• Эхлэл
  • “Крипто Үндэстэн”-ий эрэл хайгуул эхэллээ

“Крипто Үндэстэн”-ий эрэл хайгуул эхэллээ

2017/12/02

Крипто Үндэстэн” олон улсын тодотголтой чуулга уулзалт хоёр дахь өдрөө өнөөдөр үргэлжилж байна. Олон нийтийн сонирхлыг сүүлийн үед өөртөө ихээхэн татах болсон биткойн, блокчейн, криптовалют гэж юу вэ. Үүнд хариулт өгөх, улмаар "цахим алт" хэмээн өргөмжлөх биткойны ирээдүйн төлөв, зохицуулалтын орчинг энэхүү чуулга уулзалт өргөн хүрээнд хэлэлцэж байна. Тэрчлэн блокчейны технологийн онцлог, биткойны төлөө эрсдэлийг үл хайхран тэмүүлэх болсон хөрөнгө оруулагчдын цаад учир шалтгаан юунд оршиж байгааг анх удаагаа болж буй тус чуулга уулзалт онцоллоо. Ялангуяа, өвлийн жавар ид тажигнан чангарч байгаа энэ цагаар Монгол руу шантралгүй ирсэн холын зочид уг чуулганд жин нэмж байна. Тэрчлэн УИХ-ын дэд дарга, Гадаад харилцааны сайд энэхүү чуулганы эхний өдрийн хуралдаанд оролцлоо. Тэд блокчейн технологийг энэ удаа тодотголоо. Мөн Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк тус тусын өөрсдийн байр сууриа илэрхийлэв.


Криптовалют нь энэ зууны бүтээл. Тиймээс хүн болгонд шинэ, содон санагдах нь мэдээж. 2009 онд тохиосон дэлхийн эдийн засгийн хямралын үед бий болсон биткойн, түүнийг олборлох боломж олгодог блокчейн гэх технологи бидэнд дэндүү хол мэт санагдах ч цаг алдалгүй танин мэдэх шаардлага урган гарч байна. Тухайлбал,блокчейн технологи нь зөвхөн криптовалют олборлох эд биш гэдэг нь тодорхой болчихлоо. Биткойны суурь технологи болох блокчейн нь өөрөө цахим хувьсгал авчирсан нээлт гэвэл та үүнд итгэх үү. Нэг л санаанд бууж өгөхгүй байна уу. Тиймээ, ийм ойлголтоос дөнгөж хэтрэхгүй шахуу эхэлсэн улс болгон өдгөө сэтгэлгээний “хана”-аа сэд татаж, үүнийг төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ашиглаж, зоос хийгээд цаг хугацаа хэмнэж сурч байна.


Тэгвэл энэ технологийн “ид шид”-ийг та бид тун удахгүй мэдрэх цаг хаяанд иржээ. Үүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, тодруулбал, Гадаад харилцааны яам өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр судалж эхэлсэн байна. Эхэлнэ гэдэг өөрөө тухайн хийх ажлын тал нь гэж үздэг. Техник, технологийн эрин үед амьдарч байгаа учраас блокчейны ололт, дэвшил, давуу талыг яагаад ашиглаж болохгүй гэж. Энэ санаачилгын түүчээнд нь яваа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлсэн үгэнд одоо анхаарлаа хандуулъя.


“Блокчейн технологийг Монголд нэвтрүүлэх ёстой. Үүнийг дан ганц криптовалют олборлох төхөөрөмж гэж харах нь учир дутагдалтай. Манай яамны хувьд уг технологи хамгийн сонирхолтой сэдэв. Энэ технологи дээр маш олон хэрэглээ гаргах боломжтой. Тухайлбал, төрийн албаны тунгалаг байдлыг блокчейн технологи түшиглээд жинхэнэ утгаар нь бүрдүүлэх гарц харагдаж байна. Тиймээс дэлхийн анхны тоон элчин сайдын яамыг бий болгохоор зорьж байгаа. Энэ нь интернет орон зай руу буюу хэрэглэгч рүү хандсан байх юм. Үүнийг бодитой хийгдэх ажил гэж ойлгож болно. Энэ хүрээнд хүмүүст үүрэг өгсөн, ажил нь урагшилж байна” хэмээн тус чуулганы үеэр Д.Цогтбаатар сайд хэлсэн юм.


Хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт интернет технологийг дагаад бүхий л салбарт шинэ болгон цэцэглэж, хуучин мэдлэгтэй “тэрсэлдэж” байна. Та бид амьдран буй энэ дэлхий ертөнцийн хүн ардтайгаа хөл нийлүүлэхийн тулд англи хэл сурахаас гадна технологийн “хувьсгал”-д ч бэлтгэлтэй байх шаардлага гараад ирлээ. Тодруулбал, технологи нь улс болгоны хувьд хөгжлийг өөртөө хураах “зэвсэг” болчихоод байгаа юм. Тиймээс биткойн олборлох хүсэлтэй хүн болгон блокчейны технологийг хөрөнгөө өсгөх “түлхүүр” болгохоос гадна эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарт хүртэл жигдхэн нэвтрүүлэх санал хэлж байлаа. Энэ нь шийдэл зөвхөн даргын гарын үсэгт бус блокчейн технологид мөн байгаа юм байна гэсэн ойлголт хүмүүст өгөв.

Араасаа байнга хэл ам дагуулж байдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу лиценз олгоход блокчейн технологийг ашиглах бүрэн боломжтой аж. Үүнийг “Крипто Үндэстэн” чуулга уулзалтны эхний өдрийн хуралдаанд оролцсон олон хүн хэлж байлаа. Манайх шиг хүн ам цөөн, өргөн уудам нутагтай, 330 гаруй сум, 21 аймаг нь хоорондоо хатуу болон зөөлөн дэд бүтцээр тааруу холбогдсон газар блокчейны хэрэгцээ байгаа нь лавтай. Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өрнөсөн энэхүү арга хэмжээ биткойныг ашигтай, ашиггүй гэж сурталчлах бус энэ талаарх зөв ойлголтыг илүү ажил хэрэгч байдлаар нийгэмд таниулах, ойлгуулах, үүнтэй холбоотой мэдлэг, мэдээллийг дам сургаар бус судалгаа, бодит жишээтэй нь, албаны хүний үгтэй нь хүргэх зорилго өвөртөлжээ. Энэ нь чуулга уулзалтыг цагаа олсон гэж цөөнгүй хүн дүгнэхэд хүргэсэн юм. Дижитал талбарт ажиллаж байгаа хүмүүс нэлээд байсан нь эргэлзээг эвдэж, урьдын хандлагыг зөөлрүүлж байна.
 

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан нь байдаг. Мэдэхгүй учраас алдах, буруу шийдвэр гаргах нь бий. Үүнээс гадна бусдын үгээр үг хийх, ингэснээр өөртөө хана, хэрэм босгочихдог. Тэгвэл ийм эрсдэлээс иргэдээ хамгаалах, болохгүй, бүтэхгүй гэж хардаг байсан зарим зүйл нүдэн дээр эсрэгээрээ өрнөж байгааг дуулгах гэж хоёр дахь өдрөө болж буй “Крипто Үндэстэн”-гүүд Корпорейт Конвеншн центр-т чуулж байна. Энэхүү чуулга уулзалтыг Сангийн дэд сайд байснаар нь, үүнээс илүү Хасбанкны үүсгэн байгуулагч гэдгээр нь эчнээ мэдэх, “Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “дэглэжээ”. Та бид түүнийг “талх” хэмээн улс төрийн өнцгөөр гоочлох нь их. Гэвч тэр яг одоо монгол хүний төлөө, монголчуудаа талх үйлдвэрлэдэг компанид хөрөнгө оруулалт хийдэг үндэстэн болгох том амбийц тээж явна. Тэр нь “Крипто Үндэстэн” чуулга уулзалтаас ч тод харагдлаа. Хөрөнгө оруулагч үндэстэн улсаараа болоход криптовалютаас хамгийн алдартай биткойн чи, бидэнд бас Ганхуягт тусалж магадгүй. Гэхдээ эрсдэл, өгөөж нь эн тэнцэж байгааг санах нь чухал. "Үүнийг бүү март. Мартвал сөнөнө" гэж нийтлэлч Баабар хэлсэн.


Хэдий ийм боловч гутранги үзэлд хэт автаж, одоогийн явцуу сэтгэлгээндээ бид уусаж болохгүй. "Сингапурыг хөгжүүлэхэд мөнгө олох хэцүү байгаагүй. Харин иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөх л хэцүү байсан" гэж тус улсыг загасчны тосгоноос Азийн бар болгосон Ли Куан Яао хожим хэлсэн байдаг. Биткойн, криптовалют, дээр дурдсан блокчейны технологийн талаар илүү мэдэхийг хүсвэл "Ард академи" гэж иргэдийн санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийж яваа тус газрын эрхэлж гаргасан "Цахим алт" гээд халаасанд ч багтахаар номноос цааш нь дэлгэрүүлж уншиж болох юм. Криптовалютыг дэлхий нийт үгүйсгэж бус үр дүнг нь харах гэж зах зээлд найдаж байна. Ямар нэгэн зохицуулалт, дүрэм, журмаар баглах гэж бус иргэддээ зөв ойлголт өгөх чиглэлд ажиллах боллоо. Шинэ тутам учраас ажиглах нь их байна. Манай улсын хувьд ч ялгаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шуудхан хориг тавиад зогсоочихсонгүй. Үүнийгээ ч "Крипто Үндэстэн" чуулган уулзалтад уригдан оролцсон албаныхан хэлж байна лээ. Ирж яваа цагаа илүү гэрэлтэй харвал, Монгол Улс биткойн олборлолтоороо хэдхэн жилийн дараа цойлоод гараад ирэх нөөц, боломж байгаа юм.


Хил залгаа ӨвөрМонголчууд өнөөдөр биткойн олборлолтоор нүүрсээ ухаж зарахаас илүү хямд зардлаар их ашиг олж байна. Харин бид зөвхөн улс төрөө л уйдахгүй ихээр ярьж сууна. Гэтэл салхивчаа нээхэд л хоолой хорсгох энэ утааг бууруулахад блокчейны технологийг ашиглаж болох аж. Энэ тухай "Крипто Үндэстэн" чуулган хоёр дахь өдрөө хэлэлцүүлэг өрнүүлж байна. "Датаком" компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат "Крипто Үндэстэн" чуулган уулзалтын эхний өдрийн хуралдааны хамгийн идэвхтэй оролцогч байв. Тэрбээр "Замдаа гарсан хүнд зам нь илүү тод харагддаг" хэмээн чуулганы үеэр хэлсэн юм. Эл үгнээс эш татахад, Монгол Улс технологийн хувьсгалд "ялалт"-ын тугаа мандуулахын тулд одоо замдаа гарах цаг болжээ, тэгвэл зам илүү тод харагдах нь.

 

Б.Мөнх-Эрдэнэ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин