Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон аюултай төвшнөөс даруй 4 дахин их болсон, дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотоор Улаанбаатар “шалгарсан” тухай хэвлэл мэдээллээр шуугиж, ард олон яахаа мэдэхгүй түгшиж сууна.

Үнэндээ, УБ-ын агаарын бохирдол, утааны талаар цаашид төр засгаас дорвитой, шийдвэртэй, үр дүнтэйарга хэмжээ авахгүй бол татвар төлөгчдийн болон гаднаас түр зээлсэн асар их мөнгө хөрөнгө мөн л урьдын адил утаатайгаа цуг агаарт замхарч алга болсоор, хотын ард иргэд хордож, өвчилсөөр л байх шинжтэй. Агаарын бохирдол, утааг арилгана гэж жил бүр хичнээн олон тэр бумаар нь мөнгө хөрөнгө төсөвлөж, эцэстээ үр дүн байхгүй болоод өнгөрч байсныг ард түмэн сайн мэдэж байгаа.

Хотын энэ их утаа, агаарын бохирдолтод хяналт тавьж, цэвэр байлгах үүрэг чиглэлтэй чамгүй олон байгууллага, албан тушаалтнууд байдаг хэдий ч бохирдолтыг арилгах биш, тэдний зарим нь харин ч түүнийг хувьдаа ашиг хонжоо олох далим болгосоор ирсэн бололтой санагдана. Тухайлбал: 

  • Ерөнхийлөгчийн дэргэдэх, Агаарын бохирдлын асуудал хариуцсан албан тушаалтан /бас нэг дарга л биз?/,
  • Засгийн газрын дэргэдэх, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо,
  • Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах нөхцлийг хангуулах чиг үүрэгтэй МХЕГ, нийслэлийн МХГ, 
  • Нийслэлийн агаарын бохирдлын асуудал хариуцсан Засаг даргын орлогч, 
  • Нийслэлийн Агаарын чанарын алба,
  • Нийслэлийн агаарын бохирдлын  хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл,
  • Ус цаг yyp, орчны хянапт-шинжилгээний газрын харъяа Агаарын чанарын асуудал эрхэлсэн Мэргэжлийн алба,
  • Бас 2011 онд “Цэвэр агаар” гэх гоё нэртэй сан байгуулагдаж 93.2 тэрбум төгрөг хий хоосон шамшигдуулаад эцэст нь саяхнаас татан буугдсан гэнэ билээ.
  • Одоо агаарын бохирдлын эсрэг санг дахин байгуулахаар яригдаж байгаа тухай ч бас дуулдаж байна.

Эдгээр олон байгууллага, албан тушаалтнууд үр өгөөжтэй чухам юу хийж хэрэгжүүлэв? Юу ч байхгүй! Тэгвэл тэд хариуцлага хүлээдэг үү? Хэн нь ч үгүй!

Бас, үүний зэрэгцээ, сүүлийн жилүүдэд агаар хөрсний бохирдолттой холбоотой бараг 200 орчим хууль эрх зүйн баримт бичиг гарсан тухай хэвлэл мэдээллээр ярьж, бичиж байх юм. Дээр нь энэ асуудалтай холбогдуулж гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжөөс эхлээд нийслэл, дүүрэг, хороодын дарга даамлуудын “үйлдвэрлэсэн” элдэв түмэн цаасыг нэмбэл тоймгүй юм болно.Тэглээ гээд ямар ч үр дүнгүй, та бид бахь байдгаараа, хордсон хэвээр л байна. Тэгээд одоо яасан нь дээр вэ?!

  1. Нааштай шийдэж болмоор санагдах зарим нэг асуудал

Бага боловч үр өгөөжөө өгч, эцэстээ нийлбэр дүнгээрээ мэддэгдэхүйц эерэг үр дүнд хүргэх арга хэмжээнүүдийн жагсаалтыг гаргаж, шийдвэртэй ажил хэрэг болгох нь зохилтой санагдана. 

Тухайлбал, хотод баригдаж бэлэн болсон боловч эздээ хүлээж байгаа олон мянган байранд ипотекийн зээл, дахин төлөвлөлт, түрээс, хөнгөлөлттэй нөхцлөөр гэр хорооллын айлуудаас оруулж орон сууцжуулах, хотын цахилгаан дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлж гэр хорооллын заримыг хямд, найдвартай цахилгаан халаалттай болгох, түүхий нүүрсээр ажилладаг том ДЦС-уудын янданг шүүлтүүртэй болгох, хувийн хэвшлийн жижиг оврын уурын зуухнуудыг татан буулгах, хийн /газ/ зуухыг нэмэгдүүлэх, насжилт өндөртэй хуучин автомашинуудын хөдөлгөөний оролцоог эрс хязгаарлаж, өвөлд дугаарын тэгш сондгойгоор нь зохицуулж байх, дагуул хот байгуулж зарим албан газар, сургууль г.м-ийг нүүлгэн шилжүүлэх, хөдөөд цалин хангамж харьцангуй өндөртэй ажлын байруудыг бий болгож, хүмүүсийн жилжилт суурьшлын урсгалыг хотоос гадагш чиглүүлэх г.м ажил, арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүргэнэ байх гэж бодож байна. 

Монголчууд ипотекийн зээлийн талаар хэлэлцэж эхэлж байсан 2007 онд Малайз, Хятад, Тайланд зэрэг улсууд ийм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудаа аль хэдийнээ шийдчихсэн байна. Тэдгээр улсын Засгийн газрууд хүн амын дийлэх болох ядуу өрхүүдээ дэмжих зорилгоор олон жилээр байр түрээслэн амьдрах эрх зүйн орчинг бий болгож чаджээ. Ингэхдээ сарын түрээсийг айл өрх бүрийн орлогод нийцүүлэн тогтоосон байдаг юм байна. 

Үнэндээ, ний нуугүй шулуухан хэлэхэд, нийслэлийн агаар хөрсний энэ их бохирдол ингэж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа нь гагцхүү ард түмний ядууралтай л холбоотой зүйл. Асар уудам сайхан газар нутагтай, 60 гаруй сая малтай, хөрсөн дороо асар их эрдэнэс баялагтай энэ цөөн хэдэн монголчуудыг Арабын эмиратууд шиг баян цатгалан биш ч гэлээ, дэлхийн хөгжилтэй улс орны иргэдтэйадилхан бэл бэнчинтэй, дээгүүр харцтай, дэгжин амьдралтай байлгаж болмоор доо!!!

Дээр өгүүлсэн зүйлс яваандаа бүтэлтэй болж, нийслэл маань цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах сайхан цаг ирнэ гэж найдахын сацуу, өнөөдрийн энэ их утаа, агаарынбохирдол гэгч “хадны мангаа” чухам ямар аюултай болохыг иргэн бүхэн санаж, түүнтэй тэмцэхэд өөрийнхөө өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулаасай гэж, агаарын бохирдлын талаар танин мэдэхүйн чиглэлийн хэдэн зүйлийг химийн мэргэжлийн хүний хувьд уншигч олонтойгоо хуваалцахыг хүслээ. 

  1. Нийслэл Улаанбаатарын агаарыг чухам юу бохирдуулж байна вэ?

Мэдээж бохирдуулагч гол “баатрууд” нь гэр хорооллын 200 000 гаруй айлын яндангаас гарч буй нүүрс түлээний утаа, түүхий нүүрсээр ажилладаг ДЦС-уудын болон жижиг уурын зуухнуудаас гарч байгаа утаа, нийслэлийн гудамжинд багтаж ядан түгжирч байгаа 460 000 гаруй автомашины /ихэнх нь хуучин/ хөдөлгүүрээс ялгарч буй утаа, энэ гурав. Бас энэ дашрамд тэмдэглэхэд, “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр, бид УБ-ын салхины зонхилох чиглэлд буюу УБ-ын баруун талд бүх ДЦС-аа барьчихсан (бариулчихсан) нь энэ их утааны асуудалтай холбогдож яригдах бас нэг харамсал болж байна. 

Аливаа зүйлийн шаталт гэдэг нь физик-химийн хувирал, урвал юм. “Бодисын масс хадгалагдах хууль” гэж байдгийг та бид дунд сургуулийн химийн хичээлд үздэг байснаа санаж байгаа. Тэр хуулиар: “Урвалд орж байгаа бодисын хэмжээурвалын эцэст гарч буй бодисын хэмжээтэй тэнцүү байдаг” гэдэг. 

Энэ юу гэсэн үг вэ гэхлээр, галд шатаж “алга болж байгаа” тэр олон зуун мянган тонн түүхий нүүрс, мод, бензин шатахуун, ер нь шатаж байгаа хог хаягдал, тэр бүх зүйлс өөрийн физик-химийн шинж чанраа хувиргаж өөрчлөөд, УТАА (үнс нурам, хөө тортог, тоос шороо, химийн хорт болон цацраг идэвхит бодис) гэгч “мангас” болон хувирч та бидний амьсгалж байгаа агаар орчинд цацагдан тархаж, хүн амьтны амьсгалын болон хоол боловсруулах замаар биед орж, эд эрхтний дотор тархан уусаж хордуулж байгаахимийн хорт бодисууд юм шүү дээ.

  1. Утааны найрлагад байдаг химийн үндсэн хорт бодисууд ба тэдгээрийн уршиг

Уг нь цэвэр агаарын стандарт найрлага нь: хүчилтөрөгч (О2) 21%, азот (N) 78%, аргон (Ar) болон идэвхгүй бусадхий 1% байх учиртай боловч УБ-ын та бидний амьсгалж байгаа агаарын найрлагад яг ямар ямар бодисуудагуулагдаж байгааг тодорхой тоочин хэлэх боломжгүй болжээ. Харин дэгсдүүхэн хэлбэл, түүхий нүүрс, мод түлээний зэрэгцээ галд шатдаг бүхнийг бид гал руугаа хийж байгаа болохоор Улаанбаатарын энэ бохир агаарын найрлагад Д.И.Менделеевийн “Химийн үелэх систем”-д байдаг бараг бүх хортой элемент агуулагдаж байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу.

УБ-ын агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа гол гурван эх үүсвэр, тэдгээрийн хор уршгийн талаар товч дурдъя:

  1. Гэр хорооллын айлуудын болон ДЦС, жижиг уурын зуухнуудын түлшинд ашиглаж буй түүхий нүүрсний шаталтаас ялгарч байгаа утааны найрлагад тодорхой хэмжээгээр агуулагдаж байгаа угаарын хий (CO), хүхрийн исэл (SO2), нүүрс-хүчлийн хий (СО2), нүүрсний тоосонцор (C), үнс нурам зэргээс гадна уран-238, радий-226, торий-232, калий-4 зэрэг цацраг идэвхит бодисууд агаарт цацагдаж, салхины чиглэлд тархаж, хүн амьтны амьсгалын болон хоол боловсруулах эрхтний замаар биед орж эрхтэн системйг өвчлүүлж, харьцангуй том ширхэгтэй хэсэг нь газарт бууж байгаль орчинг хордуулж бохирдуулж байна,
     
  2. УБ-т 460 000 гаруй автомашины (ихэнх нь хуучин) хөдөлгүүрээс ялгарч бидний амьсгалж буй агаарт цацагдаж байгаа 200 орчим нэр төрлийн химийн бодисоос хамгийн их хор хөнөөлтэй нь азотын исэл, угаарын хий, альдегид, нүүрс-устөрөгч, хар тугалга, бром, хлорт нэгдлүүдбайдаг. Эдгээр хорт бодисуудын зарим нь хоруу чанараа 4-5 жил хүртэл удаан хугацаагаар хадгалж, байгаль орчныг бохирдуулсаар байдаг юм. Суудлын 1 автомашин жилд дунджаар 1 тонн шатахуун хэрэглэдэг гэж үзвэл уг машины хөдөлгүүрээс жилд 350 кг СО, 20 кг NO, 115 кг нүүрс-устөрөгч, 2,5 кг хатуу хаягдал химийн бодис ялгарч байгаль орчиндцацагддаг байна. Энэ өгөгдөхүүн дээр тулгуурлаж Улаанбаатарын агаарын бохирдолтод дээрхи бүх автомашинуудын оруулж байгаа “хувь нэмэр”-ийг тооцоолж үзэхэд ямархуу дүн гарах нь тодорхой.
  1. Өвөлд, УБ хотын агаарын бохирдлыг бий болгоход багагүй “хувь нэмэр” оруулж байгаа бас нэг зүйл бол түлшний зориулалтын бус зүйлийн шаталтаас үүсч буй утаа. Тухайлбал, машины хуучин дугуй, резин, хуванцар сав, гялгар уут, цаас, бөс даавуу, сав баглаа боодол болон шатамхай бусад зүйлс галд шатахдаа олон нэрийн хорт бодис (нүүрс-төрөгчийн исэл,давхар исэл, нүүрс-устөрөгч, хлорт устөрөгч, фосген, хлор, цианы хүчил, аммиак, азотын исэл, хар тугалга, мөнгөн ус, хүхэрт устөрөгч, хүхрийн давхар исэл, цианид, формальдегид, диоксин, дибензофуран, толуол, акролеин болон бусад) үүсгэдэг. Үнэнийг хэлэхэд, гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийн зарим нь өвлийн хүйтэнд түлээ түлшнийзориулалтын нүүрс, модноос гадна аргагүйн эрхэнд гялгар уут, ундаа усны хаягдал сав, бараа товарын сав баглаа боодол, хуучин резинэн дугуй, сонин цаас, бөс даавуу, гэрээс гарсан төрөл бүрийн хог хаягдал г.маль олдсон, галд шатаж болох бүхнийг гал руугаа хийж байгааг үгүйсгэхгүй бөгөөд тэр нь хотын агаарын бохирдолтод мөн л тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Жишээ нь, автомашины дугуй (резин) шатаахад 23 нэр төрлийн хорт бодис ялгарч агаарт цацагддагийн дотор угаарын хий, хүхрийн болон азотын исэл, диоксин, фуран зэрэг хортой нэгдлүүд болон хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металлууд, хүний эд эрхтэнд хорт хавдар үүсгэх (канцерогений) бодисууд байдаг. Тэдгээр бодисууд нь амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн, төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаг алдагдуулахаас эхлээдхүнийг үхэлд ч хүргэх аюултай.

    Монголчууд бид уул нь, хэзээнээсээ гал голомтоо дээдлэн шүтэж, ариун дагшин байлгахыг хичээдэг ард түмэн билээ. Гэтэл яагаад ийм өрөвдөлтэй байдалд хүрэх болов?! Үүний хариулт нь ч тодорхой: Энэ бол эгэл жирийн ард олны ихэнх нь ядуурч туйлдсаныг нотлон харуулж байгаа “шинж тэмдэг” гэж үзэхээс өөр арга байхгүй.

УБ-ын агаарын бохирдолтод гол үүрэг гүйцэтгэж байгаа, дээр дурьдсан химийн бодисуудаас хүн амьтан, байгаль орчинд хамгийн их хор хөнөөлтэй заримаас нь товчхон авч үзье.

Эдгээрээс юуны түрүүнд, аливаа зүйлийн дутуу шаталтаас бий болдог, өнгө үнэр амтгүй, маш хортой бодис болох нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) буюу угаарын хийг та бид сайн мэднэ. Гэр байрандаа, автомашин, гараж дотроо угаартаж нас барсан гэх мэдээллийг та бид хааяа сонсож дуулж байсан. Угаарын энэ хий амьсгалын замаар хүн амьтны биед орж, цусанд нэвчиж хүчилтөрөгчийн солицоог алдагдуулж, тэр нь толгой өвдөх, нүд бүрэлзэх,зүрх дэлсэх, бие нозоорч нойр хүрэх зэрэг шинж тэмдгээр илэрч, эцэстээ хүнийг өөрийн мэдэлгүй “үүрд унтах”-д хүргэдэг чимээгүй үхлийн аюултай хорт бодис. Агаарт байх угаарын хийн концентрацийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0,02 мг/л бөгөөд агаар дахь түүний концентрац нь 0,1% -иас хэтэрвэл үхэлд хүргэх аюултай байдаг.

Амны хаалт (маска) хийх нь агаар дахь утаа тоосны харьцангуй том ширхэгтэй тоос, тоосонцроос л түр хамгаалахаас биш угаарын хийгээс хамгаалж чадахгүй. Тэр ч бүү хэл, цэргийн зориулалтын баг (газ эсэргүүцэгч) ч угаараас хамгаалж чаддаггүйг энд бас онцлон тэмдэглэх хэрэгтэй санагдана. Угаарын хийгээс зөвхөн тусгай зориулалтын шүүгч (гопкалит буюу катализатор)-тэйбаг л хамгаалж чадна. Харамсалтай нь, манайд тийм баг, хамгаалах хэрэгсэл хаана ч байхгүй.

Хүхрийн исэл (SО2): Агаар дахь чийгтэй урвалд орж хүхрийн хүчил үүсгэж уушиг гэмтээх аюултай. Түүнчлэн организм дахь уургийн солилцоог алдагдуулж, цус төлжүүлэх эрхтэнг хямраана.

Азотын ислүүд: NO, NO2, N2O, N2O3, N2O5 (буюу товчоор – NOx): Автомашины дотоод шаталтын хөдөлгүүрээс ялгарч агаарт цацагддаг энэ хорт хий нь хүн амьтны нүдний болон хамрын салст бүрхүүлийг цочроож, амьсгалын замаар уушигт орох явцдаа чийгтэй урвалд орж азотын болон азотлиг хүчлийг үүсгэж, аажмаар уушигны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, астм өвчнийг үүсгэнэ. Түүнчлэн төв мэдрэлийн системд нөлөөлж, зүх судасны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэнэ.NOx нь угаарын хий (СО)-гээс даруй 10 дахин их хортой байдаг. Автомашинаас гарч буй утааны 0,8 хүртэлх хувийг энэ хорт хий, 12 хүртэлх хувийг угаарын хий эзэлдэг байна. 

Цацраг идэвхит бодис (уран-238, радий-226, торий-232, калий-4, ...) –ууд: Нүүрсээр ажилладаг ДЦС-ын ойролцоо амьдардаг болон гэрт нүүрс түлж амьдардаг хүмүүст нүүрсний шаталтаас ялгарч байгаа утаанаас гадна тэндээс агаарт дэгдэж цацагддаг цацраг идэвхит бодисуудын муу нөлөө их байдаг. Амьсгалын болон хоол боловсруулах эрхтний замаар дамжин бие организмд орсон цацраг идэвхит бодисууд биеийн эд эсийг ионжуулж, улмаар туяаны өвчин үүсгэх аюултай. 

Фосген (COCl2): Ус ундаа зэрэг хүнсний зүйл савладаг хуванцар савыг шатаахад амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэнд муу нөлөөтэй диоксин, стирол, формальдегид, фенол зэрэг хортой бодисуудын зэрэгцээ химийн зэвсэгт ашиглагддаг, “амьсгал боогдуулах үйлчилгээтэй, байлдааны зориулалтын хорт бодис” болох фосген гэдэг бодис үүснэ. Энэ хорт бодист өртсөн үеднүдний салст бүрхүүл цочирч, нулимс урсаж,ханиалгаж, толгой эргэж, цээж давчдан улмаар бие сульдаж, бөөлжүүлэх шинж тэмдэг илэрнэ. Хэсэг хугацааны дараа биеийн байдал доройтож, амьсгал давхцаж, хөөсөөр ханиалгаж, уруул зовхи хамар хөхөрч, зүрхний цохилт түргэсч, бие сульдаж, амьсгал боогдож, халууран, хэд хоногийн дараа ихэнхдээ үхэлд хүрэх аюултай байдаг.

Нүүрс-устөрөгчид (CnHm): Автомашины хөдөлгүүрийн доторхи дутуу шаталтаас үүсдэг нүүрс-устөрөгчдөөс хамгийн хортой нь бензапирен гэдэг бодис юм. Энэ бодис нь амьсгалын замаар бие организм орж уушигны хорт хавдар үүсгэх аюултай. 

Цианы хүчил (HCN): Арьс, үс ноосон эдлэл, нейлон, поролон, полиэстер болон синтетик материалууд шатахдаа цианы хүчил, хүхэрт устөрөгч г.м гэдэг маш хортой бодис ялгаруулдаг.Үүнээс цианы хүчил (HCN) нь цэргийн химийн нэр томъёогоор бол “Ерөнхий үйлчилгээтэй, байлдааны хорт бодис”-ын ангилалд багтдаг, огцом үйлчилгээтэй маш хортой бодис байдаг.

Альдегид (RCHO): Нүд, уушигны салст бүрхэвчийг цочроож, ТМС, бөөр, элгийг сэвтээнэ.

Хар тугалга (Рb): Амьсгалын болон хоол боловсруулах замаар биед орсон хар тугалга хуримтлагдсаар цусны бүтцэд өөрчлөлт оруулж, бодисын солилцоо болон ТМС-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хоол боловсруулах эрхтэнг хямраана. 

Хөө тортог (С): Амьсгалын замын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй бодис.

Энэ мэтээр цааш үргэлжлэх хичнээн олон нэрийн хортой бодисууд УБ-ын агаарт байгааг чухамхүү энэ асуудлыг хариуцсан чиг үүрэг бүхий мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнүүд судалж, учир шалтгааныг нь олж, аюулгүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлж байх учиртай.

Ийм их агаарын бохирдол нь юуны түрүүнд амьсгалын замын бүх төрлийн өвчин үүсэх үндэс, суурь хөрс нь болдог. УБ-ын агаарын хэт бохирдолтын улмаас эхчүүд үр зулбаж, эсвэл амьгүй ураг төрж байгаа тухайдэндүү харамсалтай мэдээ хэвлэл мэдээллээр цөөнгүй дуулдах болжээ. Жирэмсэн эх хүн өөрөө ийм “цэвэр” агаараар амьсгалж байхад шаардлагатай хүчил төрөгч, шим тэжээлийг эхээсээ авч байж хүн болж төрөх учиртай, хэвлийд нь байгаа ураг яаж эрүүл бойжих билээ?!

Юутай ч, одоогийн байдлаар, агаарын бохирдлоороо дэлхийд “тод манлай” болж “торгон жолоо” өргүүлж байгаа Улаанбаатар нийслэлийн бохир муухай агаарын ерөнхий тойм бүтцийг зэрвэсхэн харахад ийм байна.

Дашрамд, урьд нь манай улсад болсон харамсалтай нэгэн зүйлийг эргэн сануулахад, одоогоос арав гаруй жилийн өмнө Дархан Уул аймгийн Хонгор суманд гарсан циант натри (NaCN)-ийн хордолт нь чухамдаа цэргийн химийн нэр томъёогоор бол “Ерөнхий үйлчилгээтэй, байлдааны хорт бодис”-ын ангилалд багтдагцианы хүчил (HCN)-ийн устөрөгч нь натри (Na)-иар халагдсаннэгдэл буюу циант натри (NaCN) гэдэг маш хортой бодис болох нь тодорхой байхад манай “ихэс дээдэс”-үүдийн хөндлөнгийн нөлөөнөөс тэр нь улс төржилт болон хувирч, бүр сүүлдээ Хонгор суманд “Хамуу” өвчингарсан гэх маягаар “оношилж” ард олноороо доог тохуу хийгээд өнгөрөөсөн гашуун бөгөөд ичгэвтэр муухай сургамжманайд бий. 

Үүнтэй холбогдуулан, эцэст нь ний нуугүй шулуухан хэлэхэд, уг нь шинжлэх ухаан, ялангуяа математик, физик, хими г.м нарийн шинжлэх ухааны хууль, теорем бүхэн нь мадаггүй бөгөөд баталгаатай ганц ганцхан зөв хариутай байдаг боловч түүнээс тэс өөр “хариу”-г хүчээр гарган тавьж чадах гаргууд увидастай ”эрдэмтэд” бол манай монголын улс төрчдөөс өөр байхгүй ч байж мэднэ.

Иймээс, улсын нийт хүн амын бараг тэн хагас нь оршин амьдарч байгаа нийслэл хотынхоо хорт утаа, агаарын энэбохирдлыг л тэгж улс төржүүлэхгүйгээр, зөв “оношилж”, баттай илааршуулах арга хэмжээ авах нь чухал байна. Яагаад гэвэл, энэ байдал удаан үргэлжилж, цаашдаа хэт даамжирваас, дэгсдүүхэн хэлбэл, нэг “сайхан” өглөө Улаанбаатар маань тэр чигээрээ үүрд “нойрсчихсон” байх бий вий гэж бодохуйд айдас төрнө....

Д. Баярхүү / BAABAR.MN/