• Эхлэл
  • Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-4 хувийн хүүтэй зээл олгоно

Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-4 хувийн хүүтэй зээл олгоно

2017/12/13

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд ямар гол өөрчлөлт орж байгаа талаар ярилцлаа.

-Та хуулийн төслийг санаачлагчийн хувьд хуульд яагаад өөрчлөлт оруулах болов гэдгийг юуны өмнө ярихгүй юу?

-Өнөөдрийг хүртэл 200 хүртэлх ажилтантай, жилийн орлого 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үзэж ирсэн. Манай улсад нийт 127 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэж бүртгэгдсэнээс 63 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж татвар төлдөг. Гэтэл үүнээс 54 мянган аж ахуйн нэгж нь буюу 84 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангилалд хамаардаг. Манай улсын хөдөлмөрийн насны нийт хүний тоо 1.2 сая иргэн байгаагаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт 850 мянган хүн ажиллаж байна. Манай улсын бизнес эрхлэгч, хүн амын дийлэнх нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамаарч байгааг дээрх тоо баримт харуулна. Анх 2007 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсан. Энэ хууль үр өгөөжөө өгсөн хэдий ч цаг үетэйгээ нийцүүлэх шаардлага бас урган гарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдсанаас хойш нийт долоон мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж 850 тэрбум төгрөгийн зээл олгож иржээ. Гэтэл иргэд маань 26 мянган төсөлд дөрвөн их наяд төгрөгийн санхүүжилт төрөөс хүссэн байдаг. Эндээс харахад эрэлтийнхээ дөнгөж 18 хувийг санхүүжүүлсэн нь хэрэв жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжээд өгвөл хөгжих боломж байгаа юм байна гэдэг нь харагдана.

-Хуульд ямар гол өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг нэг том тогоон дотор хольчихсон. Нэг хүнтэй, 200 ажилтантай компаниуд ижил шалгуураар явдаг. Олон жил хөдөлмөрлөсөн, тайлан балансаа гаргадаг нь, арай хөрөнгөтэй, танилтай нь олгож буй зээлийг авч чаддаг. Шинээр бизнес эрхлэгч нар зээл авах боломжгүй явж ирсэн. Хуульд өөрчлөлт оруулж бичил, жижиг, дунд эрхлэгч гэж дотор нь гурав ангилсан. Бичил бизнес эрхлэгч нь ес хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 50 сая төгрөг хүртэлх орлоготой, жижиг үйлдвэрлэл эрхлэгчид ажилтны тоо нь 9-50 ажилтантай, орлого нь 250 сая төгрөгийн орлоготой орно. Харин дунд бизнес эрхлэгчид 200 хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгж орно. Ингэж ангилж буй учир нь бичил болоод жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо арилжааны банкнаас тавьдаг өндөр шаардлагыг тавихгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч нарыг дэмжих тогтвортой төрийн байгууллагын бүтэц буюу агентлаг бий болгож, агентлагаас зөвлөл гарч зээлийг олгоно гэсэн үзэл баримтлалаар хуульд тусгагдсан байна. Харин дунд бизнес эрхлэгчдийг банкаар дамжуулан зээл олгоно.

-Хэдэн хувийн хүүтэй зээл олгох вэ?

-Жижиг, дундын зээл одоо жилийн 7-8 хувийн хүүтэйгээр гарч байгаа. Бичил болон, жижиг бизнес эрхлэгчдэд жилийн 3-4 хувийн хүүтэйгээр зээл олгох боломжтой. Энэ нь арилжааны банкны хувь, шимтгэл ороогүйгээр гэсэн үг. Арилжааны банкнаас авах зээлийн хүүг 6-7 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагыг тавина.

-Банкны шалгуурыг жижиг, дундынхан давж гардаггүй. Банкны шалгуургүйгээр агентлагаас зээл олгодог болох зөв санаа хэдий ч эрсдлийг хэрхэн тооцсон бэ?

-Жижиг дундын сангаас олгогдож байгаа зээлийн эргэн төлөлтийг банкаар дамжсан зээлийн эргэн төлөлттэй харьцуулахад банкаар дамжсан нь 97 хувийн төлөлттэй хувь нь өндөр байгаа нь үнэн. Сангаас шалгуур багатай, танил талаа дэмжсэн байдлаар зээл олгогдсон байдал ажиглагддаг. Энэ эрсдлээс гарахын тулд агентлагаас зээл олгохдоо агентлагийн дэргэд зөвлөл байгуулах юм. Хуулийн хэлэлцүүлгийн явцад таван улсын Элчин сайдын яамныхантай уулзаж, санал солилцон гадны улс орны туршлагыг судалсан. Төрийн албаны хүмүүсээс гадна хий нь гарсан нэр хүнд нь олонд танигдсан, улсынхаа төлөө юм хийе гэсэн хүмүүсийг оруулж корпораци болгон ажиллуулах санал ч гарч байна. Гадны орнуудад жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэг олон арга замууд бий. Тухайлбал, банкууд тодорхой хөрөнгийг гаргаж, үлдсэн тодорхой хувийг төрөөс гаргаж корпораци байгуулчихдаг. Тэгээд жижиг компаниудаа дэмжээд явдаг. Ер нь цаашдаа ганцхан төрийг хараад суух биш. Үнэнийг хэлэхэд хууль гаргаад баталчихдаг, зээл олгох болсон чинь танил талаа харсан, хуулиасаа давсан журам баталчихсан байх вий гэдгээс эмээж байна. Дунд шатандаа хууль маань замхарчих вий гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас банк орж ирдэг юм уу өөрөө өөрсдийгөө хөгжүүлээд явчих зөв тойрогт нь оруулчих юмсан гэж хичээж байна.

-Хуульд орж буй дараагийн гол өөрчлөлт юу байна?

-Эрх барьж байгаа манай намын мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын хүүг нэг хувь болгож өгнө гэсэн амлалтыг энэ хуульд суулгаж өгсөн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг 10 хувиар тооцож байгааг нэг хувь болгохыг хуульчилж байгаа юм. Манайд үзэмжээрээ хандаж байгаа аятай газар тариалан мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарын орлогын албан татварыг өнгөрсөн жилээс нэг хувь болгосон. Зөвхөн дөрвөн салбар чиглэлд гэлтгүй бүгдэд нь тэгш эрх олгоё. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг хэлж байгаа гэдгийг дахин сануулъя. Түүнээс томоохон бизнес эрхлэгчдэд хуулийн энэхүү өөрчлөлтөд хамаарахгүй.

-Эдийн засгийн хүндрэлтэй үед татварыг бууруулах боломж байгаа юу?

-Одоо авч буй 10 хувийн татварыг нэг хувь болгосноор төсөвт үүсэх дарамт 28 тэрбум төгрөг байгаа юм. 54 аж ахуйн нэгж, 850 мянган хүнд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр эргээд нөхөгдөж орж ирэх боломжтой. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр бизнес нь өргөжиж хүн амын орлогын татвараас гадна нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн татвар, гаалийн албан татвар, НӨАТ-ын татвараас эхлээд олон төрлийн татварыг аж ахуйн нэгжүүд эргээд төлж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтөөр хамгийн багадаа 40 аж ахуйн нэгж шинээр байгуулагдлаа гэж үзэхэд нэг хоёрхон сарын дотор нөгөө хөнгөлсөн 28 тэрбум төгрөг улсад нөхөгдөөд ороод ирнэ.

-Дараагийн өөрчлөлтийг хэлэхгүй юу?

-Төр нийт төсвийнхөө биш зөвхөн тухайн жилийнхээ хөрөнгө оруулалтад зарцуулагдах зардлынхаа 10 хувиас доошгүй хувийг жижиг дунд үйлдвэрлэлд олгодог болгох саналыг оруулж байгаа. 2018 онд хөрөнгө оруулалтад 700 тэрбум төгрөг тавигдсан байгаа бол 10 хувь гээд 70 тэрбум төгрөгийг тавих жишээний. 2017 онд жижиг, дундад 20 тэрбум төгрөг олгогдсон. 2018 онд 56 тэрбум төгрөг олгогдоно гэж тусгагдсан ч бодит байдлаар 10 гаруй тэрбум төгрөг нь орж, үлдсэн нь наана цаанаас орж ирнэ гэсэн тооцоололтой байх шиг байна лээ. Цаашдаа сангийн сайдын үзэмжээр жижиг, дундад дуртай тоогоо тавьж шийдүүлмээргүй байна л даа. Өнөөдөр Хөдөө, аж ахуйн яамны дэргэд долоохон хүнтэй хэлтэс жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа. Эрэлт их байгаа энэ олон аж ахуйн нэгжид жилдээ 20 орчим тэрбум төгрөгийн зээл олгочихоод араас нь дэмжээд байхад явдаггүй гэх мэтээр муу хэлцгээдэг биз дээ. Ад үзсэн байдлаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хандсанаар нийгмийн бүтээлч сэтгэлгээг хааж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Хууль хэзээнээс хэрэгжих вэ?

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хуулийн шинэчилсэн найруулга одоо төслийнхөө хэмжээнд явж байгаа. УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүдийн санаачлагаар өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд есөн дүүрэг 21 аймгаас ирсэн төлөөлөл болох 800 гаруй хүний саналыг авсан чуулганыг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс харахад зарим хүн зээлийг үйлдвэрлэл эрхлэгчид олгоод үйлчилгээний салбарт олгохгүй байя гэсэн саналыг гаргаж, санал хураалт явуулахад үйлчилгээний салбарынхандаа зээл олгодгоороо олгоё гэдэг дээр нэгдсэн. Мөн бичил компанийн жилийн орлогыг 50 сая биш 100 сая төгрөг болгох зэрэг жилийн орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэх саналыг бизнес эрхлэгчид гаргаж байна лээ. Хуульд орж буй томоохон бас нэг өөрчлөлт бол хөгжлийг бүсчилсэн байдлаар харъя гэж байгаа. Сэлэнгэ аймагт юу хөгжих ёстой юм, Өмнөговь аймаг юу хөгжих ёстой юм гэдгийг бодлогоор дэмжье. Нэг аймагт сонгино тарих зээлийг 20 компанид биш хоёрт нь өгье. Нэгнээ татаад унагачихгүй талаас нь бодолцоё. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжсэн шиг дэмжихийн тулд гаргасан бүтээгдэхүүнийг нь худалдан авахад нь анхааръя гэж байгаа. Төрийн худалдан авалт болон уул уурхайн бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд зайлшгүй дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авдаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд нийт худалдан авалтын 10 хувиас доошгүй авдаг байх бодлогыг уяж өгье гэж байгаа. Уул уурхайн компаниудын худалдан авалтын жагсаалтыг үзэхэд бичгийн цааснаас эхлээд цай, чихэр, ёотон, компьютер зэрэг нь монголын компаниас авсан гэх жагсаалт байхаас биш Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бараг нэг ч байдаггүй.

-Хууль батлагдан гарснаар ямар үр дүн гарах вэ?

-Сүүлийн үед төрд орж дарга болж ажиллая гэсэн сэтгэлгээ нийгэмд давамгайлах болжээ. Бүтээлч нийгмийг бий болгомоор байна. Хамгийн гол нь бизнес эрхлэх сонирхлыг дээшлүүлэх юм. Их сургуулиа төгссөн хүнд төрийн албанд орж ажиллах уу, эсвэл бизнес хийх үү гэх мэт олон сонголтууд бий. Хэрвээ төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхийг дэмжээд өгвөл сангаас зээл авч бизнес хийж эхлэн алсдаа томоохон аж ахуйн нэгж, татвар төлөгч болох эх суурийг тавихад манай энэ хууль бага ч атугай болов нөлөө үзүүлж чадна.

Эх сурвалж: Өдрийн сонин 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин