• Эхлэл
  • Хэнд нь итгэх вэ, Б.Хурцад уу?  Улстөрчдөд үү?

Хэнд нь итгэх вэ, Б.Хурцад уу?  Улстөрчдөд үү?

2017/11/27

Б.Хурц гэж угаас дуулиантай эр. Тагнуулын байгууллагын хүн ийм ил оршиж, ингэтлээ түмэнд гоочлуулж суух ёстой юу. Тэр бол манай нийгмийн нэгэн сонирхолтой дүр. Заримынх нь хувьд сэдэв болдог бол заримд нь айдас жихүүдэс дагуулж, зарим нь түүнийг үзэн ядаж, заримыг нь тэр бишрүүлж байна. Б.Хурцын тухай амтай болгон ярьж байна. Ялангуяа сошиалаар илүү их шуугиж байна. Миний мэдэхийн ажил хийдэггүй, хийх ч дургүй, ээж, аавынхаа тэтгэврээр амьдардаг, Б.Хурцтай нас ойролцоо нэг хөсрий эр хүртэл компьютерийн цаанаас Б.Хурцыг зүхэж байх юм. Худалдагдсан сэтгүүлзүйд Б.Хурц бол ашигтай бүтээгдэхүүн биш, харин ахин дахин сонгогдохыг хүсдэг улстөрчдийн мөнгөнд хөтлөгдсөн нэртэй нийтлэлчид хүртэл ажлын хөлснийхөө ацаг болгон Б.Хурцыг муучилж суух юм. Хөлсний жиргээчид, коммент бичигчдийг тоочиж барах ч юм биш.

      Болж байгаа үйл явдал, талуудын хэлж байгаа мэдэгдэл, ярилцлага зэргээс бодит дүгнэлт хийх гээд үзье. Энэ бол захиалгат нийтлэл ерөөсөө ч биш. Ардчилсан нийгэмд амьдардаг, өдөр бүр шинэ содон мэдээ, мэдээллийн дунд аж төрдөг дугаар хорооны иргэний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлье гэж санав.

  • Юуны өмнө сэтгүүлч  Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй ярилцлага”-д Б.Хурц оролцсон нь улстөрчдийн хувьд хурц үйл явдал байлаа. Б.Хурцаас айгсад “Юу ярьж халаах бол” гэж түгшиж байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч Б.Хурц тэдний айж байсан нууц далд баримт материалыг ил болгосонгүй. Хэрвээ хуулиа дагавал ярихгүй байх нь зөв, харин нийгмийн шударга ёсыг шаардвал Б.Хурц тэдний айж байгаа баримт материалуудыг ил гаргаж тавих нь зөв юм. Олон улстөрч Б.Хурцаас биш өөрсдийнхөө но, фактаас айж байгаа гэж дата Энхбат жиргэсэн нь дэндүү үнэн явдал. Цензургүй ярихдаа Б.Хурц өөрийгөө л хамгаалав. Өөр рүү нь захиалгаар, бодлогоор чиглэсэн гутаалт бүхэнд хариу өгөхийг хичээлээ. Хүн хулгайлсан, хэрэг хүчээр хүлээлгэдэг, үндэслэлгүй баяжсан, боловсролгүй гэх зэрэг нийгэмд өөрийнх нь нэр холбогдон тарсан сөрөг мэдээлэл бүхнийг өөртөө байж болох баримт материал бүрээр харуулан няцаах гэж оролдлоо. Үүнийхээ төлөө “шууд нэвтрүүлэгт дипломоо аваад ирдэг”, “сэтгүүлчийн асуултыг урьдчилан мэдчихэж”, “хоёр авгай хов базав” гэхчлэн гоочлууллаа. Л.Мөнхбаясгалан ч ярилцагч этгээддээ асуултуудаа дэлгэж, урьдчилан тохироод байх хэмжээний сэтгүүлч биш л дээ. Хэн чиг л нийгэмд өөрийнх нь талаар тарсан мэдээлэл бүрийг тоолж тооцох бөгөөд тэр бүхэнд тохирсон хариултуудаа базааж явдаг байлгүй. Тиймдээ ч боловсролгүй гэж тараасан мэдээллийг няцааж дипломуудаа авчирсан байж таарна. Олон тэрбумаар үнэлсэн үнэт эдлэлийнхээ эх үүсвэрийг харуулах гэж ном, цомог харуулав. Хийсэн ажилтай нь холбогдуулан тараасан сөрөг мэдээллийг няцааж зарим нэгэн албан бичгийн хуулбар, сонины хайчилбар харууллаа. Тэр бүхэн нэгэн төрлийн баримт юм шүү дээ.   

  • Болж буй үйл явдал Б.Хурц ба Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нарын хооронд өрнөж байна. Хуулийн хүн ба улстөрчид гэсэн үг. Б.Хурц бол тодорхой нэр бүхий улстөрчдийн гар хөл гэж зарим хүн хэлдэг. Түүний ард Ц.Элбэгдорж байгаа гэдэг. Энэ нь нотлох албагүй цуурхал байж болно. Ц.Элбэгдорж төрийн тэргүүн байхдаа хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Б.Хурцыг АТГ-ын дэд даргын албан тушаалд санал болгосон. Санал болгосон нь Ерөнхийлөгч болохоос биш томилсон субъект нь УИХ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилох саналыг гаргаж батлуулсан. Түүнийг тагнуулын даргаар ажиллаж байхад нь элчин сайдаар ажилласугай гэсэн шийдвэрийг төр гаргаад байна. У.Хүрэлсүхийн Засгийн газраас Б.Хурцыг элчингээр явуулах саналыг УИХ-д оруулаад байгаа. ТЕГ-ын даргаас буугаад ажилгүй явж байхад нь өрөвдөөд Элчин сайдаар явуулъя гээгүй. Өмнөх аль ч тохиолдолд Ц.Элбэгдорж Б.Хурцыг томилох эцсийн шийдвэрийг гаргаагүй. Одоо ч ямар нэгэн оролцоо байхгүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын аль аль нь төрийн институц. Төрийн томилгоо гэж байхаас хувь хүний салангид эрх мэдэл, тушаал зарлиг гэж байдаггүй шүү дээ. Яагаад заавал Б.Хурц элчингээр явах ёстой гэж? Тэр бол Монголын төрд бэлтгэгдсэн түшмэл. Төр түшмэлээ хэрхэн ашиглахаа мэдэх эрхгүй гэж үү. Тэгэхээр Б.Хурц бол хуулийн байгууллагын хүн төдийгүй төрийн хүн. Миний өнцгөөс харвал төр, түмний хөрөнгө рүү шанага бариад дайрсан улстөрчдийн эсрэг үг хэлсэн хүн. Магадгүй, өнөөдөр ганц Б.Хурцын илчилж байгаа гашуун үнэнийг нөгөөдөр мянган төрийн албан хаагч уудлан гаргаж болно.

  • Энэ үйл явдалд улстөрчид оролцсон учраас ээдрээтэй, зунгааралдсан, улам бүр холион бантан хутгаж байна. Б.Хурцын Цензургүй ярилцлагын дараа Ж.Батзандан мэдээлэл хийв, Л.Болд хэвлэлд ярилцлага өгөв. Тэд барьц алдан давчдаж байгаагаа илчилсээр байна. Б.Хурцын ярьсныг Ж.Батзандан хангалттай няцааж чадахгүй байна. Тэр зүгээр л, айсандаа чарлаж байна. Магадгүй, түүний эцсийн тулах цэг нь улстөрчийнхөө хувьд олж авсан өчүүхэн жаахан рейтинг нь байж болох юм. “Ж.Батзандангийн нэг ах Болгар руу нэг сая ам.доллар шилжүүлсэн нь тогтоогдлоо гэсэн. Би шалгаж үзлээ. Тийм зүйл алга. Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан нэг ах нь нэг өрөө байр булааж авсан гэж ярилаа. Төрийн өмчийн хороонд миний нэг ах 1990 хэдэн онд ажиллаж байснаас өөр асуудал алга” гэж ярьжээ. Ах нь гадаад улс руу хэчнээн хэмжээний мөнгө шилжүүлсэн эсэхийг дүү нь шалгаж үзчихдэг юм гэнэ. Үгүй штээ. Тэрийг чинь шалгаж үздэг хуулийн байгууллага байдаг юм. Шалгаж үзэх нь зөвхөн хуулийн байгууллагын ажил байхгүй юу. Хэрвээ УИХ-ын гишүүн өөрийнхөө гэр бүлийн хүмүүстэй холбоотой асуудлыг шалгаж үзсэн бол нэр нөлөө, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан байж таарах нь. “Төрийн өмчийн хороонд 90-ээд онд ажиллаж байснаас өөр асуудал алга” гэдэг нь ч мөн няцаалт болж чадахгүй. Ах нь Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан нь үнэн юм байна. Өөр нэг зүйл нь “орон дотор чинь ална гэж намайг заналхийлсэн” гэх Ж.Батзандангийн сүржин мэдэгдлийг дэргэд нь байсан Л.Болд, Д.Эрдэнэбат нар батлахгүй байна. Д.Болд хэвлэлд олон удаа ярилцлага өгч, твиттерт өчнөөн удаа жиргэхдээ Б.Хурц Ж.Батзанданг сүрдүүлсэн гэж хэлэхгүй байгаа. Тэгэхээр Ж.Батзандангийн талаар Б.Хурцын телевизээр ярьсан зүйл үнэн байх нь.    

  • Ж.Батзандан яагаад шүүхэд хандана, нэр төрөө сэргээлгэнэ гэхгүй байна вэ. Цагдаагаас хамгаалалт хүсч сүржигнэх нь түүнд илүү ашигтай пи ар байх. Үүгээрээ Ж.Батзандан нийгэмд шоу хийж байна. Угаасаа ингэх нь түүний ажил, чадах ганц зүйл л дээ. Гудамжинд орилсоор байгаад өндөр сэнтийд хүрсэн Ж.Батзандан одоо ч камерын өмнө орилж л байна. Сүүлдээ бүр дүрдээ хэт итгээд өөрөөс нь ярилцлага авсан сэтгүүлч бүсгүй рүү “Б.Хурцыг элчингээр томилоод өг гэж энэ сэтгүүлч хүртэл надаас гуйж байна” гэж хадуурав. Огцом гүтгүүлж цочирдсон сэтгүүлч энэ тухай сошиалд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Ж.Батзандангаас ярилцлага авахгүй байхыг зарим сэтгүүлч бусдадаа уриалж эхэллээ. Дүрдээ хэт орно гэдэг нь энэ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчийн үлгэр энэ болов. Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажна гэдэг нь энэ л дээ. Яван явсаар Ж.Батзандангаас ярилцлага авах сэтгүүлч олдохгүй шинжтэй. Огцом гүжирдүүлэхийг мэдээж хэн хүсэх вэ.

  • Хэнд нь итгэж болох вэ? Б.Хурцад уу? Улстөрчдөд үү? Миний харж байгаагаар Б.Хурц гэдэг хүнд худал ярих шаардлага байхгүй. Тэр улстөрч биш учраас сонгогчдод таалагдах шаардлага байхгүй. Харин Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар бол улстөрч учраас тэдэнд арьсаа хамгаалах, сонгосон хүмүүстээ муухай харагдахгүйн тулд үнэнийг нуух гарцаагүй шаардлага байгаа юм. Тийм учраас би улстөрчдөд итгэхгүй байна. Тэд бол сонгуулиар бидний саналыг авахын тулд хэрхэн худал амлалт өгдөг шигээ үхэн үхтлээ худал ярьсаар байх хүмүүс. Тиймээс би хуулийн байгууллагын хүнд итгэж байна. Б.Хурцад итгэж байна. Б.Хурц хэрвээ худлаа ярьсан бол Худалдаа хөгжлийн банкны асуудлаар Оросын талтай уулзсан гэдгээ хэлэхгүй өнгөрч болох байсан. Банкны асуудлаар оролцогч этгээдүүдтэй уулзсан нь амтай болгонд адлуулна гэдгээ Хурц мэдээж мэднэ. Гэсэн ч тэр энэ тухай палхийтэл хэлж орхив. Үнэн тэр учраас хэлэхээс аргагүй. Түүний оронд улстөрч байсан бол ингэж уулзсан тухайгаа хэлэхгүй тас нуугаад өнгөрөх байсан шүү дээ.   

  • Б.Хурц яагаад одоо ярьж байгаа юм бэ гэж хүмүүс буруутгаж байна. Шалгасан хэрэг нь прокурор, шүүх гээд хяналтын шатанд хэрэг биш болж замхрах нь хуулийн байгууллагын хувьд нэгэн том гачлан байдаг юм. Тэр тусмаа эрх дархтай улстөрчдийн хэрэг ямагт замхардаг. УИХ-ын гишүүн, сайд гээд өндөр албан тушаалтай хүмүүсийг шалгахад тэдний халдашгүй дархан байдал нь маш том саад болдог. Тэд зурагтаар юу дуртайгаа чалчиж, чарлаж болдог. Харин хуулийн байгууллагын ажилтнуудад тийм эрх байдаггүй юм. Гэвч төрийн хөрөнгө мөнгийг самарч дураараа дургин тонгочиж байгаа нөхдийн талаар дуугарахаас аргагүй болж ардын сонор дэлдэн хэлэх цаг хэзээ нэгэн цагт ирэх л байсан. Тэр цаг нь энэ бөгөөд хэлэх хүн нь Б.Хурц ч юм бил үү.

  • Б.Хурц бол аймаар хүн гэсэн мессеж тараагаад эхэлжээ. Яг үнэндээ Б.Хурцаас хэн айх вэ? Хурц хэнийг айлгаж чадах вэ? Жишээ нь би гэхэд дугаар хорооны иргэн, ажил амьдралын энгийн замналтай надад Б.Хурцаас айх шалтгаан байхгүй. Яагаад гэвэл би төрийн хөрөнгө завшаагүй, түмний мөнгийг цуслаагүй. Над шиг ийм гэмгүй, эгэл жирийн ард иргэд Б.Хурцаас хэзээ ч айхгүй. Харин улстөрчид, ялангуяа олон арван жил улс төрийн тогоонд худал хуурмагаар оршин тогтносон улстөрчид Б.Хурцаас айж байгаа. Яагаад гэвэл Б.Хурц тэднийг шалгадаг хуулийн байгууллагуудад ажиллаж байсан учраас. АТГ, ТЕГ гээд хуулийн байгууллагыг удирдаж ажиллаж байсны хувьд, тэдгээр улстөрчдийн хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг шалгах ажилд хяналт тавьж байсны хувьд түүнээс айх шалтгаан байгаа. Айх юмтай улстөрчдийн аав, ээж нь хүртэл айлгүй яах вэ. Тийм учраас улстөрчид яс хавталзаж байгаа. Б.Хурц тэднийг бөлдөгдсөн биш тэд өөрсдийнхөө бузар булхайд төмсөгдүүлчихсэн байгаа юм.

Х.ДОРЖ

 

.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    БОЛСОН БОЛООД ӨНГӨРСӨН ҮЙЛ ЯВДАЛД САЙХАН АНАЛИТИК ДҮГНЭЛТ ХИЙСЭН НИЙТЛЭЛ БАЙНА. БАЯРЛАЛАА УЛАМ САЙН БИЧЭЭРЭЙ.ҮНЭНДЭЭ БОЛГАР ЭР ГЁОРГИЙ ДИМИТРОВ РЕЙХСТАГИЙГ ГУЧААД ОНД ШАТААСАН ХЭРЭГТ УНААД ГЕРМАНЫ НАЦИСТУУДЫН ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР : ГЭХДЭЭ ДЭЛХИЙ ЭРГЭДЭГ ЮМ ШҮҮ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН АЛДАРТ ҮГИЙГ ДАВТСАН ЮМ ШИГ ҮЙЛ ЯВДАЛ ГЕНЕРАЛ Б.ХУРЦАД ТОХИОЛДСОН ЮМАА.
    2017 оны 11 сарын 28
  • Захиалгат нийтлэл
    Захиалгат худалдашдан нийтлэлээ больчих оо! Хурц өөрийгөө хэн бэ гэдгээ ТВ-ээр маш тодорхой харуулаад авсан. Өмөөрөөд ч нэмэргүй
    2017 оны 11 сарын 27
Сонин хачин