• Эхлэл
  • Могадишогийн дэлбэрэлтэд амиа алдагсдын тоо 276-д хүрлээ

Могадишогийн дэлбэрэлтэд амиа алдагсдын тоо 276-д хүрлээ

2017/10/17

-Үүнээс гадна 300 орчим хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын засаг захиргаанаас мэдээллээ- 

 

Өнгөрсөн бямба гарагт Сомалийн нийслэл Могадишо хотын хүн ихтэй нэгэн гудамжинд тэсрэх бөмбөгөөр цэнэглэсэн ачааны машин “Сафари” зочид буудлын үүдэнд ирээд дэлбэрчээ.

“Могадишод “Аш-Шабаб” бүлэглэлийн алан хядагчдын үйлдсэн хэрцгий халдлагын улмаас одоогийн байдлаар амиа алдагсдын тоо 276-д хүрч, 300 хүн гэмтэж бэртлээ” хэмээн Сомалийн Мэдээллийн сайд Абдирахман Осман “Твиттер” хуудсандаа мэдээлсэн байна.

Энэ бол “Аш-Шабаб” исламист бүлэглэлийнхэн 2007 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойших Сомали улсад үйлдсэн хамгийн том алан хядах ажиллагаа юм. “Аш-Шабаб” бүлэглэл нь “Аль-Кайда” алан хядах бүлэглэлтэй нягт хамтран ажилладаг ажээ. Тус бүлэглэл Сомалийн Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулж, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад болдог гэнэ.

Сомалийн Ерөнхийлөгч Мохаммед Абдуллахи улсдаа гурав хоногийн гашуудал зарласан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар ням гарагт дэлбэрэлт болсон газар сураггүй алга болсон хүмүүсийн төрөл төрөгсөд ойр дотны хүмүүсээ хайхаар ирцгээжээ. Сомали дахь ВВС-гийн сурвалжлагчийн мэдээлснээр “Сафари” зочид буудал нурж, нурангин дор хүмүүс үлдсэн байна.

Могадишо хотын иргэн Мухидин Али “Франс пресс” агентлагийн сурвалжлагчид ярихдаа энэ бол түүний амьдралдаа үзэж байсан хамгийн хүчтэй дэлбэрэлт байсан гэжээ. Мадина эмнэлгийн захирал Мохамед Юсуф Хасан ч дэлбэрэлтийн хүчинд цочирдож балмагдсан гэнэ. “Манай эмнэлэгт шархадсан 72 хүнийг хүргэж ирсэн. Тэдгээрээс 25 нь маш хүнд байна. Олон хүний гар, хөл нь тасарсан байдалтай ирсэн. Төсөөлөхийн ч аргагүй. Өмнө нь би хэзээ ч ийм зүйл харж байсангүй. Хэчнээн ч хүн амиа алдсан юм бэ. Зарим цогцос нь танигдахын аргагүй болтлоо шатжээ” гэсэн байна.


Эх сурвалж:Өглөөний сонин 
 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин