• Эхлэл
  • ҮСА:Дундаж цалин 955.9 мянган төгрөг

ҮСА:Дундаж цалин 955.9 мянган төгрөг

2017/12/12

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний арваннэгэн сарын байдлыг сэтгүүлчдэд танилцуулж, хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус хорооноос мэдээлснээр бол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 11 дүгээр сард 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.4 их наяд төгрөг болсон тухай албаныхан дуулгалаа. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 980.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛЖЭЭ

Инфляцийн түвшин улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин өмнөх оны эцсээс 5.8 хувь, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар тус тус өссөнийг албаныхан дуулгалаа.

Энэ өсөлтөд дотоодын хүнсний бүтээгдэхүүн болон импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн худалдан авалтын үнэ хамгийн их буюу 21.3 хувийг эзэлж байгаа бол төмс хүнсний ногооны бүлгийн үнэ буюу согтууруулах ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнэ 19.5 хувийг эзэлж байв.

Харин өнгөрсөн сараас 0.1 хувиар өсөхөд эм тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь бусад бараа үйлчилгээ 1.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэв.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2448 ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны арваннэгдүгээр сард 2448.86 төгрөг болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 14.54 төгрөг буюу 0.6 хувиар суларч, өмнөх сараас 0.4 хувиар чангарсан байна.

Харин төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 369.78 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 13.77 төгрөг буюу 3.9 хувиар суларчээ. 

Мөн төгрөгийн рубльтэй харьцах ханш 41.5 төгрөг болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 3.73 төгрөг буюу 9.9 хувиар суларч, өмнөх сараас 2.5 хувиар чангарсан байна.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨСӨХӨД ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ НӨЛӨӨЛЖЭЭ

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 14.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх аравдугаар сараас 298.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөг буюу 26.4 хувиар өсжээ.

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сараас өсөхөд төгрөгийн хадгаламж 220.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 11 дүгээр сарын эцэст 824.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 7.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 56 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын эцэст 893.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 75.4 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 68 тэрбум төгрөг буюу  7.1 хувиар буурсан байна.

 

-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЦАЛИН 2.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА-

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 71.6 мянган төгрөгөөр өссөн байна. Энэ талаар ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг "Нийт ажиллагчдын 36 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаас харахад нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606.3 мянган ажиллагчид хамрагдаад байгаа юм.

АЖИЛЛАГЧДЫГ ЦАЛИН ХӨЛСНИЙ БҮЛГЭЭР АВЧ ҮЗЭХЭД,

-240 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар,

-500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.0 мянгаар,

-1.300.0-1.500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.6 мянгаар,

-1.500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.8 мянгаар  өмнөх улирлаас нэмэгдсэн байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна” гэж тодотготголоо.

-УЛСЫН ХЭМЖЭЭНД 24.1 МЯНГАН БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН БАЙНА-

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд, ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 34.1 мянга болсны, 24.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.0 /29.3 хувь/ мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.3 мянган хүнээр, өмнөх сараас 94 хүнээр буурч, 24.1 мянга болсны 13.2 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.0 мянга нь Улаанбаатарт, 5.0 мянга нь Төвийн бүсэд, 4.9 мянга нь Хангайн бүсэд, 4.5 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 81.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 23.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 29.0 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 22.8 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 4.7 мянган хүнээр өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.4 хувийг бүрэн дунд, 34.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.5 хувийг суурь, 5.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор боловсролтой иргэд эзэлж байна.

ЭХ СУРВАЛЖ:ҮСХ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин