• Эхлэл
  • Киркиз улс сэтгүүлчдийнхээ эрхэнд халдаж, дэлхийд дуулиан тарьжээ

Киркиз улс сэтгүүлчдийнхээ эрхэнд халдаж, дэлхийд дуулиан тарьжээ

2017/11/28

Киргизстан улсыг хууль, хүчнийхний удирдлагатай улс болж хувирч байна гэсэн мэдэгдлийг олон улсын хүний эрхийн зүтгэлтнүүд хийлээ. Сөрөг хүчний улс төрчид болон чөлөөт сэтгүүлчдийг тагнаж чагнах, олноор хоморголон баривчлах, шүүхээр шийтгэж байгаа талаар болон эрх баригчдын авлигын хэргийг нуун дарагдуулах оролдлогын талаар Киргизийн хэвлэл мэдээллээр цөөнгүй гарч байна.

Энэ тухай айхгүй бичдэг хүмүүс цөөн хэдий ч тэдний бичсэн зүйл сонин хэвлэлд нийтлэгдсээр байв. Халаагаа егөх гэж буй ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өөрийн төлөөний хүн болох Сооронбай Жээнбековоор дамжуулан засаг төрийн хэрэгт оролцох эрх мэдлээ цаашид хадгалахыг санаархаж байгаа талаар шүүмжлэлүүд ар араасаа хөвөрч байна.

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг өөрийн болон эсрэг талын гэж хуваах явдал Киргизийн дээд шатны албан тушаалтнуудын дунд газар авсан гэнэ. Өнгөрсөн хавар сөрөг хүчний лидер Ата-Мекен жигүүрийн ахлагч Омурбек Текебаевыг баривчилж хорьсон нь дээрх явдлыг улам бүр даамжруулсан ажээ. Өмнө нь Алмазбек Атамбаев, Омурбек Текебаев нар түр засгийн газрын гишүүд, хамтрагчид байв.

Тэд Киргизстаны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар эсрэг тэсрэг байр суурь баримталж байв. А.Атамбаев үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон нийтийн санал асуулга явуулж улмаар ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөхийг хүсжээ. Учир нь тэрээр ерөнхийлөгчийн албаа өгснийхөө дараа ерөнхий сайдаар томилогдох гэнэ. Олон нийтийн асуулга явагдаж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгдсэн бөгөөд үүнийг эсэргүүцсэн О.Текебаевыг шоронд хорьсон юм.

А.Атамбаевын ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд сөрөг хүчний улс төрчдийг баривчлах, өрсөлдөөнөөс зайлуулах асуудал ердийн зүйл болж хувирсан байдаг. Киргизстаны сонгуулийн өрсөлдөөнт сурталчилгааны явцад эрх баригчдыг шүүмжилдэг олны танил, нэр нөлөөтэй хүмүүсийг далдуур шийтгэсэн тухай олон нийт төдийлөн анзаарахгүй өнгөрсөн ажээ. “Эсрэг талын хүн” гэсэн нэрсийн жагсаалтад олон хүн хамрагдсан байдаг.

Тэдний ихэнхийг төрийн эргэлт хийх оролдлого гаргасан гэж баривчилжээ. Киргизстанд сөрөг хүчний зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлсэн үйл явц 2016 оны хавар “Эл уну” хөдөлгөөний гишүүдийг төрийн эргэлт хийхээр оролдсон гэж баривчилснаас эхлэлтэй. Өнгөрсөн жилийн өвөл сөрөг хүчний лидерүүд болох Текебаев, Жапаров нарт хэрэг үүсгэн баривчилж сонгуульд нэр дэвших магадлалтай өрсөлдөгч нараа зайлуулжээ.

Түүнчлэн хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчид, олон нийтийн хэвлэл мэдээллийнхнийг мөрдөж дарамталсан үйл дээрхийн үргэлжлэл болж байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм.

Сүүлийн саруудад тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хаах, үйл ажиллагааг нь зогсоох явдал цөөнгүй гарч байгаа ажээ. Хэд хэдэн сонин, сайтын дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон бол сөрөг хүчний цорын ганц гэж нэрлэгддэг Сентябрь хэмээх ТВ сувгийг ч мөн хаажээ.

Мөн хоёр сэтгүүлчийг үндэсний эв нэгдлийг хагаралдуулах оролдлого хийсэн гэж буруутгажээ. Тэдний нэг нь эх орноосоо дайжиж гарсан бол нөгөөхийг 4 жилийн хорих ялаар шийтгэжээ. Ийм байдлаар сэтгүүлчдийг мөрдөж мөшгөх, гэсгээн цээрлүүлэх үйл ажиллагаа эрч хүчтэйгээр явагдаж байна. Нөхцөл байдал ийм байгаа учраас Киргизийн хүний эрхийг хамгаалагчид Европын холбоонд нээлттэй захидал илгээжээ.

Сэтгүүлчдийн гаргаж ирсэн нэг баримт бол сүүлийн 5 жилийн хугацаанд тус улсад зартай эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хугацаанаас нь өмнө суллажээ. Тэд өршөөгдсөний дараа сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцож эрх баригчдын талд үйлчилсэн гэж үзэж байгаа юм. Айлган сүрдүүлэх, заналхийлэх, дарамтлах зэрэг бохир аргаар сонгогчдын саналд нөлөөлөхөд эрүүгийнхнийг ашигласан жишээ цөөнгүй гарчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин