• Эхлэл
  • Хумьж болох хувьсах зардал

Хумьж болох хувьсах зардал

2017/10/11

Энэ сарын 5-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар О.Баасанхүү гишүүн нэгэн чухал асуудлыг хөндсөн боловч дорвитой хариулт олж чадаагүй. Энэ нь өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудад төрөөс олгодог хувьсах зардлын асуудал явдал юм. Уг сэдвийг энэ хичээлийн жилд анх хөндөөгүй. Бүр 2014 онд л гишүүд эл асуудлаар байр сууриа илэрхийлсээр ирсэн ч тусыг олоогүй. Тодруулбал, 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг дагалдан зарим нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Гэтэл эдгээрээс Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрүүл тарьж байсныг санаж байгаа биз ээ. Учир нь тус хуулийн нэмэлтэд “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэх хэсэг орж ирсэн юм. Тэрхүү төслөөр бол ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлыг нормативт зардал гэж нэрлэхээр болсон ба хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын нормативт зардлын хэмжээг сургалтын төлбөртэй нь уялдуулан таван шатлалтай байхаар хуульчилсан.
Үүнийг нарийн тайлбарлавал, 1.5 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй сургуулийн нормативт зардлыг төрөөс 100 хувь, гурван сая хүртэлх бол 80 хувь, таван сая хүртэлх бол 60 хувь, 10 сая хүртэлх бол 40 хувь, 10 сая төгрөгөөс дээш бол 20 хувийг төрөөс олгохоор төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, хувийн сургуулиуд хэт өндөр төлбөртэй байсан ч төрөөс зардал олгоно гэсэн үг. Нэг жишээ татахад, Улаанбаатарт төлбөрөөрөө толгой цохидог “International School of Ulaanbaatar” хувийн дунд сургуулийн төлбөр нь хамгийн багадаа 46 сая төгрөг. Харин энэ мөнгө жирийн монгол иргэний 4-5 жилийн цалинг нэг жилд л ганц сурагчаас авдаг тус сургуульд төрөөс олгодог хувьсах зардал хэр их нэмэртэй юм бол. Нөгөөтэйгүүр цаана нь ийм хэмжээний төлбөртэй, үүнээс арай бага ч жилд 10-20 сая төгрөгийн төлбөр авдаг сургууль цөөнгүй бий. Мөн таван саяын төлбөртэй дунд сургууль бол тоогоо алдсан ч гэхэд буруудахгүй. Энэ тухайд 2016 онд УИХ-ын гишүүн Н.Учрал чуулганы хуралдааны үеэр “Улаанбаатар хотод 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиудад яагаад хувьсах зардал олгоод байдаг юм бэ. 30 мянган хүүхдэд 25 тэрбум төсөвлөсөн байна. Тэр байгууллагууд ашгаа олоод явж байгаа шүү дээ” гэж байсан. Уг нь 2015 онд хувийн хэвшлийн дунд сургуулиудад олгох хувьсах зардлыг танаж, 1.5 тэрбум төгрөг хэмнэж байсан. Өнгөрсөн жил хувийн дунд сургуулиудад өгдөг хувьсах зардлыг хасаж, 1.5 тэрбум төгрөг хэмнэж байсан. Гэхдээ эдгээрт зориулсан нийт зардал 25 тэрбум төгрөг болсон байх юм. Хэдийгээр хүүхэд сурч байгаа ч жилийн таваас дээш сая төгрөгийн төлбөр авдаг сургуулиуд ашиг өндөртэй ажилладаг гэдгийг олон талын баримт, статистикаас харж болно. 
Тухайлбал, жил бүрийн намар хичээлийн шинэ жил эхлэх цагаар өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг бүр мөсөн танах санал гардаг ч яг таг хэрэгждэггүй. Хамгийн үр дүнд хүрсэн нь 2016 онд гарсан Засгийн газрын 242 дугаар тогтоол. Уг тогтоолоор төрийн бус өмчийн ЕБС-ийн нэг сурагчид ногдох хувьсах зардлыг сургалтын төлбөртэй уялдуулан бууруулсан. Гэлээ ч өндөр төлбөртэй дунд сургууль, цэцэрлэг төрөөс хувьсах зардал авсан хэвээрээ байгаа юм.
Энэ сарын эхэнд “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны удирдлагууд, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Г.Батзоригтой уулзан санал солилцож багш нарын цалинг нэмүүлэх тал дээр хамтран тэмцэхээр болсон. Энэ үеэр төрөөс хувийн сургуульд олгодог хувьсах зардлын талаар Г.Батзориг дарга “Өнөөгийн байдлаар улсын зарим сургуульд хоёр бүлэгт суралцах тооны хүүхдүүдийг нэг ангид багтаан сургадаг. Тэгсэн хэрнээ улсаас өгдөг хувьсах зардлыг нэг ангийн хүүхдүүдийн тоогоор бодож өгдөг. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг бүр мөсөн танах хэрэгтэй гэж манайхаас жил бүр шаардлага тавьдаг ч үр дүнд хүрдэггүй” гэсэн юм. 
Мөн энэ асуудлаар “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны дэд тэргүүн С.Ононбаяр “Өнөөдрийн байдлаар “International school of Ulaanbaatar” хувийн сургуульд нэг хүүхэд дунджаар 30 орчим сая төгрөгийн төлбөр өгч суралцдаг. Гэтэл тэр сургуульд нэг айлын гурван хүүхэд нийт 90 орчим сая төгрөг төлж сурч байна. Харин улсын сургуулийн багш нарын гар дээр авдаг цалин 200 ам.доллар. Тийм байтал төрөөс ийм өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөх хэрэг байна уу. Төрөөс хувийн сургуулийн хувьсах зардлыг болиулах хэрэгтэй” гэдгийг хэлсэн. Мөн тухайн өдөр төрийн ордонд УИХ-ын гишүүд төсөвтэй холбоотой асуулт тавих үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Жилийн 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн хувьсах зардлыг улсаас даадгийг зогсоож болдоггүй юм уу. Энийг зогсоовол багш нарын цалинг нэмэх бололцоо гараад ирэх юм биш үү” гэж хэлсэн. Энэ мэт дээр, дооргүй өндөр төлбөртэй хувийн сургуулийн хувьсах зардлыг бүр мөсөн танах тухай ярьж, хэлж байгаа ч эрх баригчид энэ асуудалд хойрго хандсаар байна. Нийслэлийн Боловсролын газраас авсан мэдээллээр ирэх оны есдүгээр сард хичээлийн шинэ жил эхэлтэл Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын багцад суулгаснаар төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд нийтдээ 170 тэрбум төгрөг, төрийн, хувийн хэвшлийн цэцэрлэгт 109 тэрбум төгрөг хувьсах зардлаар буюу тусгай зэргийн санхүүжилтээр олгож байгаа аж. Уг тусгай зэргийн зардалд тухайн сургуулийн багш нарын цалин, халаалт дулаан, цахилгаан мөнгө, сурагчдын үнэгүй тараах ном болон тухайн сургууль хэвийн үйл ажиллагаа явуулах бүх зардал туссан гэнэ. Энэ зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгт олгогдсон тоон мэдээлэл. Үүн дээр орон нутгийн зардлыг нэмбэл нэлээд бүр өндөр дүн гарна. БСШУСЯ болон холбогдох агентлагийн мэргэжилтнүүд энэ хичээлийн жилд ЕБС, СӨБ-д олгож буй хувьсах зардлын задаргаа яг таг тодорхой хийгдээгүй гэж мэдээлж байгаа ч олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаа бололтой.
2016-2017 онд буюу өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дүн СӨБ –ын байгууллагад 33864 хүүхэд, бага дунд сургуульд 31752 сурагчид төрөөс зарцуулсан хувьсах зардлын дүн дунджаар 10 орчим тэрбум төгрөг болсон гэнэ. Үүнээс үзэхэд хэт өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгт төрөөс хувьсах зардал өгдгийг бүр мөсөн зогсоосноор цалингаа нэмүүлэхээр тэмцээд буй багш нарын шаардлагыг биелүүлэх боломж байна.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн ЕБС хариуцсан зохион байгуулагч З.Цогтгэрэл “Улс, бүсийн олимпиад болон олон улсын чанартай уралдаан тэмцээн, ЭЕШ-ын дүнг харахад нийгмээс хол тасарсан өндөр төлбөртэй сургуулийн сурагчид төрийн өмчит ЕБС-ын сурагчдаас илүү гарсан үзүүлэлт харагдахгүй байна. Яг үнэндээ төрийн өмчит сургуулийн сурагчид урлаг, сурлага, спортын амжилтын үзүүлэлт илүү байдаг. Тиймээс тав болон арван саяас дээш төлбөртэй хувийн сургуульд олгодог хувьсах зардлыг, тухайн сургуулийн сурагчдын боловсролын чанарыг судалсны үндсэн дээр бүрэн зогсооход болно” гэв. 
Мөн нийслэлд сарын гурван сая төгрөгийн төлбөртэй цэцэрлэг байдаг аж. Энэ мэт хэт өндөр төлбөртэй, ашгийн төлөө ажиллаж буй хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг танах хэрэгтэйг Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний хорооны дарга Д.Саранцэцэг хэлсэн. Үүнээс гадна хувийн зарим цэцэрлэг хүүхдийнхээ тоог зохиомлоор нэмж, 20 хүүхэдтэй байж 50 хүүхдээр хувьсах зардал авсан зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан 2015 онд илрүүлж байсан. Энэ мэт гаднын оронд сурахаар эсвэл завсардсан хүүхдийн хувьсах зардлыг төрөөс авч буй хувийн цэцэрлэг, сургууль мэр сэр байж мэднэ.
Хэрвээ таваас дээш сая төгрөгийн төлбөртэй дунд сургуулиудад төрөөс олгодог хувьсах зардлыг танавал ямар сургуулиуд хасагдах талаар мэдээлэл хүргэе.
Их Британийн сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг "British school"-ийн төлбөр 10 орчим сая гэнэ. "Орчлон" дунд сургуулийн төлбөр энэ хичээлийн жилд 15 сая болж, тав орчим сая төгрөгөөр нэмэгджээ. Дөрвөн жилийн өмнө тус сургуулийн хэсэг сурагч сургалтын төлбөр нэмж өгөхийг хүссэн өргөдөл сургуулийн захиргаандаа өгч байсан. Тухайн сурагчид “Лангуу ажиллуулдаг наймаачдын хүүхдүүд сургуульд элсэн суралцаад байна. Тиймээс төлбөр нэмж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан хэмээн эх сурвалж мэдээлж байсан. Монголын толгой компани болох “М-Си-Эс” группийн харьяа тус сургуульд төрөөс өгдөг хувьсах зардлыг бүр мөсөн болиулснаар дампуурахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл “Орчлон”-гоос ч өндөр төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг өгөхөө болилоо гээд тухайн сургуулиуд үүдээ барихгүй л болов уу. Жишээлбэл, “International School of Ulaanbaatar” дунд сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн төлбөр 46 сая төгрөг байгаа аж. Энэ нь өнгөрсөн оныхоос 10 орчим сая төгрөгөөр нэмэгдсэн.
Уг нь төрөөс олгодог нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын 85 хувь нь багшийн цалин, 10 хувь нь багшийн нийгмийн даатгалын шимтгэл, үлдсэн 3-5 хувь нь хичээл үйлдвэрлэлийн зардал буюу сургалтын материал хэвлэх үнэд зарцуулах ёстой аж. Гэтэл жилийн 14.3 сая гаруй төгрөгийн төлбөртэй нэгэн хувийн сургуульд ажилладаг эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургуульд төрөөс олгодог хувьсах зардлын мөнгийг удирдлага нь авчихдаг. Багш ажилчдын цалин болоод хүүхдүүдийн сурагчдын хичээл үйлдвэрлэлийн зардалд ашигладаггүй аж.
Тэгвэл яагаад энэ мэт хэт өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгт төрөөс олгодог хувьсах зардлыг бүр мөсөн хумихгүй байна вэ. Учир нь өндөр төлбөртэй хувийн дунд сургууль, цэцэрлэгийн эзэд төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа УИХ-ын гишүүдийн ойр тойрныхон, хамаатан садан, дотнын найз нөхөд нь байдаг гэнэ. Энэ талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж:Өглөөний сонин 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин