• Эхлэл
  • Цалинтай ээж хөтөлбөрийн тэтгэмжээ хэрхэн авах вэ

Цалинтай ээж хөтөлбөрийн тэтгэмжээ хэрхэн авах вэ

2017/12/15

Засгийн газрын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг баталсан. Уг тэтгэмжийг хэрхэн авах талаарх мэдээллийг хүргэж байна. 

Энэ журмын хүрээнд дөрвөн төрлийн тэтгэмжийг олгоно.

Нэгдүгээрт нь жирэмсний тэтгэмж. Эх жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар болгон 40 мянган төгрөгийг авна. Уг тэтгэмжид 98 мянган эх жилдээ хамрагдана гэж тооцоолсон юм. Үүний дагуу улсын төсөвт 40.23 тэрбум төгрөг суусан байна.

Хоёрдугаарт  0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд тэтгэмж олгоно. Тус тэтгэмжид хамрагдаж байгаа эхчүүд сар болгон 50 мянган төгрөг олгоно гэж хуульчилсан юм. Ойролцоогоор жилд 135 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар улсын төсөвт 81.4 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа юм.

Гуравдугаарт ихэр хүүхдийн тэтгэмж. Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм.  Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол 9 сая төгрөг авах аж.

Дөрөвдүгээрт  гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгоно. Уг тэтгэмжид жилдээ 165 мянган эх, эцэг хамрагдана гэж тооцоолсон бөгөөд улсын төсөвт 15.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа юм.

Материалаа халамжийн ажилтандаа бүрдүүлж өгнө

Тэтгэмжүүдэд хамрагдах хүсэлтэй эцэг, эхчүүд оршин суугаа газрынхаа  сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт, мөн  орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж  өгнө. Харин жирэмсний тэтгэмжийн тухайд сум, хороо, тосгоны өрхийн эмчийн “эсэн мэнд” гэсэн тодорхойлолтыг нэмэлтээр хавсаргах шаардлагатай.  “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах 0-3 насны хүүхэдтэй эхийн тухайд хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Түүнчлэн өрх толгойлсон эцэг, эхийн тухайд эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.  Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой юм байна.

Тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгоно

Хуулийн хэрэгжилт ирэх оны эхний өдрөөс эхлэх тул журмын дагуу сар бүрийн 20-ны өдрөөс эцэг эхчүүдэд олгож эхлэх юм. Харин өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж улиралд 240 мянгыг олгох учраас эхний улиралд ирэх оны 3-р сараас эхлэн олгоно. Бусад тэтгэмжийг сар бүрийн 20-ны өдөр олгохоор болжээ.

ЭХ СУРВАЛЖ:NIISLEL.MN

Ц.Аюу

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин