• Эхлэл
  • Шидийг олоод нисэхийг шахав, Б.Хурц

Шидийг олоод нисэхийг шахав, Б.Хурц

2017/12/07

Албан тушаалаа хүлээлгэн өгч, хариуд БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын суудал амлуулаад байсан ТЕГ-ын экс дарга Б.Хурцын асуудал ингэсгээд намжих төлөвтэй. Томилгооны асуудал анх УИХ дээр орж ирэхэд л гишүүд түүнээс С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Францаас хулгайлагдаж ирээд амиа алдсан Д.Энхбатын амь насыг нэхэж, “Хүний эрхийн талаар ийм мэдрэмжгүй хүнийг хөгжсөн оронд Элчин сайдаар томилж болж байна уу?” гэдэг асуудлыг сөхсөн билээ. Тухайн үед Б.Хурц гэж чекист Н.Энхбаяраас УИХ-ын сонгуулийн өмнө С.Зоригийн хэргийн сэжигтнийг баривчилж авчрах үүрэг аван Европын гурван улсын хил дамнасан энэ ажиллагааг зохион байгуулсан. Үүнийхээ төлөө хожим Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед хил дамнуулсан хүн хулгайлсан хэргээр Хитроу нисэх онгоцны буудлаас баривчлагдан Лондонд 10 сар хоригдож, Монголын Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн чекистээ буцааж авахын тулд өмгөөлөгчид цагийн 150 мянган ам.долларын хөлс төлж байв. Энэ нь С.Баярын Засгийн газар Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа олон улсын зөвлөхүүдэд төлж байсан хөлстэй дүйж очдог.

Гэвч УИХ-ын гишүүд Б.Хурцын томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэсэн нь Д.Энхбатыг хууль бусаар хил дамнуулан авчирсан гэх хэргээс илүүтэй Байнгын хороо, нэгдсэн чуулган дээр гишүүдийн өөдөөс үг сөргөж ярьсан зүйлүүдтэй нь холбоотой гэж харагдаад байгаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нарын өмнө шалгагдаж байсан хэргүүдийг сөхөж, албан үүргийн дагуу олж авсан мэдээллээ амин хувийн хэрэгтээ ашиглаж, дарамтлах гэж оролдсон нь Б.Хурцаас болгоомжлох шалтгаан болсон билээ. Ийм хэмжээний мэдээлэлтэй, энэ зэргийн ёс суртахуунтай хүнийг дипломат албанд томилж, гадаад оронд ажиллуулах нь хэр зохистой вэ гэдэг асуудал.

Мөн МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор О.Мөнхсайхан Б.Хурцыг “Хүний эрхийн мэдрэмжгүй” гэж үзэгдэх болсон хоёр дахь шалтгааныг “Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг эрүүгийн процесст баталгаажуулахыг эсэргүүцэж байсан. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ эрхийн баталгааг сулруулж батлуулахад нөлөөлсөн хүмүүсийн нэг бол Б.Хурц. Энэ мэт хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсийн гайгаар Монгол Улс хүний эрхийн баталгаа болсон эрүүгийн процессын хуулийнхаа агуулгыг хүний эрхийн стандартад захируулах биш, харин цагдаа, прокурор, тагнуулынхны тав тухад тохируулан гаргадаг болсон” гэсэн байна. Өөрөөр эхэлбэл, 2016 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдаа, тагнуул, АТГ гэх мэт мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд зөвхөн шүүхээс зөвшөөрөл авч гүйцэтгэх ажиллагаа явуулахаар заасан байсныг 2017 оны тавдугаар сард УИХ өөрчлөлт оруулж прокурор зөвшөөрөл өгдөг болсон. Гэтэл прокурор гэдэг маань шүүн таслах ажиллагааны зөвхөн нэг оролцогч. Яллагч талын хүсэлтээр яллагдагч тал дээр ажиллагаа явуулна гэдэг шударга ёсонд нийцэх үү, хүний эрхийн баталгаа болох уу? гэх мэтчилэн асуулт гарна. Харин Б.Хурц 2016 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ дээр хэлэлцэж байх үеэс эхлэн эсэргүүцэж, хоёр ч удаа бичгээр санал өгсөн байдаг. Үр дүн нь энэ. Түүнийг “Хүний эрхийн мэдрэмжгүй” гэх болсон хоёр дахь үндэслэл энэ.

Шидэмсээр боолгоод үхэхийг шахав, УИХ

Гэвч хоёр өдрийн өмнө хуралдсан ажлын хэсгийн хуралдаан дээр УИХ-ын Тамгын газрын хуульчид “Үндсэн хуульд Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоог хийнэ гэж заасан тул нийтийн сонсгол хийх эрх ч бас зөвхөн Ерөнхийлөгчид хамаарна” гэж тайлбарласан байна. Тамгын газрынхны тайлбарыг Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд эсэргүүцэж, АВГББХ-оор асуудлыг дахин авч хэлэлцэхээр болсон гэх боловч УИХ нийтийн сонсголоос ухрах аргаа ийнхүү олсон бололтой. Мэдээж шалтгаан нь Б.Хурц гэдэг хүн өөрсдийнх нь талаар өөр ямар мэдээллийг олон нийтэд цацах бол гэхээс болгоомжилж байгаа. Үүнийг өөрсдийнх нь хэлээр “төмсөгдөх” гэдэг билүү?

2016 оны УИХ-ын сонгуулиас хойшхи Монголын улс төрийн нөхцөл байдлыг аваад үзвэл Шархадны эмнэлгийн хурцын тасгаас нэг их дээрдэхээргүй болж байна. Б.Хурц гэдэг хүний хийсэн үйлдэл, хэлсэн үг ч гал дээр тос нэмсэнээс өөрцгүй. Ажлын хэсэг дээр “нийтийн сонсголыг нээлттэй хийх үү, хаалттай хийх үү?” гэж ярьсан гэдэг чинь өөрөө галзуу хүнээс л гарч болох үг, үйлдэл биз дээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан тайлбар ч мөн ялгаагүй. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий. Энд УИХ санал болгосон уу, Засгийн газар оруулж ирсэн үү? гэдэг ямар нэг ялгаварлал, салаа утга огтхон ч байхгүй. Цэцийн гишүүд, ХЭҮК-ын дарга, гишүүд, Дээд шүүхийн шүүгч, АТГ-ын дарга гээд УИХ-аар хэлэлцэж томилогддог бүх албан тушаалтнууд дээр нээлттэй сонсгол хийх эрх нь УИХ-д бий. Харин УИХ энэ эрхээ эдлэх үү, татгалзах уу? гэдэг нь гишүүдийн чадамжтай холбоотой асуудал. Тэгээд ч Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн УИХ-ын чуулган дээр хариуцлагатай хэлсэн нэг үг бий. “Энэ хүн УИХ-ын гишүүдийг зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнадаг. Олж авсан мэдээллээрээ айлгаж дарамталдаг” гэж. Хэрэв тийм бол хууль зөрчсөн асуудлыг нь одоо нэг мөр шалгаж тогтоогоод шүүхэд нь шилжүүлэх ёстой. Үүний төлөө энэ УИХ өөрөө ямар эрсдэл хүлээх нь хамаагүй. Харин Монгол Улс хуультай, төртэй байх уу? эсвэл хуулиас давуу эрхтэй албан тушаалтнууддаа дөрлүүлсэн мафи маягийн төр тогтох уу? гэдэг үүнээс шалтгаална. Дашрамд сануулахад “Авлигатай тэмцэнэ” гэж амласан шинэ Ерөнхийлөгч маань авлигын эсрэг тэмцлээ оффшор данстай хэдэн бизнесмэнээр хязгаарлаад, цагаа тулахад албан тушаалын авлигыг өөгшүүлэгч байж бүр ч таарахгүй. Тиймээс Б.Хурц гэдэг идтэй, шидтэй эр өөр хэдэн хүний хоолойд шидэмс углаад байгааг олон нийт анхааралтай харж байгаа шүү.

Б.Заяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин