• Эхлэл
  • С.Бямбахорол: 1,5 сая төгрөг өндөр орлого мөн үү?

С.Бямбахорол: 1,5 сая төгрөг өндөр орлого мөн үү?

2018/01/15

Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн татварын өөрчлөлт олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Хэдийгээр эрх баригчдын зүгээс татварын нэмэлтийн асуудлыг эргэж харна гэсэн утгатай зүйл хэлсэн ч яагаад ийн шатлал нэмсэн талаар анхаарал татсаар байгаа. Ингээд татварын асуудлаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн доктор, дэд профессор, татварын мэргэшсэн зөвлөх С.Бямбахоролын яриаг хүргэж байна.

-Монгол Улс 2007 оноос хойш татварын нэг шатлалын системтэй байсан. Харин одоо 1,5 саяас дээш цалин, орлоготой иргэд шаталсан татвар төлөх боллоо. Ийм шаталсан татварын систем рүү шилжих нь цаг үеэ олсон шийдэл мөн үү, та судлаачийн хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-Олон улсын жишигт ийм шаталсан татварын тогтолцоо байдаг. Мэдээж орлогын дахин хуваарилалт хийх, татварын үүрэг зориулалт гэдэг талаасаа зөв.  Гэхдээ 1.500 мянган төгрөгийн  босгыг хэрхэн тогтоосон. Цаашилбал шаталсан хувь нэмэх 2,5 сая, 3,5 сая гэх мэт хэмжээг ямар байдлаар тодорхойлсон нь анхаарал татаж байгаа юм. Би хувьдаа тооцоо судалгаа дулимаг байна гэж үзэж байгаа. Дээр нь нийгэм ийм шаталсан татварыг хүлээж авах уу, татвар төлөгчдийн сэтгэл зүй ямар байгаа билээ гэдгийг бодолцоогүй гэж бодож байна.

-Тийм ээ. 1,5 сая төгрөгний цалин орлогыг өндөр, өөрөөр хэлбэл тансаг хэрэглээ гэсэнд иргэд бухимдаж байгаа. Тухайлбал, энэ 1,5 сая төгрөгийг хэрхэн тогтоох ёстой.

-Хүмүүсийн хамгийн их бухимдаж байгаа зүйл нь энэ. Эрх баригчдын тайлбараар бол 1,5 сая төгрөг буюу 630 орчим ам.доллар тансаг хэрэглээ гэж байгаа юм.  Зөвхөн хэрэглээ талаас нь аваад үзье. Нэг хүн гадуур хоолонд оролгүйгээр гэртээ хоолоо бэлтгэхэд өдөрт 5000 төгрөг. Тэгэхээр 5 ам бүлтэй айл бол өдөрт 25000 төгрөгөөр, сарын 750 мянган төгрөг. Дээрээс нь хувцаслана, орон байрныхаа мөнгийг төлнө. Ихэнх залуус, 1.500 мянган төгрөгөөс  дээш цалинтай гэх хүмүүс  бараг бүгд орон сууцны лизингтэй байгаа. Лизингэд дунджаар 650 мянган төгрөг төлнө. Тэгэхээр 1.500 мянган төгрөгийн цалингаас  650 мянган төгрөг нь  лизингэд,  нэмээд 750 мянган төгрөгийг хоолондоо  зарцуулчихаар юу үлдэх билээ.

-Засгийн газар энэ шатлалыг тогтоохдоо ямар судалгаанд үндэслэсэн бол? Судлаачдын судалгаа байдаг уу?

-Харин ямар судалгаанд үндэслэснийг би хувьдаа гайхаад л байна. МУИС-ын багш Сувдаагийн хийсэн судалгаа бий. Тэнд ажил эрхэлж байгаа нэг иргэний ард 3,18 тэжээлгэгч байдаг гэсэн байна лээ. Өөр бусад судалгаа ч байх ёстой. Үүнээс гадна 1,5 сая, 2,5 сая, 3,5 сая гэсэн шатлалыг яаж тогтоосон нь гайхмаар. Шатлал хооронд, нэг сая, нэг сая төгрөгийн зайтай, тав таван хувийн нэмэгдэл тавьчихаж байгаа нь ямар судалгаа, тооцоололд үндэслэлэсэн бэ гэдгийг гайхаад хариулт олохгүй байна л даа.

-Олон улсын жишигт яаж тогтоодог, ямар аргачлал байдаг вэ? Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулдаг ч юм уу?

-Олон улсын жишгээр бол Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг.  Цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэж үзэх юм бол өндөр цалингийн эхний шаталбар нь  2,4 сая төгрөг  ёстой. Тэгээд үүнийг хоёр дахин нэмэгдүүлэх шатлалаа ахиулах аргачлал байх ёстой. Өөрөөр хэлбэл, 2,4 сая, 4,8 сая гэх мэтчилэн тодорхой үндэслэл тайлбартайгаар шатлал тогтоосон бол хүмүүст илүү ойлгомжтой, олон улсын жишгийг дагуу гэж хэлж болох байсан.

-Түүнээс гадна татварын орлого нэмэгдэнэ гэсэн тайлбартайгаар хийсэн энэ өөрчлөлтийн сөрөг, дам нөлөө юу гэж та харж байна вэ?

- НӨАТ-ын буцаан олголт, Өршөөлийн хууль явуулснаараа  дөнгөж  татвар төлөгчдийн  сэтгэл зүйг наашлуулж байсан бол эргээд цаашлуулаад татвараа нуун дарагдуулдаг болохоор дүр зураг харагдаж байна.

Уг нь 2007 оноос татварыг шатлалгүй болгосноор татвар төлөлт 30 хувиар нэмэгдсэн. Хувь хүний орлогын албан татвар бол байнга өсөн нэмэгдсээр ирсэн. Зөвхөн өнгөрсөн жил хүн амын орлогын албан татвар 560  тэрбум төгрөг өссөн нь ноднингийнхоос 10 хувь буюу 50 орчим тэрбумаар нэмэгдсэн. Гэтэл одоо ингэж өөрчлөлт хийснээр  30 тэрбумыг нэмж олгох гэсэн биш, улам  илүү хор  хохирлыг авчирна. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэн оновчтой алхмын үр дүнд татвараа зөв шударгаар төлөх нь зүйтэй гэсэн дөнгөж төлөвшиж байгаа сэтгэлзүйг эсрэг эргүүлж, татвараа нуух, татвараас зайлсхийх хандлага гарч магадгүй. Уг нь 2-3 жилийн дараа  энэ арга хэмжээг авч болох байсан. Гэвч татвар төлөгчдийн одоогийн сэтгэл зүйг харахад татварын орлого  буурна байх гэж бодож байна. Үүнийг эргэн харах хэрэгтэй.

Д.Цолмон 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин