• Эхлэл
  • Шар сүүгээр уураг нөхөх бүтээгдэхүүн хийнэ

Шар сүүгээр уураг нөхөх бүтээгдэхүүн хийнэ

2018/01/24

-Хүүхдүүдийн дуртай өнгөтэй, жимстэй ааруулаа цагаан сарын бэлгэндээ базаагаарай-

Тас хийсэн жимсний амт, цэвэр ориг ааруулны часхийсэн амт арааны шүлс асгаруулсан. Энэ бол Монгол амттан брэнд. Эднийх хүүхдүүдийн сонирхол татам хөөрхөн баглаатай нэрс, аньс, чацарганатай ааруулуудыг Монголынхаа зах зээлд гаргаад байна. Хүнсний аюулгүй байдал онцгой хурцаар тавигдах болсон энэ үед хөдөөнөөс цэвэр аарц авчран ямар ч нэмэлт бүтээгдэхүүнгүйгээр ааруул хийсэн нь эдүгээ Монголын бас нэгэн онцлог бүтээгдэхүүн болоод байгаа. Тэр ч бүү хэл тэд шар усаар жүүс, тураах бүтээгдэхүүн, цэлцэгнүүр, резинэн чихэр гэх мэт нандин бүтээгдэхүүн хийхээр судалгаа шинжилгээ ажлаа эхлүүлээд байгаа. Ингээд Монгол ааруулыг брэнд болгож байгаа “Ди Жи Монгол хүнс” компанийн захирал Э.Дөлгөөний ярилцлагыг хүргэж байна.  

Дашрамд тус компани Оны шилдгүүдийг тодруулах "Гранд 100 авардс” наадмын үйлдвэрлэлийн салбарын-Топ аж ахуйн нэгжээр шалгарсан юм.

-Танай ааруул үнэхээр гоё амттай юм аа. Монголчууд нэг хэсэг ааруул, цагаан идээгээ мартах шахсан. Сүүлийн үед харин эко, эрүүл хэрэглээг их дэмжих болжээ. Ялангуяа энэ ааруулыг хүүхдүүдэд өгвөл зүгээр юм байна. Ийм хөөрхөн өнгө, хэлбэр, жимсний амттай ааруул хийх санаа анх яаж төрөв өө?

-Манай компани нэлээд хэдэн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Ааруул бол мэдээж эко хэрэглээ, магадгүй монголчуудын онцлог брэнд. Нэгэн үе монголчууд гоё сайхан өнгөнд хууртаж, чихэр, чипс гэх мэт эрүүл мэндэд муу бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бол одоо эрүүл эко хүнс сонгодог болчихсон. Хүний биед ямар хүнс хэрэгтэй гэдгийг мэддэг болчихсон  учраас цагаан идээгээ ч их  иддэг болсон. Гэхдээ хот газар цагаан идээ дутмаг. Хүнсний зах, хувь хүмүүсээс бүтэн килограммаар нь авдаг, жижгээр авах боломжгүй байлаа. Бид  хэдийгээр, эрүүл мэнд, шүдэнд нь муу гэдгийг сайн мэддэг ч хүүхдүүддээ  чихэр, жигнэмэг гээд амттан авч өгдөг. Гэтэл чихэрний оронд  жимстэй, хөөрхөн хэлбэр дүрстэй жижиг савлагаатайгаар ааруул байвал эцэг эхчүүд хүүхэддээ авч өгнө. Хүүхдийн өсөлт, шүдний  бэхжилт маш олон талын ач холбогдолтой.

-Ааруулыг 100 гр, 200 гр-аар аар савлаж худалдаанд гаргадаг юм байна. Хүүхдэд их тохиромжтой юм аа. Хөдөөнөөс авчирсан цэвэр аарцаар хийдэг үү?

-Тийм ээ. Манай ааруул яг л уламжлалт аргаараа хийгддэг. Цэвэр аарцаа шүүж байгалийн гаралтай зэрлэг жимс болох  аньс, нэрс,  чацарганатай хольж  шахна. Ааруул дээр жимс нэмсэн нь уураг, витаминаар улам баялаг. 

-Хүнсний зах  болон хувь хүний гар дээрээс худалдаж авсан ааруул зарим нь элдэв янзын хольцтой байдаг. Тиймээс хүмүүс цэвэр ааруул хаанаас авах вэ гэж сурагладаг болчихсон?

-Тийм тохиолдол их гардаг. Би ч гэсэн нэг бус удаа ингэж хулхидуулж байсан Манай гэр бүл цагаан идээнд дуртай. Хүүхдүүддээ аль болох ааруул авч өгдөг. Тийм болохоор хэн ч эргэлзэх, цэвэр, оригиналь бүтээгдэхүүн хийе гэж шийдсэн.

-Цагаан сараар хүүхдүүдэд бэлгэнд өгвөл гоё юм аа?

-Тийм ээ. Цагаар сар дөхөөд бид захиалга ихтэй ачаалалтай л ажиллаж байна. Хувь хүний гар дээрээс худалдаа хийж элдэв хольцтой ааруул авчих вий гэж болгоомжилдог хүмүүс буцах эзэн, буух хаягтай үйлдвэрт түлхүү ханддаг болчихож. Түүнээс гадна бид цагаан сарын тавгийн ааруул хийж байгаа. Заавал боовоор таваг засах бус, цагаан идээ ааруулаараа таваг засч болно шүү дээ.

-Шинэ жилээр танайх хүүхдийн бэлэгний багц гаргасан гэсэн. Одоо Цагаан сараар ямар ямар бүтээгдэхүүн гаргах вэ?

-Манай шинэ жилийн багц нэлээд эрэлттэй байсан. Одоо цагаан сараар бид тавгийн идээний багц болон гарын бэлгэнд өгөхөөр өнгө үзэмжтэй, амт чанар сайтай бүтээгдэхүүн савлаж гаргаж байна.  Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж манай бүтээгдэхүүнийг бэлгэнд өгөхөөр сонирхож байгаа бол манай цахим хуудсаар болон утсаар захиалга өгч болно.  10-аас  дээш бүтээгдэхүүн авбал  үнэгүй хүргэлт хийж байгаа. Бөөний үнэ нь 500 төгрөгөөр хямд. Манай бүтээгдэхүүн “Номин”,  “Сансар”,  “Well mart” сүлжээ  дэлгүүрээр худалдаалагдаж байна.

-Хүүхдүүд танай бүтээгдэхүүнд их дуртай юм аа?

-Бид  цаашдаа цэлцэгнүүр, резинэн чихэр гээд цагаан идээгээрээ дагнан маш олон зүйл хийх  төлөвлөгөө гаргаад  ажиллаж байна. Багаасаа цагаан идээ  идэж өсөөгүй хүүхдүүд бол ааруул сайн идэхгүй байж магадгүй л дээ. Тийм болохоор цагаан идээг чихэр  шоколадтай холих, бүржмэл чихэр шиг хийх гээл олон санаа гаргаж, туршиж байгаа.

-Цэлцэгнүүр ээ? Сонирхолтой юм. Хүүхдүүд цэлцэгнүүрт дуртай. Гэвч түүнийг химийн бодисоор хийдэг гэсэн яриа бас гарч л байсан?

-Тийм. Тэгээд ч хүүхдүүдэд чихэр, чипснээс илүүтэй, шар сүүнээс гаргасан эко бүтээгдэхүүн хэрэгтэй шүү дээ. Цаашилбал, шар сүүнээс гадаадаас маш өндөр үнээр авч хэрэглэдэг төрөл бүрийн кальц, витамин хийнэ. Түүхий эд нь бидний гар дор   байна.  Бид шар сүүнд  хүүхдээ усанд оруулж бас цөс  угаахыг л мэдэж байна. Өөрөөр бараг ашиглахгүй байна. Гэтэл цагаан идээний бүх шим тэжээл уураг нь тэр чигээрээ шар сүүнд  байдаг нь туршилтаар нотлогдсон. Тиймээс бид шар сүүнээсээ уураг гаргаж авах, гэдэс цэвэрлэх чавганы жүүс,  цэлцэгнүүр, ризенэн чихэр хийхээр ажиллаж байна. Эхнээсээ туршилтад ороод шинжилгээндээ өгөөд явж байна.  Ийм маягаар гаргаж авсан чихэр, цагаан идээ бол илчлэг багатай. Бидний үйлдвэрлэсэн чихрийг идснээр  уураг, кальц, витаминаа нөхөх боломжтой.   Бас манай бүтээгдэхүүн жимстэй учир калори багатай. 100 гр жирийн ааруул 350 кк бол жимстэй ааруул 180 байгаа. Тэгэхээр таргална гэж айх хэрэггүй. Түүнээс гадна бид шар сүүгээр тураах бүтээгдэхүүн хийхээр ч судлаж байгаа.

-Маш сонирхолтой ажил байна. Та бүхний ажилд амжилт хүсье.    


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин