• Эхлэл
  • Ц.Түмэнцогт: Нүүрсний экспортын талаар хоёр улсын дээд түвшинд ярьж ойлголцох шаардлагатай

Ц.Түмэнцогт: Нүүрсний экспортын талаар хоёр улсын дээд түвшинд ярьж ойлголцох шаардлагатай

2017/11/13

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой ярилцлаа. Ц.Түмэнцогт нь Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга, Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байсан,   эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт баялаг туршлагатай. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө “Женерал Электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч байсан тэрээр эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, төмөр зам, агаарын тээвэр, эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллаж байв.

-Юуны өмнө Танд  болон  танай хамт олонд “Эрдэнэс Монгол” ХХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын баг шинэчлэгдээд нэг жилийн нүүр үзэх гэж байна. Таны хувьд ажил авснаас хойш төвлөрсөн гол ажил тань юу байв?

-Баярлалаа. Бидний хувьд энэ нэг жилд өөрийн охин болон хараат компани, уурхайнуудынхаа үйл ажиллагааг сайжруулахад голлон чиглэж ажиллалаа. Монгол улсын Засгийн газар төрийн мэдлийн хувьцааны Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх, үүргийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нэр бүхий өөрийн харьяа охин, хараат компаниудын Хувьцаа эзэмшигч нь болсон. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 86 хувь төрийн мэдэлд буюу төрийг төлөөлөн “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байгаа бол 14 орчим хувийг Монгол улсын иргэд, 1 орчим хувийг аж ахуйн нэгжүүд тус тус эзэмшдэг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд он дамжсан “Чалко” компанийн 350 сая ам.долларын өрийн үлдэгдлийг энэ оны дөрөвдүгээр сард хугацаанаас нь өмнө төлж барагдуулснаар санхүүгийн хувьд харьцангуй сайжирч, ашигтай ажиллаж эхэлсэн. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сэргэсэнтэй холбогдон нүүрсний экспорт, тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, улмаар дэд бүтэц, ложистикийн асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах найдвартай ажиллагааг хангах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарлаа.

“Оюутолгой” ХХК-ийн хувьд Монгол улсын Засгийн газар 34 хувийг, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресорсис” үлдсэн хувийг тус тус эзэмшдэг. Оюутолгойн ил уурхай ашиглалтад орчихсон, далд уурхайн бүтээн байгуулалт эхлээд явж байна. 2021 онд далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар дэлхийд дээгүүрт орох алт зэсийн баяжмалын уурхай болж хөгжинө. 

Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, төвийн бүсийн эрчим хүчний станцуудыг хүрэн нүүрсээр хангадаг “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн хувьд техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтад түлхүү төвлөрч ажилласан.

Цацраг идэвхт ашигт малтмалын салбарын “Мон-Атом” ХХК-ийг манай компани 100 хувь эзэмшдэг. Энэ салбарт Франц улсын “Арева” болон бусад компаниудтай хамтарсан компани байгуулан холбогдох төслүүдээ хөгжүүлээд явж байна.      

Толгой компанийн хувьд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгох бэлтгэл ажлыг хийж байна. Энэ хүрээнд өөрийн охин болон хараат компаниудын олборлолт  явуулж буй ордын үнэлгээ, бизнесийн хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлд тооцоо, судалгаанууд гаргаж байгаа. Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлд хувийн хэвшлийн компаниудтай хэд хэдэн хамтарсан компани байгуулсан. Геологи хайгуул судалгааны чиглэлээр болон нэмүү өртөг бий болгох ган төмөрлөг, кокс химийн үйлдвэр, нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр хамтарсан компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. 

-“Эрдэнэс Монгол” компанийн хувьд төрийн өмчийг орчин үеийн бизнес болгож хувиргах суурь эхлэлээ өнгөрсөн жилүүдэд тавьж чадсан. Сүүлийн нэг жилд үйл явц хэрхэн өрнөв, бодитой ямар ажлууд хийгдэж, ямар үр дүнгүүд гарч байгаа бол гэдэг салбарт хүлээлт үүсгэсэн мэдээлэл байх нь гарцаагүй?

-УИХ, Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэсэн үндсэн чиг үүрэг нь Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд дээр төрийн эзэмшлийн менежментийг хэрэгжүүлэх, нэн ялангуяа үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал юм. Тиймээс ч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалт татах чадварыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр техник туслалцааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд компанийн стратегийг шинэчлэн боловсруулах, үйл ажиллагаа, бүтээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын чадавхийг бэхжүүлж, төрөлжүүлэх ажлууд хийгдэх юм. Мөн мэдээллийн технологид суурилсан удирдлагын нэгдсэн мэдээллийн систем (ERP) нэвтрүүлэхээр ажиллаж байна. Санхүүгийн менежмент, эрсдэлийн удирдлага, хүний нөөцийн удирдлага чиглэлээр ч чамгүй ажлууд хийж байгаа. Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхийг бэхжүүлэх энэ бүх ажил “Эрдэнэс Монгол” ХХК төдийгүй охин компаниудын түвшинд ч хэрэгжих юм.

Олон нийтийн анхаарлын төвд байдаг, хардлага сэрдлэг ихээр дагуулдаг асуудал бол худалдан авалт. Компани өөрийн худалдан авалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд нээлттэй, ил тод зохион байгуулдаг. Тухайлбал тухайн жилд хийгдэх худалдан авалтын төлөвлөгөөг жил бүр баталж, бүх тендерийг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болон өөрийн компанийн цахим хуудастаа ил тод байршуулдаг. Ингэснээр манай компанийн худалдан авалтын ажиллагаанд сонирхсон хэн бүхэн оролцох боломж нээлттэй гэсэн үг. Худалдан авалтыг нээлттэй, ил тод болгох нь компанидаа ч үр ашигтай. Чанарын шаардлага хангасан доод үнийн зарчмаар худалдан авалтууд хийх бололцоотой болно. Тодорхой жишээ гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун Цанхийн уурхайгаас олборлосон кокс­жих нүүрсний үнийг нээлттэй дуудлага худалдаагаар тогтоож эхэлсэн. Энэ нь ил тод, сонирхож байгаа байгууллагуудыг бүрэн хэмжээгээр хамруулсан ажил болж байна.

Ер нь амжилттай ажиллаж буй төрийн өмчтэй компаниудын жишээ дэлхийд цөөнгүй. Жишээлэхэд, зэсийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Чилийн “Коделко” болон Сингапурын “Темасек” байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэтийн зорилго нь “Темасек” шиг хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнасан компани болох. “Эрдэнэс Монгол” ХХК-д компанийн зарчмаар ажиллах нөхцөл харьцангуй бүрдсэн. Гэхдээ цаашдаа улам төгөлдөржүүлэн сайжруулах шаардлага бий. Компанийн өмчлөл, хэлбэрээс үл хамааран компанийн засаглалыг сайжруулах, тэр дундаа санхүү, хүний нөөцийн менежмент, хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгийн удирдлага буюу ассет менежмент чиглэлээр дэлхийн жишигт хүрсэн хууль эрх зүй, зохицуулалтын орчин байх ёстой. 

-Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан Байгалийн баялгийн индекст Монголын үзүүлэлтийг хамгийн ихээр доош татсан нь төрийн өмчийн компани, тэр дундаа “Эрдэнэс Монгол”-ын компанийн засаглал. Засаглалаар дундаас доогуур буюу “муу” гэсэн ангилалд ороход санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой мэдээллийг нийтэлдэггүй болон бусад шалтгаан нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. “Эрдэнэс Монгол”   өөрөө ч Олон улсын санхүүгийн корпорациар засаглалын үнэлгээ хийлгэсэн. Дүгнэлтүүд хоорондоо хэр нийцэж байгаа бол? Таны хувьд дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үү? Засаглал дээр дорвитой ахиц дэвшил гаргах ямар ажлууд хийж байна вэ?

-Байгалийн баялгийн индекс болон Олон улсын санхүүгийн корпорациас манай компанийн засаглалд үнэлгээ, зөвлөмжүүд өгсөн. Ажлын хэсэг гаргаад, ямар үзүүлэлтүүд дээр “Эрдэнэс Монгол” тааруу үнэлэгдэхэд хүрэв гэдэгт дүгнэлт хийж, алдаа дутагдлаа арилгах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Санхүүгийн тайлан, үйл ажиллагааны талаарх мэдээллээ ил тод болгож эхэлсэн. Өөрийн цахим сайтаа шинэчлэн компани болон охин компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол нийтэлж байна. Бүхий л худалдан авалт, тендерүүдийг ил тод мэдээлдэг болсон.  

Мөн олон улсын жишигт нийцсэн тайлагналын стандартын дагуу анх удаагаа үйл ажиллагааны тайлангаа гаргалаа. Санхүүгийн мэдээллүүд, хийж буй ажлууд, компанийн засаглал, бүтэц, төслүүд зэргийг хамарсан 2017 оны эхний хагас жилийн тайлангаа монгол, англи хэлээр гаргасан. OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үйл ажиллагааны тайлангийн (Annual Report) стандарт байдаг. Тэр стандарт, бүтцээр хагас жилийн тайлангаа гаргасан. Энэ тайлан удахгүй вэб сайтад тавигдана. Ийм тайланг хагас жил тутамд гаргана. Сонирхсон хэн боловч “Эрдэнэс Монгол”-ын вэб сайт руу ороод үйл ажиллагаа, санхүүгийн байдал, төслүүдийн мэдээллийг авах боломжтой.

-Компанийн засаглалд ТУЗ-ийн гишүүдийн асуудал ихээхэн чухал. Монголд төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхийг төрийн төлөөлөл бүрдүүлдэг тул Засгийн газар солигдох бүрт өөрчлөгддөг гэсэн шүүмжлэл бий. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг улс төрөөс ангид бизнесийн зарчмаар ажиллах боломжийг ийм нөхцөл байдал хязгаарлаж байх шиг харагддаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийг одоо ямар хүмүүс бүрдүүлж байна вэ?

-Компанийн сайн засаглалын зарчмаар ажиллахын тулд ТУЗ-ийн хараат бус гишүүд дээр ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Манай ТУЗ нийт 9 гишүүнтэй. 6 нь хувьцаа эзэмшигч Засгийн газрыг төлөөлдөг бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, УУХҮЯ, БОАЖЯ-ны төлөөлөл болон миний бие байдаг. Хараат бус 3 гишүүнийг сонгон шалгаруулалтаар шалгаруулж авсан. Лондонд банкны салбарт олон жил ажилласан, Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан Д.Энхжаргал, Үндсэн хуулийн цэц болон Хууль зүйн яамд ажиллаж байсан туршлагатай хуульч Д.Мөнхгэрэл, мөн хувийн хэвшилд амжилттай ажиллаж яваа Ц.Пүрэврэнчин нар сонгогдон ажиллаж байна. Хараат бус гишүүнийхээ үүргийг биелүүлж, идэвхтэй ажиллаж байгаа. 

Цаашдаа ч хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, чанаржуулах хэрэгцээ шаардлага бий. Олон улсын жишигт нийцэхийн тулд төрийн байгууллагын төлөөлөл жин дардаг байдлыг аль болох өөрчилж, хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэл рүү явна. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулалт татахын тулд дотоодын төдийгүй олон улсын түвшинд гүйцэтгэх удирдлага, менежментэд ажиллаж хүлээн зөвшөөрөгдсөн, бизнесийн сайн туршлагатай, нэр хүндтэй мэргэжилтнүүдийг ТУЗ-дөө татан оролцуулах шаардлага бий.             

-Охин компаниудын хувьд байдал ямар байгаа вэ? ТУЗ-д нь ямар нэг өөрчлөлт орж байгаа юу?

-“Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудын ТУЗ-ийн гишүүдийг Компанийн тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулж авсан. ХК-ийн дүрэмд жилд нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой. Тэр хурлын өмнө компанийн хуулийн дагуу сонгон шалгаруулалтын зар тавьж, хараат бус гишүүдийг сонгон авч ажиллуулж байна. 

-“Эрдэнэс Монгол” ХХК нь Монголын зэс, нүүрсний борлуулалт, экспортын дийлэнхийг бүрдүүлдэг компаниудад хувь эзэмшдэг. Толгой компанийн хувьд тэдгээр компанийн борлуулалт, экспортын тогтвортой байдлыг хангах болон гол зах зээл болох Хятадын зах зээлд найдвартай сүлжээ бүрдүүлэх тухайд ямар бодлого барьж байна вэ? Ялангуяа нүүрсний салбарт энэ асуудал чухлаар тавигдаж байна. Гашуунсухайтын боомт дээр үүссэн нөхцөл байдлын тухайд ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Нүүрсний экспорт, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт жилийн хоёрдугаар хагасаас хойш буурч эхэллээ. Энэ нь тээвэр ложистик болон боомтын ачаалал гэхээсээ илүүтэй гол зах зээл болсон БНХАУ-ын бодлого, холбогдох байгууллагуудын шийдвэртэй холбоотой байна л даа.

Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Засгийн газраас Боомтын үндэсний зөвлөл байгуулан, Сангийн сайд толгойлон ажиллаж байгаа. Боомтын Үндэсний зөвлөл нь Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын болон Өвөр Монголын Засгийн газар, гааль, боомтын холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж байна. Ойрын хугацаанд нааштай шийдэгдэж, байдал сайжирна гэсэн хүлээлттэй байгаа.

-Аравдугаар сараас эхлэн Монголоос нэвтрэх нүүрсийг машинаар тээвэрлэхийг багасгана гэж дуулсан тухайгаа Фэнвэйгийн дэд ерөнхийлөгч манай сэтгүүлчид ярьсан. Квот болон нүүрсийг машинаар тээвэрлэхийг хязгаарлах талаар Монголын талд албан ёсоор мэдэгдсэн зүйл бий юу?

-Хятадын талаас төрийн байгууллагуудад яг энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй гэж ойлгож байгаа. Хятадын зарим компаниуд “Coal Mongolia 2017” хурлын үеэр квот тогтоож магадгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Хятадын боомт, гаалийнхны татан авалтыг харахад эрс буурчихаад байна л даа.

Гол нь Хятадын Засгийн газраас дотоодын зах зээл, ялангуяа коксжих нүүрснийхээ хэрэглээг ган металлургийн үйлдвэрлэлийн салбартайгаа уялдуулан нэлээд хязгаарлалтууд тавьж байна. Их хэмжээний нүүрсээр үйлдвэрлэл явуулахаасаа илүүтэй аль болох үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, үр ашгийг тооцсон үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулж эхэллээ. Монголын компаниудын нийлүүлж буй хэмжээгээр аваад байх биш квот тогтоох асуудлууд яригдаж байна. Үүнд бид зохицож ажиллахын тулд өрсөлдөх чадвараа сайжруулах, ачих буулгах тээвэр ложистикийн зардлаа бууруулах шаардлага тулгарч байна. Их хэмжээгээр түүхий нүүрс гаргах биш нэмүү өртөг шингэсэн чанартай экспорт явуулах чиглэлд ажиллах шаардлагатай гэсэн үг. 

Тодорхой квот тавьсан нөхцөлд компаниудын бизнес төлөвлөгөө тасра­хад хүрнэ. Тиймээс Хятадын талтай ярьж квотыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай гэж ойлгодог. Оюутолгой гэхэд дагнасан гарцтай. Тиймэрхүү байдлаар асуудлыг шийдэх бололцоо байна уу, үгүй юу гэдгийг ярилцаж ойлголцох хэрэгтэй юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамгийн том гэрээлэгч нь “Чалко трейдинг” гэж Хятадын компани бий. Монголын нүүрсийг худалдан авч байгаа Хятадын компаниуд ч гэсэн Монголын талын нийлүүлэгч компаниудтай гэрээ байгуулж, тэр хэмжээгээр эцсийн хэрэглэгч гангийн үйлдвэрүүдийн өмнө үүрэг хүлээж байгаа. Хэрвээ квотын хязгаарлалт үүсвэл Хятадын хүлээн авагч компаниудад ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ нь зөвхөн Монголын асуудал биш юм. Хятадын худалдан авагч компаниудад гэрээний үүргээ биелүүлэхэд нь хүндрэл үүснэ. Монгол, Хятадын гэрээ байгуулсан компаниудын асуудал биш учраас хоёр улсын хувьд нэлээд дээд түвшинд ярьж ойлголцох шаардлагатай болж байх шиг байна. Шинэ Засгийн газраас Хятадын холбогдох байгууллагуудад албан ёсоор хүсэлт тавьж, одоо байгаа хэмжээг нэмэгдүүлэх, квотын асуудал яригдаж байгаа бол түүнийг аль болох нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж, харилцан ойлголцох шаардлагатай юм.

-2017 оноос эхлэн Хятадын зарим мужаар ачааны машинаар нүүрс тээвэрлэхийг хязгаарлаж байгаа нь Монголын нүүрсний нийлүүлэлтэд ч хамаарч байгаа тохиолдолд Гашуунсухайтад хос зам тавих асуудал ямар ч ач холбогдолгүй болж хувирч магадгүй юм?

-Нүүрсний бизнест өртөг багатай тээвэрлэлт хамгийн чухал асуудал байдаг. УИХ-аас баталсан төмөр замын бодлогод туссан шинэ төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Тэр дундаа Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг яаралтай барьж байгуулах шаардлагатай. Шинжээчдийн хэлж байгаагаар төмөр замаар тээвэрлэх нь авто замаар тээвэрлэснээс гурав дахин өртөг зардал буурах бололцоотой гэж үздэг. Шинэ Засгийн газрын хувьд төмөр замын төслүүдийг хөдөлгөх нь тэргүүлэх ач холбогдолтой төслүүдийн нэг байх болов уу.  

Нөгөөтэйгүүр параллель замын асуудлыг мөн л Хятадын явуулж буй бодлого, худалдан авагчийн тавьж байгаа шаардлагатай уялдуулах шаардлага тулгарч байна. Параллель зам тавиад тээвэрлээд очлоо ч хүлээн авагч талаас зөвхөн төмөр замаар тээвэрлэх шаардлага тавигдвал төмөр замаар тээвэрлэхээс л өөр аргагүйд хүрнэ.  

-“Эрдэнэс Тавантолгой” ХК танай компанийн хамгийн том бизнес. Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн үйл явц эрчимжих шинжтэй байснаа чимээгүй болчихлоо. Үйл явц одоо ямархуу байдлаар өрнөж байна вэ? Эсвэл зогсчихсон уу? Яг юун дээр гацаад байгаа юм бол? 

-Тавантолгой ордыг цогцоор хөгжүүлэх асуудал олон жил яригдаж байна. 2014 онд Монгол улсын Засгийн газар БНХАУ-ын хамгийн том нүүрсний ком­пани болох “Шенхуа” группын тэргүүлсэн консорциумыг хөрөнгө оруу­лагчаар шалгаруулсан. Ингээд консор­циум болон уг консорциумыг бүрдүүлсэн “Шенхуа”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудтай уулзан, төслийг урагшлуулах чиглэлээр яриа хэлэлцээрүүд хийсэн. “Шенхуа” группын хувьд урт хугацаанд зөвхөн уурхай биш төмөр зам, коксжих нүүрс, нүүрс химийн чиглэлээр эрчим хүч үйлдвэрлэхэд  хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа. Цаашид Тавантолгой ордыг цогцоор ашиглах асуудал дээр улс төрийн шийдвэр шаардлагатай. Одоо бүрдэж байгаа шинэ Засгийн газрын хувьд Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь чухал ажил байх болов уу.     

-Хятадаас өөр улс руу бүтээгдэхүүн гаргах талаар эрэл хайгуул судалгаа хийж байна уу, ямар боломжуудыг судалж байна вэ?

-Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн хүрээнд бэлтгэн нийлүүлэлт, тээвэр, ложистикийн чиглэлээр гадны зөвлөх авч ажиллуулж байна. 

Өнөөдөр Монгол улсын зэсийн баяжмал, коксжих нүүрс бүгд л БНХАУ руу экспортод гарч байна. Газар зүйн байршлын хувьд хамгийн ойрхон зах зээл боловч бүгдийг авто замаар тээвэрлэж байгаа учраас тээвэр ложистикийг хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн хятадуудын худалдан авалтын шаардлага ч өөр болж байна. Тиймээс алсдаа бусад зах зээл рүү гарах асуудлыг судалж хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчлах үеэр Алс Дорнодын боомтуудаар дамжуулан Монгол улсын ашигт малтмал, түүхий эдийг борлуулах боломжийн талаар ярьсан. Энэ  чиглэлээр судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай.  Манай улс транзит тээврийн дамжин өнгөрөх гэрээг ОХУ, БНХАУ-ын алинтай нь ч байгуулаагүй байгаа. Коксжих нүүрс гэхэд Ганцмодны боомт дээр л борлогдож байна. Түүнээс цааш монголчууд өөрсдөө тээвэрлээд, Хятадын боомтууд руу хүргэх эрх зүйн бололцоо нь байдаггүй.

Харин шинэ төмөр зам төслийн Тавантолгой-Сайншанд-Чойбалсан-Хөөт-Бичигт гээд зүүн чиглэлийн төмөр зам байгуулах, ялангуяа Тавантолгойгоос Сайншанд гээд Улаанбаатар төмөр замын сүлжээнд холбогдчихвол урагшаа хойшоо гарах гарцтай болох ойрын хугацааны зорилтууд чухал харагддаг.

Гэхдээ энэ бүхэн “Эрдэнэс Монгол” ХХК-иас хамаарахгүй. Монгол улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогоос шалтгаална. 

-Өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” ХХК 1 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн. Энэ үнэлгээ нэмэгдэж байгаа юу?

-“Эрдэнэс Монгол” ХХК 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэсэн гадны экспертүүдийн дүгнэлт бий. Гэхдээ энэ үнэлгээ өснө, хамаагүй өндөр гарч ирнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй нүүрсний нөөц, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний нөөцүүд байна. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд эдгээр нөөцөд үнэлгээ хийнэ. Дараа нь компанийн бизнес үнэлгээг хийхэд нэлээд өсөх бололцоотой харагддаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК бол Монгол улсын иргэн бүрд 1072 хувьцаа амлаж эзэмшүүлсэн хувьцаат компани. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн 86%-ийг бүртгэлжүүлэх, компанийн баланс дээр бүртгүүлэх ажлыг одоо ид хийж байна. Энэ бүх ажлын үр дүнд компаниудын үнэ цэнэ нэмэгдэх бололцоо бүрдэнэ. 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүн гарсны дараа 2018 оны дундуур гэхэд үнэлгээгээ олон улсын стандартаар хийгээд ахиулчихсан байх зорилго бий.                  

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн IPO-ийн талаар тодруулж асуумаар байна. Урьдач бэлтгэл ажлууд нэлээд хийгдэж байгаа юм байна. Ер нь ямар арга зам, хувилбаруудыг судалж байна вэ? Таны харж байгаагаар мөнгө босгох ажил хэзээнээс эхлэх вэ?

-Олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгохын тулд нэгдүгээрт хөрөнгийн үнэлгээ хийх ёстой. Хоёрт, санхүүгийн тайлан тэнцлээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар хийлгэх шаардлага тавигддаг. Манайх “Эрнст энд Янг” компаниар сүүлийн гурван жилийн нэгдсэн санхүүгийн тайлан тэнцлээ хийлгэж баталгаажуулсан. Гуравт, зээлжих зэрэглэлээ тогтоох ажлууд хийгдэнэ.

Энэ бүгдийн дараа “Эрдэнэс Монгол” юм уу “Эрдэнэс Тавантолгой” яг ямар менежментээр олон улсын  санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох вэ гэдгээ тогтооно. УИХ-ын тогтоол ч бий.

Бидний харж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-ийн бэлтгэл ажлыг ойрын жилүүдэд хийнэ. Өмнөх жилүүдэд ч тодорхой ажлууд хийгдсэн. Экспертүүд болон энэ чиглэлээр ажиллаж байсан хүмүүсийг оролцуулан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. IPO хийх бэлтгэл ажлаас гадна ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хийх төслүүдээ санхүүжүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох шаардлагатай. Бэлтгэл ажлуудыг хийж, компанийн бонд гаргах зэрэг арга хувилбарыг судалж байна.

-Компанийн бонд гаргах хууль эрх зүйн боломж бололцоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд нээлттэй байгаа юу?

-Бололцоо бий. Гол нь бондыг худалдан авагч банкууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд компанийн стратеги, төлөвлөгөө маш тодорхой байх ёстой. Бонд гаргаад мөнгө босголоо гэхэд түүнийг юунд, ямар төсөлд зарцуулах, түүнийгээ яаж эргэн төлөх нь тодорхой байх ёстой. Тэр итгэл үнэмшлийг олж авахын тулд бид өөрсдөө гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй юм. Энэ нь эргээд компанийн засаглалын асуудалтай холбогдоно.

-“Эрдэнэс Монгол” энэ жил хамтарсан компаниуд нэлээд байгууллаа. Заавал хамтарсан компани байгуулж төсөл хэрэгжүү­лэхийн давуу тал нь юу юм бэ?

-2017 онд хэд хэдэн хамтарсан компанийг идэвхжүүлж, шинээр бүртгүүлэн ажиллаж эхэлсэн. Хувийн хэвшлийн болон гадны компаниудтай хамтран ажиллаж байгаа нь тухайн компанийн туршлагаар нэг нэгийгээ нөхөж ажиллах гэсэн хэрэг. “Бэрэн” компани гэхэд төмрийн хүдрийн ордтой. Монголд анх удаа ширэм үйлдвэрлэж эхэлсэн.“Бэрэн” групптэй хамтраад Чойрын орчимд металлургийн кокс, ган төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ТЭЗҮ хийж байна. Энэ үйлдвэрлэл дээр хамтарснаар “Эрдэнэс Тавантолгой”   коксжих нүүрсээ нийлүүлэх бололцоотой. Тиймээс хамтраад хөрөнгө оруулалтаа босгох чиглэлээр ажиллаж байна.

МАК-ийн хувьд уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай компаниудын нэг. Геологийн эрэл хайгуулын чиглэлээр хамтарч ажиллаж байна. “Арева” компанитай ураны салбарт хайгуул, туршилтын ажлууд хийж байна. “Арева” нь олборлох, боловсруулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад тэргүүлэх технологитой ураны салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани. Ийм л зарчмаар хамтарч байгаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК 14.6 тэрбум ам.долларын төслүүд хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа?

“Эрдэнэс Монгол”   болон охин, хараат компаниуд дээр хэрэгжихээр төлөвлөгдөж, ТЭЗҮ нь хийгдэж байгаа төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээг хэлж байгаа юм. Тухайлбал Шивээ-Овоо дээр том чадлын эрчим хүч экспортлох цахилгаан станц, уурхай, дамжуулах шугамын төсөл яригдаж байна. Энэ төсөлд гэхэд дангаараа 7 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай байх жишээний. Мөн манай түншүүдээс нүүрс шингэрүүлэх чиглэлийн төслүүд санал болгодог. “Багануур”, “Шивээ-Овоо” компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд байна. Багануур дээр шинээр цахилгаан станц барих төсөл яригдаж байгаа. Тиймээс уурхайн хүчин чадал нэмэгдэх ёстой. Багануурын  уурхай жилд 4 сая тонн нүүрс олборлож, төвийн эрчим хүчний системийн станцуудад нийлүүлдэг. Ирэх  2-3 жилд 7-8 сая тоннын хүчин чадалтай уурхай болох ёстой. Үүнд 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах хэрэгцээ бий. Энэ бүх төслүүдийнхээ хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлохоор 14-15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол гарч байгаа юм. Гэхдээ эдгээр нь урт хугацааны төсөөлөл.

-Шивээ-Овоогийн ордыг түшиг­лэсэн томоохон цахилгаан станц барих төслийн хувьд эрчим хүч экспортолно гэж байгаа. Экспортын хэрэгцээ үнэхээр байна уу? Хятадад эрчим хүчний импортын хэрэгцээ байхгүй гэсэн санааг Хятадын зарим байгууллагын төлөөлөл ярьж байсан?

-Шивээ-Овоо дээр Хятадын “Стейд Грийд” компани эрчим хүчний цогцолбор байгуулан, үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох төсөл хэрэгжүүлэх талаар 2005 оноос хойш яригдаж байна.

Хамгийн гол нь Хятадын Засгийн газар энэ төслийг маш их сонирхдог. 2014 онд БНХАУ-ын дарга Си Жинпин Монголд айлчлахдаа Шивээ-Овоогийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Эрчим хүч өнөөдрийн байдлаар хангалттай, хэрэгцээгүй мэт байгаа ч алс хэтдээ эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь гарцаагүй. Дээр нь байгаль орчны доройтол, агаарын бохирдол нь Бээжин, Шанхай зэрэг Хятадын томоохон хотуудад асуудал дагуулж, түүнийгээ шийдэхийн тулд хөрш зэргэлдээ орнуудаас эрчим хүч импортлох бодлогыг дэмжиж байна.

Энэ нь урт хугацаандаа хоёр талд харилцан ашигтай төсөл юм. Монголд их хэмжээний хүрэн нүүрсний нөөц, Хятадад том зах зээл нь байна. Монголын нийлүүлж болох хэмжээ одоо яригдаж байгаагаар 5.2 ГВ-ын чадал. Энэ нь Хятадын нийт хэрэглээнд маш өчүүхэн. Нөгөөтэйгүүр энэ төсөлтэй уялдуулж хэлэхэд “Азийн супер сүлжээ” гэж том санаачилга явж байна. Сэргээгдэх эрчим хүч, нүүрсний сүүлийн үеийн технологи зэргийг ашиглан эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох, олон улсын энэхүү эрчим хүчний эх үүсвэрээс гарсан том чадлын эрчим хүчийг БНХАУ, алсдаа Солонгосын хойг, Япон руу хүргэх асар том төсөл яригдаж байна. Шинэ эрчим хүчний чиглэлээр идэвхтэй, амжилттай ажиллаж байгаа Японы Софтбанкны Ерөнхийлөгч Масаёоши Сон энэ төслийг маш их дэмждэг.

Түүнчлэн Хятадын “Стейд Грийд” компани, Солонгосын КЭПКО, Японы ТЭПКО компаниуд бүгд дэмжиж байгаа учраас дунд болон ойрын хугацаанд биш ч хэтдээ урт хугацаанд хэрэгжих боломжтой, техникийн хувьд бололцоотой, оролцогчдодоо өгөөжөө өгөх төсөл байгаа юм. Төсөл эхэлчихсэн байхад тэр сүлжээнд эрчим хүчээ нийлүүлэх бололцоо нь байгаа.

Түүнчлэн Хятадын “Нэг бүс нэг зам”-ын 6 дахь коридор буюу ОХУ-Монгол-Хятадыг дамнасан коридор, дэд бүтцийн таван зам ч гэж яригддаг авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, хийн хоолой, харилцаа холбооны сүлжээг Монголоор дамжуулвал их хэмжээний өртөг зардлыг бууруулах бололцоотой гэдэг. Энэ коридор хэрэгжвэл хоёр хөрштэйгээ эрчим хүчийг харилцан нийлүүлэх, тогтвортой байдлыг хангах бололцоотой. Өнөөдөр мөрөөдлийн мэт харагдаж магадгүй ч 10 жилийн дараа бүрэн хэрэгжих бололцоотой төслүүд.

Одоогоор “Стейд Грийд” компани ТЭЗҮ хийгээд дуусч байгаа. Дараагийн шатны хөрөнгө оруулалтын асуудал удахгүй яригдана. 

-Та охин компаниудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх алхам хийж байна гэж ярьсан. “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК алдагдалтай ажилладаг компаниуд. Одоо байдал ямархуу байгаа бол? Хөрөнгө оруулалтууд нь юунд чиглэж байна вэ?

-“Багануур”, “Шивээ-Овоо” компаниуд олон жил төвийн эрчим хүчний станцуудад нүүрс нийлүүлж ирлээ. Зах зээлд шилжиж эхэлсэн 90-ээд оны эхэн үеэс үүдэлтэй санхүүгийн хүндрэлээс шалтгаалан Дэлхийн банк, Японы Засгийн газраас их хэмжээний зээл авч техникийн шинэчлэл хийсэн байдаг. Гэвч нүүрсний үнээ өртөг зардлаа нөхөх хэмжээнд тогтоож чаддаггүй. Нүүрсний үнэ нэмэгдчихвэл цахилгаан дулааны үнэ нэмэгдэхээс шалтгаалан төрөөс нүүрсний үнийг доогуур барьдаг. Үүний улмаас хуримтлагдсан өрийн дарамттай, алдагдалтай ажилладаг, найдвартай ажиллагаа доголддог асуудлууд байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд цахилгаан дулааны үнийг боломжийн хэмжээнд өсгөсөн, нүүрсний үнэ ч шат дараатайгаар нэмэгдсэн.

Энэ жилээс Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран бага хүүтэй төсвийн зээл авах, хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангах, урт хугацаанд хуримтлагдсан өр төлбөрийг шийдэх талаар ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан Ажлын хэсэг байгуулан нүүрсний үнийг бага багаар шат дараатай хөдөлгөх тооцоо судалгаа хийж байна. Ингэснээр алдагдалгүй, бага зэргийн ашигтай ажиллах бололцоо бүрдэнэ.

Ер нь цаашид заавал Төр давамгайлсан хувьцаа эзэмшигч байна гэлгүйгээр хувьцаагаа худалдах, хөрөнгийн биржээр арилжих ёстой, ийм шийдвэрүүд ч бий. Гэхдээ санхүүгийн хувьд хөл дээрээ тогтсон, үр ашигтай байхгүй бол хувьцааг худалдаж авахгүй шүү дээ. Тиймээс санхүүгийн менежмент, үр ашгийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн өмнө асар том зорилго байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Хууль эрх зүйн хувьд харьцангуй боломжийн. Үнэлгээ, үйл ажиллагаатай холбоотой ажлууд эрчимтэй шийдэгдээд явж байна. Дараагийн шатны том ажлууд, IPO, хөрөнгө оруулалт, Тавантолгойн хөрөнгө оруулалт  зэрэг том асуудлууд дээр мэдээж УИХ, Засгийн газрын улс төрийн шийдлүүд хэрэгтэй. Энэ чиглэлийн шийдлүүд гарвал төслүүд хөдлөөд явах бололцоотой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс хувьцааны бүртгэл зэрэгтэй холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг байгуу­лагдсан цагаас хойш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд, тодор­хой хэлбэл Америкийн “Маккензи”, Германы “Фихтнер”, Олон улсын санхүүгийн корпораци, “Тони Блейр Ассошэйтэд” зэрэг зөвлөх үйлчилгээний компаниудаас хөгжлийн стратеги, загварын талаар үнэтэй зөвлөмжүүд өгч, цаашид хэрхэн хөгжих стратегийг нэлээд сайн чиглүүлсэн байдаг.

Ярилцсан:    MMJ Н.Ариунтуяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН