• Эхлэл
  • Шинэ зууныг хөгжлөөрөө түүчээлэх Хятад улс

Шинэ зууныг хөгжлөөрөө түүчээлэх Хятад улс

2017/11/24

Байгуулагдаад хорь шахам жил болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага энэ удаад  гишүүн болоод ажиглагч орнуудынхаа  хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг  эх орондоо хүлээн авч   уулзахаар Наньжин хотоос урилга ирүүлжээ.   Монгол Улсын тухайд   2004 оноос  тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн   анхны орон  бөгөөд  манай дараа  2005 онд Иран, Пакистан, Энэтхэг,  Беларусь, 2012 онд Афганистан тус тус ажиглагчийн статусын эрхийг авсан байдаг.  Азербайжан, Армени, Киргиз, Казакстан,  Камбож, Балба, Турк, Шри-ланка, Узбек, Тажик,  ОХУ  бол жинхэнэ гишүүд нь юм.  Харин  энэ оны зургаадугаар сард Казакстаны нийслэл  Астана хотноо зохион байгуулсан  төр, засгийн тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдааны үед Иран, Энэтхэг улс гишүүнээр элссэнээр үлдсэн  дөрвөн улс ажиглагчийн статусаа хэвээр хадгалж үлдлээ.    

Гишүүн болоод ажиглагч орнуудын хэвлэл мэдээллийн агентлагуудын захирал, ерөнхий редакторуудыг Бээжин хотноо хүлээн авч уулзсан Хятадын коммунист намын төлөөлөл  Шанхайн хамтын  ажиллагааны байгууллагын зорилгыг   “ШХАБ нь гишүүн улс орнуудаа  нэгтгэж ,  аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх төдийгүй  алан хядах ажиллагаа, мансууруулах бодисын суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал” хэмээн тодорхойлсон.    

Нөгөөтэйгүүр, эрхэм уншигч та  Монгол Улс энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж ирсний үр дүн юу байх юм гэж сонирхох нь мэдээж.  Сэтгүүлч миний бие ч энэ л өнцгөөс холбогдох албаны хүнээс уулзалтын үеэр тодруулахад,   “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  нь  хамтын ажиллагаа гэдэг утгаараа  Монгол Улсын  хөгжил дэвшилд  гадаад таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад нь тусалж дэмжинэ.   Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “ Нэг бүс- нэг  зам” санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжиж ажиллана”  гэж  хариулсан.   Дашрамд өгүүлэхэд, Бээжин, Жянсү муж, Наньжин хотноо болсон уулзалтуудын үеэр  үзэг нэгт нөхөд маань ирэх дөрвөн жилд  БНХАУ, Хятадын коммунист нам   өөрсдийнх нь   ашиг сонирхолд  нийцсэн ямар  бодлогыг  ямар байдлаар хэрэгжүүлэхийг асууж, санаандаа нийцсэн хариулт  авахыг дор бүрнээ хичээж байсан нь аялж, амрахын алинд нь  мэргэжил нь зүгээр суулгадаггүйн жишээ юм уу даа.

 

     Мэдээллийн зах зээл ба хятад сэтгүүлч

 Бээжин хот мөнөөх л янзаараа манан дундаас сүүмийсээр угтлаа.   Хатуу хахир өвлийн эхний сар гарсан болоод тэр байх, Бээжингийн гудамж нэг л бүрсгэр харагдах хэдий ч шинээр сүндэрлэн боссон барилгууд хийгээд тэдний оройд гялалзах   хаяг рекламны гэрэл гадны зочдын харааг өөрийн эрхгүй татна.  Хэрхэн яаж бүтээж буйг нь  зочлох бүрийдээ  мэдэх монгол хүний хувьд   бас л нэг таун  бий болоодохож хэмээн цагаахнаар атаархаад өнгөрөх хэдий ч цээжнийхээ гүнд манай Улаанбаатар ч Бээжингээс дутахааргүй сайхан болж байгаа шүү дээ хэмээн улс гүрнээ өмөөрч явлаа.  

Харин тэр бүр БНХАУ-д хөл тавих завшаан олдоод байдаггүй Иран, Аганистан, Пакистаны сэтгүүлчид маань автобусны цонхоор бичлэг хийн,  их хотын амар амгаланг гайхан, тэнгэр баганадах шил толь болсон байшингуудын зургийг  гар утасныхаа  гэрэл зургийн цомогт алдалгүй буулгахыг хичээх аж.  Бидний аялал урьдчилсан төлөвлөгөө ёсоор Бээжингийн их сургуулийн Сэтгүүлчийн тэнхмийн багш нартай уулзах уулзалтаас эхэлсэн.  

БНХАУ –д 1822 онд  цаасан сонин  анх бий болсон   бол  1923 онд Шанхай , 1928 онд Наньжин хот  шугамын радиотой болж,  сонсогчиддоо    анхны мэдээллээ хүргэсэн түүхтэй юм  байна.  Харин Бээжингийн олон улсын радио 1940 онд байгуулагджээ.  Дашрамд сонирхуулахад, Япон улс 1941 онд радиотой болсон аж.   Телевизийн тухайд Бээжингийн телевиз 1958 онд үндэс сууриа тавьсан бол 1979 оноос өнгөтөөр нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна.   Бээжин болон Хятадын ард түмний 98,6 хувь нь телевизээс мэдээллээ авдаг бол 98 хувь нь FM радио сонсдог гэнэ. 

Өнөөдрийн байдлаар Бээжин болон орон нутагт улсын чанартай 12 төв радио телевиз байдгаас   гадна тухайн орон нутгийн кабелийн телевиз, дижитал телевиз , радио станцууд  өөр өөрсдийн бодлого чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг гэж байв.   Хятадын нутаг дэвсгэрт 3D кинотеатр 6200 байгаа гэж мэдээллийн ажилтан өгүүлсэн.  Нөгөөтэйгүүр, дэлхий дахинд үүсээд  байгаа цаасан хэвлэлийн тоо  эрс цөөрсөн  явдал Хятадад ч асуудал  болоод байгаа аж. Энэ нь мэдээж,  иргэд боломжит бүхий л хувилбараар мэдээллээ цаг алдалгүй авдаг болсон явдал. Ялангуяа  цахим ертөнцтэй хэт  ойртож нөхөрлөх болсон нь радио сонсч, телевиз  үзэн  мэдээллээ авдаг байсан  тэр хувилбар хоёрдугаарт бичигдэх болсон нь уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг  мэдээлллийн зах зээлд өөр зарчмаар ажиллахыг  шаардах болсон гэлээ.   Тиймээс Бээжингийн их   сургууль 2000 оноос сургалтынхаа программд  өөрчлөлт оруулж, бүхий л хувилбарт тэнцэх сэтгүүлч бэлтгэх  бодлого баримтлан ажиллах болсон байна. 

Өөрөөр хэлбэл, мэдээллийн зах зээлд Бээжингийн их сургууль төгссөн сэтгүүлч гологдох учиргүй гэнэ. Иргэд өмнө нь радио, телевизээс цацсан   мэдээ бүрийг чих тавин сонсдог байсан бол эдүгээ  гар утаснаасаа болж буй үйл явдлыг газар дээрээс нь шууд хүлээж авахыг илүүд үзэх болсон  байна.  Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч зах  зээлээ алдахгүйн тулд сэтгүүлчдээ  газар дээрээс нь мэдээллээ дамжуулахыг шаардан, мэдээллийнхээ цагаар дүгнэлт, тодруулга, албаны хүний байр суурийг хүргэдэг тогтолцоо руу шилжжээ. Монголын сэтгүүлчид ч  ийм л зарчмаар ажиллаж  байгааг  үгийн далимд дуулгасан.  Санхүүжилт нь төрийн  мэдлийн телевиз, радиогийн хувьд улсаасаа санхүүждэг бол кабелийн телевизүүдийн хувьд бидний ижил зар сурталчилгаанаасаа санхүүждэг аж.  Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөгжил дэвшлийн тухайд  Хятад улс дэлхийд цахиур хагалж яваа учраас энэ тал дээр юу хэлэх билээ. Ер нь  бүх зүйл нь гайхалтай.  

 Нөгөөтэйгүүр, Хятад улс тоон систем рүү хэдийнэ шилжсэн гэдгээ уулзалт ярилцлагын   үеэр онцолсон.  Энэ мэт танин мэдэхүйн шинжтэй мэдээллийн дараа зочин сэтгүүлчид өөрийн орны хэвлэл мэдээллийн байгууллагын зах зээлд эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүргийнхээ талаар мэдээлэл хийсэн. 

Улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй байгаа Пакистан, Афганистан , Иран улс  бусдын сонирхлыг татаж байсан хэдий ч  техник технологийн хөгжил дэвшлээс тэгтлээ хоцорч сүйд болоогүй нь тэдний ярианаас анзаарагдсан. Мөн л тэндэхийн залуучууд  facebook,тветртэй нөхөрлөж, тэндээс бүхий л мэдээллээ авдаг болжээ. Харин алс зайдуу суурин газрын иргэдийн хувьд цаасан сониноос л мэдээллээ авдаг хэвээр гэнэ. Гэхдээ цаг бусын үймээн самуунаас болж  өдөр тутмын сонин цагтаа хүрэхгүй тохиолдол үе үе гардаг гэдгээ ч тэд нуугаагүй.

Бээжингийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд  жилд  гадны 50 мянга гаруй оюутан шинээр элсэн суралцдаг болсон нь тэр хэрээр сургуулийнх нь  нэр хүнд өсчээ.   Олон зуун жилийн түүхтэй Бээжингийн их сургууль эртний гэдэг брэндээ тэр хэвээр нь хадгалж үлдэхийг ихэд хичээж байгааг  сургуулийнх нь  орчноос харж болно. Гэхдээ эко орчныг тэргүүн зэрэгт тавьж, цэцэрлэгт хүрээлэнд ирэв үү   гэх сэтгэгдлийг үлдээж чадаж байгаа нь гайхамшигтай. Сургуулийн хашаа руу орсон л бол машин, мотоциклио тусгай зогсоолд байршуулаад унадаг дугуйгаар хотхон дотроо зорчих  учиртай аж.  Бээжингийн их сургуулийн бүхий  л тэнхимтэй  танилцана гэвэл элбэг таван өдөр шаардагдана гэж хөтөч маань бидэнд сайрхсан. Үнэндээ ч тийм байх. Ганцхан тэнхимд зочилж,  цэцэрлэгт гудамжийг нь товчлон зугаалахад л нэг өдрийн аялалын хөтөлбөр өндөрлөж байгаа юм чинь.  Эл аялалын дараа Бээжингийн их теарт саатан тухалж,  гадаадын иргэдэд зориулсан өнө эртний түүхтэй Тансан ламын зүүн өмнөдөөр аялсан нь гэдэг драмын жүжгийг үзэж сонирхсон. Монголчуудад хэдийнэ танил болсон бүтээлийн талаар өгүүлэх нь илүүц  биз ээ. Гэхдээ зарим хүнд  драмын жүжиг хэлбэр нь киноноос илүү сонирхолтой байж мэднэ л дээ. Бүх үзүүлбэр, тоглолт нь бодитой учраас.

 Газрын диваажин   Сүжоу  хот

  Эртний хятад үгэнд “Тэнгэрт диваажин газарт Сүжоу  бий” гэлцдэг аж.  Энэ утгаар  ШХАБ  ирсэн зочдоо газрын диваажин болсон Сүжоу хотоо үзүүлэхээр аяллынхаа  хөтөлбөрт тусгажээ.  Бид  энэ удаад автобусаар бус, онгоцоор бүр биш, хурдан галт тэрэг хөлөглөн Жянсү мужийн томоохон хотуудын нэг Сүжоуг зорьлоо.  Цагт 248 км цагийн хурдтай довтолгох хурдан галт тэрэг монголчуудын хувьд сонин зүйл байлгүй яах билээ.  Нүдний үзүүрт бүх зүйл жирэлзээд л өнгөрнө. Тогтоож харахын аргагүй. Ямартай ч  Хятадын гүн рүү довтолгох тусам  галт тэрэгний тасалгаан дахь дулаан хэмжигчийн зүү +26 –г зааж,  байгаа бүх хувцсаа давхарлаж өмссөн иран, узбекстан, киргиз, тажик, шри-ланк, камбож анд нарын маань бие тавирч дулаацаж байгаа бололтой  нүүрэнд нь инээмсэглэл тодрон малгайгаа авч,  гадуур хувцсаа тайлан ноосон цамцтайгаа сууцгааж эхлэв. Улмаар дуу шуу орон галт тэрэгний тасалгааг  эзэгнэн,   унтаж яваа нэгнийхээ зургийг авч, түүнийгээ бие биедээ дамжуулан үзэцгээх нь зусланд амраад буцаж яваа багачуудыг   санагдуулам. Хэдийгээр агентлагийн дарга нар яваа хэдий ч хүн л юм хойно  үе үехэн зүггүйтмээр болдог байлгүй дээ.   Харин тэднийг  орон нутгийн зорчигчид ихэд сонирхон шаргал үстэй беларусь бүсгүйтэй зургаа авахуулах  гээд галт тэрэгний хонгилд дугаарлан зогсох нь инээдэмтэй ч юм шиг. Орос гаралтай бүсгүйн өндөр шонхор хамар, алтан шаргал үс, бадриун гэмээр том бие  тэдэнд их л сонин зүйл нь байгаа бололтой. Зарим  эр  эхнэрээсээ зөвшөөрөл авч ирээд л зургаа татуулах юм гээч. Ийн зургаан цаг шахам  довтолгохыг бодвол  Сүжоу хот Бээжингээс  их хол оршдог нь ойлгомжтой.    Сү́жоу (дуудлага нь [сүү-жоу], монгол кириллээр бас Сужоу, хятадаар 州市 [Sūzhōu shi], англи латинаар Suzhou) хэмээн их тайлбар тольд тэмдэглэжээ.  Засаг  захиргааны хувьд Хятад улсын Жянсү мужид харъяалагддаг юм байна.  Хүн ам нь би буруу дуулаагүй  10 сая 549,100  гэнэ.

Миний хувьд мэргэжлийн онцлогоосоо болоод тэр үү очсон газрыхаа түүхэн ач холбогдол, байгалийн  дурсгалт газар,  хүмүүсийнх нь  аж амьдралыг илүү сонирхдог.   Бид  тэр өдрийнхөө орой хотын  шөнийн аялалд усан онгоц хөлөглөн гарцгаасан. Сүжоү   мянган жилийн баялаг түүхтэй хот гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй дуулсан байх. Тиймдээ ч  орчин үетэй хөл нийлүүлэн хөгжиж буй гэхээсээ илүүтэй эртний хотын барилга байшин, өв соёл нь  гүн сэтгэгдэл төрүүлсэн.  Усан онгоцны гаднах байдал мөнөөх л эртний загвартай. Гэхдээ загасчны завь шиг биш шүү.  Голын хоёр эрэг  рүү зорчигч зөөдөг байсан усан тээвэр өдгөө ч үргэлжилсэн хэвээр. Гэхдээ тэдний дийлэнх нь гадны жуулчид байдаг аж.  Гол дээгүүр маш том гүүрэн байгууламжуудыг хэд хэдээр нь байгуулжээ. Хөтөчийн хийсэн тайлбараар бол XYII зууны дунд үед баригдсаныг нь 1970-аад оны эхээр сэргээн засварласан гэнэ.  Шөнийн харанхуйд болоод тэр үү өнгө өнгийн гэрэл гялалзаад гүүр хуучин эсэх нь мэдэгдээгүй. Аялал тун таатай.  Хорь гаруй хүн элбэг багтах моторт онгоцны капитаны охин байж магадгүй түүнтэй царай нь их адилхан  охин /20 орчим настай/ шанз маягийн хөгжмөөр эртний хятад дууг их донжтой  аргагүй уянгалуулах нь хэн бүхэнд таалагдаж, дөрвөн ч удаа дахиуллаа.  Монгол ардын дуутай зарим талаар ая дан нь ижил сонсогдож байсан шүү. Жаахан ий ий ий ий яа яа яа хэмээн нарийнхан  хоолойгоор уртаар уянгалуулахыг эс тооцвол.  Хятад охины дуулахыг сонсч байхад яагаад ч юм Халимагийн нэрт туульч Цагаанзамын  Монголын ардын урлаг Чингис хааны байлдан дагуулсан улс орнуудад шингэж үлдэхдээ монгол ая дангаа бараг л алдаагүй нь гайхалтай хэмээсэн нь бодогдож байлаа. Даанч манайхан алмайж байх хооронд хөршүүд маань сэргэлэнтчихээд  байдаг болохоос биш. Жинхэнэ өв соёлын эзэд нь бид байхыг үгүй гэх газаргүй.

 Нөгөөтэйгүүр, хүн амынх нь тоог харахаар  түм түжигнэж бум бужигнасан  олон хөлийн газар байх мэт санагдавч гудамж талбай нь харьцангуй  ажин түжин юм билээ. Гэхдээ өглөө, оройд  Улаанбаатарын гудамжны нэгэн адил  тээврийн хэрэгслүүд нь түгжирч, заримдаа нам зогсоно.  Энэ үед надад”хөөе цагдаа гуай, автобусаа нэгдүгээр эгнээгээр явуулаач. Манай Улаанбаатарт тэгдэг юм” гэж ирээд л туршлагаасаа хуваалцмаар санагдаж байлаа. Энэ өдөр дулаахан,  агаарын хэм +25 зааж байсан ч  хүмүүс нь Улаанбаатарын арван сарын сүүлч  шиг л өдөн куртик өмсчээ. Тэгсэн атлаа доогуураа  нүцгэн хөлөндөө шаахайгаа угласан харагдана. Байнгын бүрхэг тэнгэр, манантай байдаг тул агаарын хэм хорь гарсан ч чийг нь хүйт даагаад ясыг нь янгинуулдаг байж магадгүй. Хэрэвзээ манайд ийм дулаан  байх аваас   монгол охидууд  урт шулуухан хөлөө гайхуулан богино банзал, даашинзаар гоёх байсан нь дамжиггүй. Гэвч энд тийм биш. Ганган дэгжин охид тоотой тааралдсан. Бүсгүйчүүд нь богино даашинз барагтай өмсөхгүй нүцгэн  шилбээ  бараг гаргаж /шагайнаас доош ил гарч болно/явахгүй. Учрыг нь асуувал эндэхийн  бүсгүчүүд нүцгэн хөлөө гаргаад явж болохгүй  гэнэ.  Гэхдээ шөнийн цэнгээний газруудаар жинхэнэ сайхан хүүхнүүд байдаг гэж дуулдсан. Лалын шашинтай  голдуу зочдоо юу боллоо гэж тийшээ зүглүүлэв гэж.   Сүжоуд  Хан үндэстэнээс гадна шар толгойтой гадныхан энд тэндгүй тааралдах аж.  Тэдний зарим  хятадаар ярих нь суурьшаад удаж буйн шинж байх.  Гудамжаар хятад охидтой хөтлөлцөн зугаалах харь эрстэй хаа сайгүй зөрж өнгөрнө. Ер нь   хятад охид  бүсгүйчүүд гадаад залуустай хөтлөлцөн  хээв нэг алхах нь энд ердийн зүйл бололтой. Үүнийг хараад  хаа газар ийм  болжээ гэж бодогдсон шүү.

Их хотод Сүн, Мин болон Манж улсын үеийн хядад барилгуудтай зэрэгцэн  европчуудын барьсан барууны хийцийн хуучин барилгууд, орчин үеийн тэнгэр баганадсан  өвөрмөц шийдэл бүхий  хэв загварын шил толь болсон барилгууд зэрэгцэн орших нь  Сүжоу  хотод  өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг зэрэгцэн орших мэт сэтгэгдэл төрнө.  

Хятадын эртний цэцэрлэгт хүрээлэнгийн сонгодог жишээ археологи, түүхийн дурсгалт газруудын нэг болон Хан мөрний эрэг дагуу буй болгосон  эртний цэцэрлэгээр аяллаа. Чинээлэг нэгэн  түшмэл 1559 онд    өөрийн  эцгийн дурсгалд зориулан энэхүү цэцэрлэгийг босгосон гэнэ.  Шувууд жиргэж, модод найгасан,  цэцгэс алагласан тус цэцэрлэгийг  барихад 20 жил зарцуулсан байна. Тэр цагаас хойш 400 гаруй жил  өнгөрөхөд хөөрхий цэцэрлэг  хэдэн ч удаа балгас болж сүйрснийг хэн мэдлээ. Ямартай ч   Хятадын засгийн газар 1959 онд сэргээн засварлах шийдвэр гарган  их засвар хийснээр  1961 оноос эхлэн олон нийтэд зориулан музейн зориулалтаар үүд хаалгаа нээжээ. Үүнээс өмнө  энгийн иргэдийн хувьд хаалттай газар байсан гэсэн үг.  Хүний гараар бүтээсэн чулуун хана, хүрхрээ төрөл бүрийн мод цэцэгс, барилгууд нь гайхалтай. Хэрэв  цэцэрлэгийн модод хүний хэлээр  ярьдаг байсан бол ямар олон гайхалтай түүхийг өгүүлэх  байсан бол.   Цэцэрлэгээр зугаалах мөчид  ертөнцийн  зовлон жаргал мартагдаж, цаг хугацааны хүлээснээс ангижрах мэт сэтгэгдэл төрж,  савны ёроолд тоосонд дарагдаад хэвтэж байсан дотоод сэтгэлийг минь уудлаад гаргаад ирэх шиг санагдах нь таатай. Үлгэрлэвэл эзгүй  хээр хаа нэгтээ  таанын үнэрт мансууран өвсний толгой зуугаад тэнгэр ширтэн салхины шивнээг сонсонгоо хэвтэхтэй адил юм уу даа.

Цэцэрлэгээр зугаалахад  суурин соёл иргэншил манай нүүдлийн соёл иргэншлийн ялгааг жинхэнэ утгаар нь мэдэрч  байлаа.  Аялалын  маргааш мэдээж Сүжоу хотын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчидтэй   уулзсан. Манайхаар нь МСНЭ-ийн удирдлагуудтай  дугуй ширээний ард тухалсан гэсэн үг.  Тэд  мөн л цахим ертөцтэй  ямар байдлаар танилцсан тухайгаа, орчин цагийн хөгжил дэвшилтэй хэрхэн хөл нийлүүлэхийн төлөө чармайж байгаагаа бидэнд сонирхуулсан.   Өмнө нь энэ тухай  хэдэнтээ сонссон зүйл болохоор миний хувьд тийм ч сонин байгаагүй. Харин  урд хөршийнхний  хувьд  байнга сонирхож байдаг гадаад хүмүүс өмнө нь зогсч байгаа  болохоор  зочдоосоо  асууж сонирхох зүйл олон байсан  нь  ойлгомжтой.  Дашрамд өгүүлэхэд, хятадууд орос, англи хэлийг ихээхэн хичээн суралцаж байгаа нь очсон газар бүрт мэдрэгдэж байсан шүү. Хэлгүй бол хөлгүй болохыг тэд ч бас ойлгожээ.  Сүжоу хотод нэг шөнө, нэг өдөр өнжсөн манай баг маргааш өглөө эрт нартай уралдан  эртний түүхт,  монгол ардын дуунд мөнхөрсөн Наньжин хот руу гарч өгсөн. Монгол маягаараа нартай хэмээлээ. Гэвч тэнд нар үүлний цаана л мандсан буй за. Энэ тухай тэмдэглэлээ дараагийн дугаарт өгүүлэх болно.

 

  Ч.Чулуунцэцэг

 

 

 

.

 

 

 

 

 

.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин