сайд нь өөрийнхөөрөө 33-дах хүсэлтэй, намын дарга нь өөр бодолтой. Анхнаасаа М.Энхболд нь “намын даргаа өгье өө, тэрний тулд Бага хурлаа хуралдуулах хэрэгтэй” гэж байхад номтой дүрэмтэй юмыг ном дүрмийнх нь дагуу хийсэн бол одоо юундаа ингэж зовох билээ. Хэрэлдсэн ч, цохилцсон ч нам дотроо, нэр цэвэр шүү дээ. Энэ утгаараа Ерөнхий сайдын томилгоонд санал өгөөгүй МАН-ын 28 гишүүнийг ч бас зөвтгөж болох талтай.

Багцаа сонсвол У.Хүрэлсүхэд танхимынхаа 15 сайдаас дөнгөж 60 хувь буюу есийг сайдыг өөрөө томилох эрх үлдэж байгаа бололтой. Үлдсэн зургаан сайдыг МАН-ын дарга мэдэж томилно гэсэн бор шувуу нисч байна. Үүн дээр бол Ерөнхий сайдыг яаж ч сумлаад, шүлсдээд өөрөөр байх боломжгүй юм. Эрх мэдлийг авсан шиг авч чадаагүй өөрийнх нь буруу. Тэр тусмаа ирэх сард болох намын Их хурлаар намын даргаа авчих гээд байна гэх “цаасан малгай” бол бүр ч хэрэггүй. “Морь унасан толгойгүй хүн” л дахиад нэгээр нэмэгдэж байна.

Эсрэгээрээ Ерөнхий сайдад томилогдсон шигээ АН-ын бүлэг дээр гүйж очоод, Ерөнхийлөгчөөр магтуулж байгаад танхимаа нэг удаа өөрийн гараар бүрдүүлж болох ч тэр нь хэр удаан тэсэх вэ гэдгийг Ж.Эрдэнэбатын туршлагаас мэдэж байгаа. Тэртэй тэргүй АН түүнд удаан түшиг болохгүй. Явж явж нөгөө гадна үлдсэн 28 л У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг шийднэ. Тэр үед тэднийг юу ч гэж буруутгасан бай нөгөө талаас мань хүний тухай “хаалттай чуулганы бичлэг” халаасанд нь байж л байгаа шүү дээ. Одоохондоо ил ярихгүй л байгаа болохоос биш.

У.Хүрэлсүх гэдэг хүн хоёрхон сар тэсээд намын даргаа авчихсан бол өнөөдрийнх шиг ингэж толгой өвтгөсөн олон асуудалд ээрэгдэхгүй л байлаа. Мордохын хазгай болчихлоо шүү гэж мөн ч олон удаа хэлж байна даа.

Нийтлэлч Сэмүүн

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин