• Эхлэл
  •  Х.Нямбаатар: Нефтийн зах зээлийг хэн барих вэ? 

 Х.Нямбаатар: Нефтийн зах зээлийг хэн барих вэ? 

2018/02/01

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. 


- БНСУ-ын хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар болсон. Яг юунд зарцуулах вэ гэдэг нь анхаарал татаж байна?


- Агаарын бохирдол бол улс төр, популизм хийдэг сэдэв биш. Улаанбаатар хотод утаа гаргаж байгаа гол хүчин зүйлийг нэрлэхэд түүхий нүүрс түлж буй гэр хорооллын 220 мянган өрх, замын хөдөлгөөнд оролцож байгаа 350 мянга орчим тээврийн хэрэгсэл, цахилгаан станц, бага оврын уурын зуух гэсэн гол хэдэн эх үүсвэрүүд бий. Хамгийн гол эх үүсвэр бол түүхий нүүрс түлж байгаа явдал байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрдэмтэн, мэргэдийн үгийг сонсч шинжлэх ухаанчаар хандах ёстой. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийг орон сууцжуулах, дэд бүтэц татах чиглэлд зарцуулна гэж хоёр тал харилцан тохиролцсон гэж би ойлгосон. Улаанбаатар хотын 220 мянган өрх айлыг гурван бүлэгт хувааж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, орон сууцжуулах бүс, хоёрдугаарт 100 хувь цахилгаан эрчим хүчээр халаах бүс, гуравдугаарт, сайжруулсан зуух гэсэн үе шаттайгаар явах нь зүйтэй. Түүнээс нэг дор бүгдийг орон сууцжуулах боломж байхгүй. Эрчим хүчний дамжуулах шугам сүлжээний нөөц боломж ч байхгүй. Хамгийн сүүлийн үеийн технологитой зуухыг тараах, цаашлаад түүхий нүүрс хэрэглэхгүй угаасан нүүрсийг хэрэглэх замаар гуравдугаар бүс буюу алслагдсан гэр хороолол арга хэмжэ авах нь зүйтэй. Өнөөдөр зуух тараах тухай ярилаа гээд зарим нэг улстөрчид попорч байна л даа. XXI зуунд зуух ярьдаг чи хэн бэ гэж шүүмжилж байх шиг байна. Сүүлийн үед бид чинь бие биенээс үгүйсгэж туйлшрахдаа хамгийн гаргууд болсон хүмүүс шүү дээ. Гэтэл бид V цахилгаан станцаа барьж чадаагүй арав гаруй жилийг үдсэн. Бид нэг дор бүгдийг орон сууцжууллаа гэхэд эрчим хүчний нөөц хангалттай биш байна. Өнөөдөр нэг зүйлийн тухай огт ярихгүй байна. Улаанбаатар хотын ундны усны нөөц ойрын хэдэн жил болоод дуусахаар аюулын харанга дэлдсэн хэмжээнд байгаа. Орон сууцжуулах төсөлтэй хамт гадаргын ус ашигладаг усан сан байгууламж барих чиглэлээр ажил хийхгүй бол төд удалгүй усгүй хот болох аюул нүүрлэсэн. Тиймээс алслагдсан гэр хороололд түүхий нүүрс биш угаасан нүүрс хэрэглэх нь хамгийн зөв гарцын нэг мөн. Дулаан хангамж, эрчим хүчний хангамж, усны хангамжыг агаарын бохирдлыг бууруулахтай хамт давхар шийдэж явахгүй бол зөвхөн хэдэн орон сууц бариад агаарын бохирдлоос буурчихна гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салах ёстой юм. Манай улс гүний усны хэрэглээгээрээ ундны болоод үйлдвэрлэлийн усыг бүрэн хэрэглэсээр л байгаа. Гүний усны хэрэгцээнээс гэр хорооллыг тэр чигт нь орон сууцжуулахад усны хомсдолд орно. 1986 онд ЗХУ-ын эрдэмтэд Улаанбаатар хотын ундны усыг сайжруулах 29 хавтас бүхий ТЭЗҮ, мастер төлөвлөгөөг боловсруулсан байсан. Одоогийн Гачуурт орчимд гадаргын усыг төвлөрүүлж Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангаж байхаар ТЭЗҮ-ийг боловсруулсан ч ажил хэрэг болоогүй 30 жил болжээ. 


- Та Улсын бүртгэлийн ерөнхий тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ хуульд ямар гол өөрчлөлтүүд орохоор яригдаж байна вэ?


- Улсын бүртгэлийн ерөнхий тухай хуулийн төсөл дээр сууж байна. Манай улсад бүртгэлийн механизм тогтолцоо үүсээд 20 дахь жилдээ болж байна. Дэлхийн улс орнуудын бүртгэлийн хөгжлийн чиг хандлага орчин цагийн мэдээлэл технологид үндэслэсэн тогтцолцоог хялбаршуулсан систем руу явж байгаа. Бүртгэлийн тухай хуулийн зэрэгцээгээр Нотариатын тухай хуулийг давхар хөндөх ёстой. Нотариатын байгууллагаар хийгдэж буй үйлдэл хэлцэл бүхэн дараагийн төрийн байгууллагад очиж баталгаажилт хийгддэг. ХБНГУ-ын Нотариатын танхмын удирдлагуудтай уулзалт хоёр удаа хийлээ. Уулзалтаас гарсан гол үр дүн бол ХБНГУ-ын нотариатын танхим Монгол Улсын нотариатын танхмын үйл ажиллагааг дэмжиж, орчин үеийн мэдээлэл технологийн ололтод түшиглэсэн цахим нотариатын төслийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэхээр болсон. Программ хангамж, техник хангамж, боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлэх саналаа бидэнд илэрхийлсэн. Ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр дараагийн уулзалт болно. ХБНГУ өнгөрсөн 2000 оноос хойш цахим нотариатын төслийг үе шаттай хэрэгжүүлж 2017 оноос эхлэн нотариатын бүхий л үйлдэл цахим хэлбэрт шилжсэн байна. Одоо зарим гишүүдийн шүүмжлээд байгаа шиг бичмэл эх сурвалжийг үгүй хийхгүй юм. Бичмэл материал архивтаа хадгалагддаг хэвээрээ байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэж буй хүмүүс нотариат дээр үйлдэл хийгдээд татвараа төлж мэдүүлгээ бөглөөд эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж бүртгэл хийлгэдэг. Барууны орнуудад худалдаж буй худалдан авч буй хоёр тал нотариат дээр бүртгүүлээд болчихдог. Нотариат тэрнээс цаашхи үйдлийг гүйцээж хийгээд иргэнд хариуг өгдөг. Ингэж иргэдийг давхар явуулж чирэгдүүлэхгүй болсон. Орчин үед үйлдэл түүний үр дагавар үе шат нь нотариат дээр төвлөрөх тогтолцоо руу шилжсэн. Хэрэв энэ системд шилжвэл манай улсын тавтарын тогтолцоонд ч дөхөмтэй болно. Бодит байдал дээр нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ хийчихээд Эд хөрөнгийн бүртгэлийн газар руу бэлэглэлийн гэрээ хэлбэрээр оруулж татвараас зайлсхийдэг хандлага манайд их гардаг. Бүртгэлийн тухай хуульд технологийн дэвшил эрх зүйн ололтыг нэвтрүүлэх ёстой гэдэг үүднээс би байр сууриа илэрхийлж, ажлын хэсэг дээр нэлээн сууж ажиллаж байгаа. 


- Ерөнхийлөгч Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр асашерюү Д.Дагвадорж тус дүүрэгт өгсөн хандивын зүйлс алга болсон талаар ярьсан. Та дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүний нэг? 


- Сонгинрхайрханчууд, дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан асашерюү Д.Дагвадоржоос нэг ч төгрөгийн бараа материал аваагүй. Нэг ч төсөл аваагүй. Дандаа сонгуулийн сурталчилгааны үе шиг амьдарч болохгүй л дээ. Хүмүүсийг гүтгэж гүжирдэж хийрхэж болохгүй. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар гишүүний тойрогт гээд 2013 онд эмнэлгийн хуучин автомашин Японоос авчирч өгсөн гэж би сонссон. Би дүүргийн удирдлагуудаасаа сая дахин дахин тодрууллаа. Өөр ямар ч өгсөн барьсан зүйл байхгүй юм байна. Д.Дагвадорж гэдэг хүн баримттай ярих хэрэгтэй. Ийм хэмжээний бараа материал иргэддээ өгөөрэй гээд Дагвадорж Нямбаатарт өгсөн гэсэн баримтаа гаргаад өгчих. УИХ-ын сонгууль болох үед Д.Давгадорж намайг дэмжиж, ирж үг хэлж байсан. Би үүнийг надад сайндаа биш циркийн хувьчлалыг хөндөж ярьсан О.Магнайд дургүйдээ өсөрхсөндөө намайг ирж дэмжсэн гэж би ойлгож байгаа.  


- Ирэх хоёрдугаар сарын 1-нээс АН-аас жагсаал хийж Засгийн газрын хуудуутай шийдвэрийг эсэргүүцнэ гэж байгаа. Татвар нэмэгдсэн, шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэтээр энэ Засгийн газрын гаргаж буй шийдвэр иргэдэд дарамт ачааг үүрүүлж байна гэж үзэж байгаа?


- Одоогийн АН-ын нөхдүүд эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн хүмүүс. Эдийн засгийг аврахын тулд тодорхой төрлийн татварыг нэмэгдүүлж, эдийн засгийг сэхээний тасгаас энгийн тасагт шилжүүлэх процесс өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд хийгдлээ. Жишээлбэл, урагшаа нүүрсний экспортыг Н.Алтанхуяг зогсоож байсан. Гадаад валютын нөөцийг АН-ын тухайн үеийн удирдлага, эрх баригчид дуусгасан. Гадаад өрийг хэн тавьсан. Чингис бонд, Самурайн бондын өрийг энэ нөхөд өөрсдөө тавьсан. Энэ тавьсан өрийг дарахын тулд эдийн засагт бүсээ чангалах, Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийг авахаас өөр аргагүй зүй ёсны шаардлага тулгарсан. Хэрэв хөтөлбөрт хамрагдаагүй бол бид дампуурчихсан улсын жагсаалтад орчих байсан. Өр тавихыг нь тавьж дампууруулчихаад тэрийг нь засч, аврах гэж буй нөхдүүдийг баалдаг буруу үйлдлээ зогсоогооч. Хоёрдугаар сарын 1-нээс жагсана, цуглана гэж хамгийн их дуугарч буй хүмүүс хамгийн их эдийн засгийг “алсан” хүмүүс шүү. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тухайн үед Аж үйлдвэрийн яамны сайд байхдаа Сангийн яамтай хэлэлцэж тохиролгүй 1.4 их наяд төгрөгийн өрөнд оруулчихсан. Одоо энэ болгоны өрийг яаж төлөх болж байна вэ. Төлөхийн тулд тодорхой тооны татвар нэмэгдсэн зүйл бий. Өнөөдөр Олон улсын Валютын сантай дахин хэлэлцээрт орж зарим төрлийн татварыг буулгах хэлэлцээр үргэлжилж байна. Шатахууны хувьд нэг зүйл хэлэхэд дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллараас 70 орчим ам.доллар болж өсч байна. Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Дэлхийн зах зээлийг сөрж үнээ барих гэдэг маш хүнд. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Онцгой албан татварыг тэглэх байдлаар үнийг зохицуулах бодлогын ажлуудыг хэрээрээ хийж байна. Энэ сарын 29-ны өдөр "Роснефть”-ийн төлөөллүүдийг урьж хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна. Ер нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн нь энэ Засгийн газрын буруу гэж үзэж байгаа юм уу?

- Шатахуун импортлогчид дэлхийн зах зээлд үнэ унах үед шатахууны үнээ бууруулж байгаагүй. Үнэндээ улстөрчид тэр дотроо МАН-ын нөхдүүд нефть импортлогч нартай хувийн эрх ашгийн холбоотой талаар яригддаг. Манай улс нефтийн үйлдвэрийг өнөөдрийг хүртэл бариагүй нь эрх ашгийн үүднээс гэж харагддаг? 


- Нефтийн зах зээлийг аль, аль намынх нь гишүүд барьж байгаа ш дээ. Томоохон импортлогч нарын тоонд “Шунхлай” орно байх. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү чинь “Шунхлай” группийн үүсгэн байгуулагч биз дээ. Зах зээлийн үндсэн онолоор бол үнэ эрэлт дээр тогтдог. Нефть импортлох эрхийг бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болгох ёстой юм. Ингэж үнийг нээлттэй байлгаснаар зах зээлийн зарчмаараа шударга өрсөлдөж үнэ буурна. Бид хэт нэг талыг барьж муйхарлаж болохгүй. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч байхад борлуулж байгаа хүмүүс өссөн үнэтэйгээр авч байгаа учраас зах зээлтэйгээ уялдаж явах ёстой. Буурч байхад адилхан буурах ёстой л доо. Ингэж зах зээлийн зарчмаараа явах ёстой. Төр үнийн бодлогод хэтэрхий их оролцоод байвал тухайн салбар урагшаа явахгүй. Нефтийн үйлдвэр барих ажлыг Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаанаар шийдвэр гаргаж хоёрдугаар улирал гэхэд барилга угсралтын ажил эхлэхээр болсон. Манай улсын олборлож буй түүхий нефтийн нөөц хангалттай биш байгаа. Нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа. 


- УИХ-ын гишүүн Н.Наранхүүг эргүүлэн татахаар Үндсэн хуулийн цэцэд иргэд гомдол гаргасан байгаа. Та Н.Наранхүү гишүүний хуралдаа суудаггүй байдлыг юу гэж харж байна вэ?


- Зөвхөн энэ удаагийн парламент ч биш хоёр парламент дамжин энэ хүний асуудал яригдаж байгаа. УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж дуу хоолой болж элч төлөөлөгч болно гэж тангараг өргөж УИХ-д орж ирдэг. Гэтэл Н.Наранхүү гишүүнийг сонгосон тойргийн гишүүдийн төлөөллийн эрх алдагдаад байна гэдэг агуулгаар иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж би ойлгосон. УИХ-ын гишүүн төрийн хууль тогтоох байгууллагыг төлөөлж ажиллаж байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаатай яг адилхан гэж хэлж болно. Аль ч газар хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд ажлаас нь халдаг тогтолцоо байдаг. Манай Үндсэн хуулийн суурь бол хүн бүр хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй гэсэн зарчим үйлчилдэг. Нэг компанийн ажилтан шалтгаангүйгээр ажлаа 3-4 жил таслаад явбал хөдөлмөрийн гэрээ хэвийн үргэлжлээд явах боломжгүй. Яг түүнтэй адил байдлаар хандах байлгүй дээ гэж бодож байна.


Б.ДОЛЗОДМАА

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин