• Эхлэл
  • “Манеж амилуулсан Мадам Т.Цэнд-Аюуш” ба Монголын цирк

“Манеж амилуулсан Мадам Т.Цэнд-Аюуш” ба Монголын цирк

2017/11/08

Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш уран бүтээлч Монгол Улсад циркийн урлагийг анхлан хөгжүүлэгчдийн нэг бөгөөд энэ урлагийн түүхэнд онцгой байр суурь эзлэх эрхэм билээ. Мадам Цэнд-Аюуш гэдэг нэрээрээ Монголдоо төдийгүй олон улсад танигдсан, циркийн төлөө өөрийн нэг насны амьдралаа зориулсан уран бүтээлчийн 90 насны ой энэ онд тохиож байна.

Монгол уран нугаралтыг олон олон шавь нартаа өвлүүлэн зааж, хойч үеэ бэлтгэсэн түүний ууган шавь болох Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуугийн санаачлагаар 90 насны ойд зориулж амьдрал, уран бүтээлийнх дурсамж түүхийг багтаасан ном бичихээр болжээ. Энэхүү ажлыг СГЗ Д.Амбасэлмаа авхайн зээ охин сэтгүүлч Б.Саруулын “Манеж амилуулсан Мадам Т.Цэнд-Аюуш” нэртэйгээр уншигчдад өргөн барьж байна. 

Номын онцлог нь Т.Цэнд-Аюуш багшаасаа уран нугаралтын гайхамшгийг заалгаж, тэрхүү эрдмээ ирээдүй хойчдоо өвлүүлэн, олон улсад түгээн дэлгэрүүлж байгаа таван тивд тархан суурьшсан шавь нартай нь холбогдож, тэдний дурсамжийг багтааж, нэгэн дор нэгтгэн цуглуулж, “уулзуулж” байгаа явдал билээ. Сонирхуулахад номын бүтээлд зориулж зураач Б.Содномдаржаа Т.Цэнд-Аюуш уран бүтээлчийн бүтээлүүд, циркийн урлагийн гайхамшгийг дүрсэлсэн уран зургуудийг зурж, түүнийг нь үндэсний үйлдвэрлэгч “Ялгуун” брэнд зуун хувь торгон материал дээр буулган үндэсний өв соёлоо дээдэлсэн шинэ коллекцийг олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Тогоончулууны Цэнд-Аюушийн мэндэлсний 90 насны ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат киног үр хүүхэд, хамтран зүтгэгч, шавь нар нь хийж байгаа бөгөөд энэ сарын 30-нд циркийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг олон нийтэд толилуулах ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин