• Эхлэл
  • “Оюутолгой” баяжмалаа экспортод гаргаж чадахгүй болсноо мэдэгдлээ

“Оюутолгой” баяжмалаа экспортод гаргаж чадахгүй болсноо мэдэгдлээ

2018/01/18

Монголчуудын нүүрс, зэс зэрэг уул, уурхайн гол бүтээгдэхүүний экспортод гаргадаг гол замуудын нэг болох Ганц модны боомтод 420 гаруй хятад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж боомтыг хааснаас болж Монголын талаас ачааны машинууд гарч чадахгүй болоод байгаа. “Chalco” болон “Winsway” компанийн тээвэр хийдэг автомашины эзэд урт тээврийг хуучнаар явуулах, улс хоорондын тээвэр хийх эрхийг хятад эзэнтэй компаниудад нэмж өгөхийг шаардан боомтыг хаагаад байгаа юм.

Уг боомтоор экспортоо гаргадаг “Оюутолгой” компани уг шалтгаанаас болж баяжмалаа гаргаж чадахгүй болсныг харилцагчдадаа мэдэгдсэн байна. Энэ талаар “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resource” компани албан ёсны вэб сайтдаа ингэж мэдээлсэн байна.

“Оюу Толгой” компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй боллоо. Энэ оны нэгдүгээр сарын 8-наас БНХАУ-ын компаниуд Ганц модны боомтыг хааж, эсэргүүцлийн жагсаал хийх болсон. Тиймээс “Оюу Толгой” компанийн тээврийн хэрэгслүүд харилцагчдадаа баяжмалын нийлүүлэлт хүргэх боломжгүй болсон байна. Хэдий тийм боловч ил уурхайн олборлолт, гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилнэ” хэмээн онцлон бичжээ.

Ийн боомт хаагдаж үүсээд байгаа асуудлуудыг талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай гэсэн тайлбар өгсөн. Мөн замын хөдөлгөөнийг нээх асуудлаар Гадаад харилцааны яам, Авто тээврийн үндэсний төв БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж байгаа юм.

 

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit HERE

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН