• Эхлэл
  • “Саусгоби Ресурсес”-ийн захирлыг Хятадад баривчилжээ

“Саусгоби Ресурсес”-ийн захирлыг Хятадад баривчилжээ

2017/11/20

-Б.Аминбөхийг баривчилсан мэдээлэл гарснаас хойш тус компаний хувьцаа 11 хувиар унаад байна-

Монголын уул уурхайн томоохон компанийн захирлыг баривчлаад байгаа тухай мэдээлэл гараад байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр бол “Саусгоби Ресурсес” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийн аравдугаар сарын 11-нд БНХАУ-ын Рижао хотод баривчилсан талаар өнгөрсөн баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 17-нд компанийн зүгээс мэдээлсэн гэжээ.

Б.Аминбөхийг залилангийн хэргээр сэжиглэн шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Б.Аминбөхийг захирлын ажлаас нь чөлөөлж, оронд Бин Ваныг томилсон гэж компанийн зүгээс мэдээлсэн байна.

Б.Аминбөх нь 2015 оны наймдугаар сараас тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд сарын дараа Гүйцэтгэх захирлаар томилогдсон аж. Үүнээс өмнө, тэрбээр National United Resources Holding компанийн захирлаар ажиллаж байжээ.

Ванкуверт төвтэй “Саусгоби Ресурсес” компани Өмнөговь аймгийн Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг.

Өмнө нь буюу 2013 онд тус компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Каплагийн талаар дуулиан дэгдэж байсан. Авлигатай тэмцэх газраас тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийг шалгах явцад Канадын “Саусгоби Ресурсес” компанитай холбогдох зөрчил илэрсэн хэмээн тус компанийн ерөнхийлөгч Жастин Капла нарын хүмүүсийг 35 тэрбум төгрөгний татвараас зайлсхийсэн хэмээн таван жил 10 сар хорих ял оногдуулсан. Энэхүү хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлэн Жастин Каплаг эх оронд буцаасан нь өдгөө ч шүүмжлэл дагуулсаар байдаг билээ.

Түүнтэй хамт Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, Кристобэл Ж.Дэвид нар мөн баривчлах ялаар шийтгүүлж байсан юм.

Монголчуудын хувьд энэ компанийг “Саусгоби сэндс”, “Саусгоби сесурсес” /толгой компани/ гэсэн нэрээр мэддэг. Анх 2006 онд тухайн үедээ Монголын “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч байсан “Айвенхоу Майнз” компани байгуулсан.

Одоо гол хувьцаа эзэмшигчид нь Хятад Улсын төрийн өмчит China Cinda Asset Management Corporation Limited болон China Investment Corporation.

Тус компани Өмнөговь аймгийн Овоот Толгой, Сүмбэрийн орд гэх мэт хэд, хэдэн лизензийг эзэмшдэг. Хонг Конгийн хөрөнгийн биржид  TSX:SGQ,HKEx:1878 бүртгэлтэй.

Тус компанийн захирал Б.Аминбөхийг баривчилсан нь Капла нарын хэрэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй.

Ямартаа ч “Саусгоби ресурсес”-ийн захирлыг баривчилсан мэдээлэл гарснаар бирж дээрх хувьцааны үнэ нь унаж байна. Өнөөдөр 2017.11,20-ны өдрийн арилжааны нээлтийн байдлаар хувьцааны үнэ 50 минутын дотор 11 хувиар унаад байна гэсэн мэдээлэл байна. Тус компани олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлсэн жилээ буюу зөвхөн 2010 онд 437 сая ам.доллар биржээс босгосон гэж албан ёсны сайтдаа мэдээлж байсан юм.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Монгол
    Элбэгдоржийн найзууд
    2017 оны 11 сарын 25
Сонин хачин