• Эхлэл
  • БНСУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНСУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2017/11/20

БНСУ-д ажиллаж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тус улсын Санхүүгийн үйлчилгээний хорооны дэд дарга, ноён Ким Ёнбим, Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын захирагч Чой Хэюнгсик нартай уулзлаа.

Санхүүгийн үйлчилгээний хороо бодлогын зохицуулалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, хамтын удирдлага бүхий байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хороо тус хороотой 2010 оноос хил дамнасан хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллах, мэдээлэл солилцох санамж бичиг байгуулан ажиллаж буй бөгөөд дарга С.Даваасүрэн энэ хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх санал тавилаа. Ноён Ким Ёнбим санхүүгийн салбарын зохицуулалтын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар харилцан туршлага солилцож ажиллах нь зүйтэйг онцлов.

Харин Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай Хороо техникийн хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцлоо. Иж бүрэн гэж болох энэхүү техникийн хамтын ажиллагаа тус байгууллагаас хэрэгжүүлдэг “Санхүүгийн хянан зохицуулагчдын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд амжилттай хэрэгжиж, бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Хорооны дарга С.Даваасүрэн илэрхийлэв.

Техникийн хамтын ажиллагааны хүрээнд хяналт, зохицуулалтын чадавхыг бэхжүүлэх, санхүүгийн зөвлөх, системийн шинжээч нарыг ажиллуулах, хүний нөөцийн болон техник тоног төхөөрөмжийн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм. Ноён Чой Хэюнгсик, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэсэн Хорооны санаачилгыг хүлээн авч, дээрх хөтөлбөрийн хүрээнд зөвхөн Монгол Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагад зориулсан тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг дэмжихээ мэдэгдсэн юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин