• Эхлэл
  • Төсөв хэмээх мөнгөний “алаан” буюу ЭМД-ийн 420 тэрбум

Төсөв хэмээх мөнгөний “алаан” буюу ЭМД-ийн 420 тэрбум

2017/11/13

Саяхан Ерөнхий сайдаа кабинеттай нь “шилгээж” орхисон УИХ-д одоо ирэх жилийн төсвийг батлахад хоёрхон хоногийн хугацаа үлдээд байна.  Хуулиар төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлахгүй бол УИХ өөрөө тарах ёстой. Дөрвөн хэлэлцүүлгээр батлах ёстой төсвийнхөө гурав дахь хэлэлцүүлэгт ердөө л өнгөрсөн долоо хоногийн сүүлд хальт мөлт орсон УИХ-д энэ бол бага хугацаа.

Гэвч төсвийн хэлэлцүүлгийг яаж ийгээд арга саам хийн тулгасаар цаг тулангуут шөнө дөлдүүлэн яаран сандран баталдаг үе үеийн парламентийн жишиг ёсоор тэд ч бас яг хуулийн хугацаа буюу арваннэгдүгээр сарын 15-ны шөнө дөлд багтаан 00.00 цагаас өмнө батлах нь тодорхой. Юуун багш нарын цалин... төсвийн нарийвчилсан задарга, спикерийн алх тасхийн, зарим гишүүд бол юунд ч саналаа өгч байгаагаа мэдэхгүй шахам батлаад дуусгана. Одоо ч “танхим”-д юуны төсөв баталж байгаагаа ч мэдэхгүй шахам явж байгаа гишүүд олон гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу?

420 тэрбум төгрөгний “шилжүүлэг”

65 гишүүнтэй үнэмлэхүй олонх МАН-ын Засгийн газраа унагасан шалтгаан ердөө л мөнгө, эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж нэгэнтээ УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин хэлсэн. Засаг огцруулах шалтгаан нь “хэдэн” концессын “асуудал” байсан гэдгийг та бид харсан. Дараагийн засгаа эмхлүүлэхдээ ч “чи, би хулгайч”-даа тулан хэрэлдсэний учир нь мөн л мөнгө, эрх мэдлийн төлөөх улайрал байсан нь ч харагдсан. Товчхондоо “Чи идсэн, одоо би иднэ...”

Ердөө л хэдхэн хоногийн өмнө Сангийн сайдад томилохоор дуу нэгдэж байсан МАН-ынхан хэдхэн хоногийн дараа Ч.Хүрэлбаатарынхаа эсрэг гал асааж эхэлсэн нь мөнгөний уурхай хэмээх ашигт малтмалын төлбөртэй холбоотой асуудлуудыг Сангийн яаманд буюу өөртөө харьяалуулах санаатай байснаас үүдэлтэй гэсэн яриа дэгдсэн. Ортой ч байх магадлалтай, гэнэт л дуу нэгтэйгээр Сангийн сайд руугаа атаклаж эхэлсэн шүү дээ.  

Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг дээр хамгийн гол яригдаж байгаа асуудлуудаас ч харсан мөн л хэний гарт ихээхэн мөнгөний багц “бариулах” вэ?  гэсэн тоглоом өрнөж байх шиг.

Жишээлбэл, Хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Боловсрол, соёл шинжлэх ухааны яам руу шилжүүлэх тухай зарчмын сайхан саналын цаана ирэх жил төсөвлөгдөж байгаа 6,5 тэрбум төгрөгний зарцуулалтыг хэн “атгаж” байх вэ гэдэг тулаан дагалдаж байх магадлалтай.

Энэ мэт эрх мэдлийн товчхондоо мөнгөний төлөөх тулааны анхаарал татууштай нь Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх тухай асуудал. Нэг талаасаа эмнэлгүүдэд  санхүүжилтээ шийдэх боломж олгох, эрүүл мэндийн даатгалаа ашиглаж чадахгүй байгаа иргэдэд үйлчилгээг нь ойртуулах гэх мэтчилэн сайхан тайлбартай боловч жил бүр ЭМД-аас ашиглагдалгүй үлдэгдэл болж гарч ирдэг 420 тэрбум төгрөгний зарцуулалтын асуудал яригдаж байгаа нь тодорхой.

Нөгөө талаасаа Эрүүл мэндийн яам үйлчилгээ үзүүлэгч байгууллага, санхүү атгагч нь Нийгмийн даатгалын сан атал үйлчилгээ үзүүлж байгаа нь ч мөнгийг нь төлж байгаа нь ч нэг “толгой” болох нь яавч эрүүл бус үзэгдэл гэгдэж буй. Дээр нь энэ бол ЭМД төлөгч би, чи, таны эрсдэл тохиож гэмээнэ дэм болох учиртай мөнгийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ор хоног, цахилгаан, эмч ажилчдын цалинд дахиад л нөгөө төр хэмээгч завшигч этгээдийн гараар зарлагадуулах вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг салбарынхан нь ч өмнөх сайд нь ч өдгөөгийн сайд нь ч анхааруулж хэлж байсан ч төсвийн хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн даатгалыг үйлчилгээ үзүүлэгчийн гарт атгуулахаар шийдэх нь нэгэнт тодорхой болчихлоо.

Тайлбар нь:Төсвийн гуравдахь хэлэлцүүлэг нэгэнт хийгдсэн, одоо өөрчлөх боломжгүй.

Сангаасаа 420 тэрбум төгрөгний “сул” үлдэгдэл алдаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь тэгтэл их эсэргүүцэл үзүүлсэнгүй “Нэгэнт ингэж шийдэгдэж байгаа учраас...” гэсэн үг хэлэх төдий. Бодвол МАН дотооддоо шийдсэн учраас сайд эсэргүүцэх ёсгүй биз. “Аз болж” 55 тэрбумын урамшуулал, багш нарын ажил хаялт, Ерөнхийлөгчийн хориг гэх мэт сенсациудад дарагдаад олон нийт ч үүнд анхаарал хандуулсангүй. Анхаарал хандуулах  ч боломж олгосонгүй.

Тэгэхээр төсөв яаравчлан, хуулийн хугацаанд батлах ёстой гэсэн шавдуулга, төрийн албан хаагчдад мөнгө олгох эсэх тухай масс-ыг хамарсан дуулиан, тэмцэл мэтгэлцээн дунд хэд хэчнээн тэрбумууд зөвхөн алхны тогшилтоор батлагдаад өнгөрөхийг хэлэхэд хэцүү байгаа биз? Зөвхөн ЭМД хэмээх 420 тэрбум төгрөгний сангаар жишээ авахад...

Зөвхөн энэ ЭМД-ын 420 тэрбум төгрөгний зарцуулалт гэхэд төрийн албан хаагчдад тараана гэж байгаа 55 тэрбум төгрөг хажууд нь бараг инээдэм шүү дээ. Ингээд хуулийн хугацаанд батлах ёстой гэсэн нэрийн дор бид хэдэн тэрбумууд хааш урсаж, шилжүүлж, шилжүүлэгдэж байгааг мэдэх аргагүй өнгөрлөө дөө. Төсөв батлагдахад хоёрхон хоног үлдсэн. Уучлаарай, төсвөө МАН-ын олонх саадгүй батална. Ингээд үлгэр амар сайхандаа жаргах нь дээ.  

А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин